Казахстаны нийслэл Астана хотноо жүдо бөхийн ДАШТ өнөөдөр 4 дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Өчигдөр манай тамирчид Астанагийн тэнгэрт Монгол Улсынхаа төрийн далбааг хоёронтоо мандуулж, хос хүрэл медаль хүртлээ. Тодруулбал эмэгтэйчүүдийн -57 кг-ийн жинд барилдсан Д.Сумъяа энэ дэлхийн аваргын анхны “булган сүүлтэй” хүрэл медалийг хүртэж, Монголчуудынхаа магнайг тэнийлгэлээ.
Тэрбээр Канадын жүдоч Катерин Бушемин-Пинардтай учраа таарч нэмэлт цагт илт илүүрхэн дэлхийн аваргаас анхны медалиа хүртлээ.
Д.Сумьяагийн багш дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од 2005 онд дэлхийн аваргаас анхны хүрэл медаль хүртэж байсан бол ийнхүү 10 жилийн дараа шавь нь багшийнхаа амжилтыг давтаж чадлаа. Ингэснээр дэлхийн аваргаас медаль хүртсэн 4 дэх эмэгтэй жүдоч болж буй юм.
Тэгвэл энэхүү хүрэл медаль араасаа дахин нэг хүрэлийг дагуулсан юм.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хүч үзсэн гавьяат тамирчин С.Ням-Очир Монголын багийн 2 дахь медалийн авчирлаа.
Өнгөрсөн жил ОХУ-ын Челябинск хотод болсон дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан БНАСАУ-ын бөх Хон Кук Кёнгтой хүч үзэж хүрэл медаль хүртэн олимп, дэлхийн аваргын медальтан боллоо.
Ийнхүү Монголын баг тамирчид 2 хүрэл медаль, тавдугаар байр-2, долоодугаар байр-1 эзэлсэн амжилтаар нийт улсаас 7 дугаар байрт жагсаж байна.
Эхний 3 өдрийн байдлаар нийт 11 тамирчид татамид өрсөлдсөнөөс бүгд эхний учраагаа ялсан байна. Мөн нийт 46 барилдаан хийж 28 ялалт авчээ. Мөн хагас шигшээд 1 тамирчин үлдэж торгуулийн тойрогт 5 тамирчин үлдсэнээс 2 хүрэл медаль, шагналт 5-р байр 3, нэг тамирчин 7-р байрт шалгарчээ. ДАШТ эхэлснээс хойш 3 өдөр дарааллаж медалийн төлөө барилдлаа.
Г.Эрдэм