Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Монгол Улс Чөлөөлөх дайнд – 1945” түүхэн гэрэл зургийн цомог номны нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Та бүхэнд хичээлийн шинэ жилийн өдрийн мэнд хүргэе. Нэгэн түүхэн үйл явдалтай холбоотой та бүхнийг өнөөдөр энд урьсан юм. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хохирол учруулсан эмгэнэлт үйл явдлын нэг бол дэлхийн 2-р дайн билээ. Энэ дайн дууссан өдрийг маргааш дэлхий даяар албан ёсоор тэмдэглэх гэж байгаа.
Өнөөдөр та бүхнийг урьсан гол зорилго бол дэлхийн 2-р дайныг дуусгахад тухайн үеийн БНМАУ ямар түүхэн чухал үүрэг гүйцэтгэснийг харуулсан зургийн цомгийг танилцуулахад оршиж байгаа юм. Хэрэв та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн тавдугаар сарын 7-нд эх орны дайнд монголчууд “бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” уриан дор хэрхэн ажиллаж, ямар хувь нэмэр оруулсан тухай зургийн цомог нийтэлж байсан бол өнөөдөр “Монгол Улс Чөлөөлөх дайнд – 1945” цомгийг та бүхэнд хүргэж байна.
Монголчууд ЗХУ болон холбоотон гүрнүүдтэй байгуулсан гэрээний дагуу Манжуур болон Өвөр Монголын ахан дүүсээ чөлөөлөх дайнд оролцон хилийн дээс алхсан юм. Дөнгөж 800 мянга орчим хүн амтай байсан Монгол дэлхийн энэ том дайнд оролцсон. Бид энхтайвны хүчний талд баттай зогсож, эд материалын дэмжлэг үзүүлэхээс гадна манай зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн Чөлөөлөх дайнд оролцсон түүхтэй.
Энэ түүхт 70 жилийн ойг тохиолдуулаад Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгээс дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойд зориулан гаргаж байгаа цуврал бүтээлүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар дэмжин ажилласан бөгөөд өнөөдөр бид “Монгол Улс Чөлөөлөх дайнд-1945” түүх-гэрэл зургийн цомгийг та бүхэнд танилцуулж байна.
Энэхүү цомогт урьд өмнө олонд ил болоогүй байсан баримт сэлт, зургийг оруулснаараа онцлог юм. Монгол Улсын Ерөнхийлөгч эх түүхээ үнэн бодит, бүрэн бүтэн болгох тал дээр тууштай ажилласаар ирсэн. “Монголын эх түүх” хэмээх долоон боть номыг Ерөнхийлөгч дэмжиж хэвлүүлснийг та бүхэн санаж байгаа байх. Өнөөдөр та бүхэнд толилуулж буй “Монгол Улс Чөлөөлөх дайнд-1945” цомог нь уншигчдын сонирхлыг татахын зэрэгцээ судалгааны ач холбогдолтой бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Дараа нь ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн нарийн бичгийн дарга, доктор Н.Хишигт хэлсэн үгэндээ “Юуны түрүүнд Монгол Улс Чөлөөлөх дайнд-1945 хэмээх түүх, архивын баримт, гэрэл зургийн цомгийг хэвлэхэд бүх талаар дэмжсэн Монгол Улсын Ерөнхийлөгч болоод Ерөнхийлөгчийн Тамгын газарт гүн талархал илэрхийлье. Энэ жил Монголд түүхэн чухал ойн арга хэмжээ олонтаа тохиолоо. Үүний дотроос Чөлөөлөх дайн нь монголчуудын хувьд онцгой ач холбогдолтой үйл явдал байсан. Энэхүү үйл явдлыг баримтжуулан, хойч үедээ үлдээх хүндтэй үүрэг бидэнд ногдсоны дагуу манай эрдэмтэн, судлаачид зургийн цомгийг бэлэн болгоод байна.
Нийт зургаан бүлэг бүхий энэхүү бүтээлд монгол бичиг, кирилл болон англи үсгийг ашигласан. Уг бүтээлд тухайн үеийн Монголын гадаад харилцааны онцлох баримт бичгүүд, түүхэн үйл явдалтай холбоотой гэрэл зураг, хэвлэлийн мэдээлэл, нийтлэлийг хавсарган оруулсан юм” гэв.