Ирэх сарын 10-20-ны өдрүүдэд “Ховд аймгийн өдрүүд” Улаанбаатар хотноо зохион байгуулана. Үүнтэй холбогдуулан Ховдод үйлдвэрлэв 2015 үзэсгэлэн худалдааны нээлт “Эвийн хүч” худалдааны төвд боллоо. Үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ч.Уранчимэг, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Бат-Очир нар болон бусад холбогдох салбарын удирдлагууд оролцож жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар төрөөс баримтлах бодлого, ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөрийн талаар танилцуулж үзэсгэлэн худалдаанд оролцогчдод амжилт хүслээ.
Дотооддоо үйлдвэрлэсэн сүү цагаан идээ, нутгийн бор хөрсөнд ургасан тарвас жимс жимсгэнэ хүнсний ногоо, эсгий эдлэл, мод модон бүтээгдэхүүн, ноос ноолууран цамц, малгай ороолт, арьсан болон элгэн гутал, ажлын хувцас, хавар намрын гадуур хувцас зэрэг төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан нь Ховдчууд үйлдвэрлэл хийж бүтээж, сэтгэж чаддаг гэсний том баталгаа болж байна.
Тухайлбал: Дарви сумын “Сутай цай”, Булган сумын “Цэвэр зөгийн бал”, Үенч, Зэрэг суманд үйлдвэрлэсэн монгол үндэсний хувцас, европ хувцас зэрэг зөвхөн аймгийн төв биш хөдөө сумдад үйлдвэрлэл өргөжиж байгааг харуулсан томоохон хэмжээний үзэсгэлэн дэлгэгдсэнээрээ үр дүнтэй болж байгааг үйлдвэрлэгчид хэллээ. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 26-27-ны өдрүүдэд явагдах бөгөөд, өнөөдрийн байдлаар 110 гаруй аж ахуйн нэгж хоршоод нутгийн брэнд болсон бүтээгдэхүүнээ дэлгэлээ.
Энэхүү үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ, ХХААГ, Хөдөлмөрийн хэлтэс хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд оролцогчдын гол онцлог нь бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодол хаяг шошгонд ихээхэн анхаарсан нь анзаарагдаж байлаа. Хэдийгээр улс орон даяар эдийн засгийн хямрал болж байгаа ч гэсэн үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ худалдан авахыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.