-Үйлчилгээний байгууллагуудад бутархай мөнгөний хомсдолтой байх боллоо. Иргэд ч их бухимдаж байна. Яагаад ийм асуудал үүсээд байгаа талаар тодруулаач?
-Сүүлийн үед бутархай мөнгө байхгүй гээд худалдааны байгууллагууд болон түүгээр үйлчлүүлж байгаа иргэд нэлээн бухимдалтай байх шиг байна. Бутархай мөнгө яагаад ойрын үед алга болж, тасалдаад байна гэхээр нийтийн тээвэртэй шууд холбоотой юм.
Өөрөөр хэлбэл, нийтийн тээвэр картын системд шилжиж, бэлэн мөнгөнийхөө бүх үйлчилгээг нэг банкинд төвлөрүүлснээс үүдэн гарч буй асуудал. Гүйлгээнд байгаа бараг бүх бутархай мөнгө зөвхөн тэр банкинд төвлөрчихдөг юм байна. Нийтийн тээврээр зорчигчдын мөнгийг тухайн банк тоолж амжаагүйгээс тэнд хуримтлал үүсээд байгаа учир иргэдийн дунд бага зэргийн бухимдал үүссэн.
-Тэгвэл бусад банкнуудад бутархай мөнгөний нөөц хэвийн хэмжээнд байгаа гэсэн үг үү?
-Бутархай мөнгө буюу 10,20, 50, 100, 500, 1000 төгрөгийн дэвсгэрт Монголбанкинд хангалттай байгаа. Бид банкуудад үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Тиймээс өмнө нь үйлчилдэг шигээ ирсэн захиалгын дагуу бутархай мөнгөөр бүрэн хангаж байна. Түүнээс биш банкууд бутархай мөнгөний хариулт өгөхгүй, банкуудад тараах нөөц манайд байхгүй болсон гэсэн асуудал гараагүй гэдгийг иргэдэд зөвөөр ойлгуулах ёстой.
-Нэг банкинд бутархай мөнгө төвлөрөөд байгаа асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Бид холбогдох байгууллагуудад нь албан тоот хүргүүлсэн. Тодруулбал, бутархай мөнгөний хэт их төвлөрөл үүсч байна. Тиймээс үүнтэй холбоотой ажилладаг ажиллагсдын орон тоог нэмж, бутархай мөнгийг хурдан эргэлтэд оруулах эсвэл олон салбартай бусад банкуудад зарим орлогыг тарааж өгөх гэсэн хоёр саналыг хүргүүлчихсэн байгаа. Өөрөөр хэлбэл, өмнөх шигээ олон банкаар нэгэн зэрэг нийтийн тээврийн гүйлгээг хийвэл ингэж бутархай мөнгөний төвлөрөл үүсэхгүй.
-Яагаад ганцхан банкийг сонгоод ийм асуудал үүсгээд байгаа юм бол?
-Тэр асуудлыг бид сайн мэдэхгүй байна. Холбогдох байгууллагуудын л шийдсэн асуудал.
Ж.Отгон
Эх сурвалж: www.mminfo.mn