Эрхээ хасуулсан жолооч нар өршөөлийн хуулиар эрхээ сэргээлгэнэ

7aovebh89qs0vrh82sl1cj8qo6Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын хуралдаан өчигдөр Төрийн ордонд болсон. Хуралдаанаар Комиссын ажлын явцын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Өршөөлийн хуулийг хэрэгжүүлж ажиллах явцад тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцон, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Комиссын гишүүдэд чиглэл өгсөн юм. Ингээд зарим зүйлийг комиссын гишүүн ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүүгээс тодрууллаа.

-Өршөөлийн хуулийн комисс хуралджээ. Хурлаар ямар шийдвэр гаргав?

-Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаад, Ерөнхийлөгч хориг тавиад зөндөө уджээ. Энэ хугацаанд Өршөөлийн хуулийн комисс зүгээр суусангүй. Өршөөлийн хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар байгууллагууд бэлтгэл ажлаа хангаад явж байна. УИХ-аас батлагдсан Өршөөлийн хуулийн комисс өчигдөр хуралдсан. Хурлаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригоос бусад заалт нь хэрэгжээд явж байх ёстой гэсэн утгаар хуулийн байгууллагуудад чиглэл өглөө.

-Тухайлбал?

-Жишээ нь, цагдаагийн байгууллагад захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 82 мянга орчим хүн байна. Эдгээр иргэнд Өршөөлийн хууль үйлчлэх ёстой. Үйлчлэлийг нь эхлүүлээд яв гээд чиглэл өгсөн. Өршөөлийн хууль батлагдаад үйлчилж эхэлвэл ял эдэлж буй 730 орчим хүн суллагдах тооцоо байна. 970 орчим хүнээс 2 жилийн хорих ял хасагдаад суллагдана. Нийт 1700 орчим хүн хорих байгууллагаас суллагдан гарах юм. Мөн 770 орчим хүнээс 2 жилийн хорих ял нь хасагдаж, үлдсэн ялаа эдлэх судалгаа байна. 4200 орчим хүнд өршөөлийн хууль үйлчлэхгүй.

-Ямар хүмүүс Өршөөлийн хуульд хамрагдахгүй вэ?

-Хуулиар хориглосон заалтууд байгаа. Тус заалтуудын дагуу өршөөлийн хууль үйлчлэхгүй. 161 орчим хүн өршөөлд хамрагдахаар орсон байсан боловч Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авбал энэ хуульд эдгээр 161 хүнд хаагдана. Мөн Ерөнхийлөгчөөс 91.1, 91.2, 147.2, 281.3 гэсэн зүйл ангиуддаа тодорхой хэмжээний ял хасаач гэж хориг дээрээ тавьсан байгаа. Энүүгээр бодвол 1700 орчим хүнээс 2 жилийн хорих ял хасагдана гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Хоригийг хэлэлцсэний дараа ял эдэлж буй иргэдийг суллахад гаргах тооцоо зардлын асуудлыг хэлэлцээд Засгийн газарт өргөн барьсан байгаа. Эдгээр иргэн өршөөлийн хуульд хамрагдвал орон нутагт нь хэрхэн хүргэх гэх мэт асуудлыг комиссын хурлаар ярьсан. Улмаар зардлыг нь Хууль зүйн сайдад танилцуулж, Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон.

-Урьдчилсан байдлаар зардал мөнгө нь хэд гэсэн тооцоо гарав?

-Хэдэн хүн суллагдах нь одоогоор тодорхойгүй байна. Өршөөлийн хуулийн хориг тавигдаагүй байна. Ерөнхий тоо л яригдаж байна. Засгийн газарт шийдэж байж, тоо нь тодорхой болно.

-Тэнсэн харгалзах ялтай иргэдийн хувьд?

-Ерөнхийлөгчийн хориг 4.1, 9.7-д тавигдсан. Тэгэхээр энэ хоригт ороогүй зүйлүүд хэлэлцэгдээд хэрэгжээд явах ёстой. Хуулийн 10.5-д энэ хуулийн хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн шийдвэр гарах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан хэрэгтний хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэлд өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийнэ. Тэгэхээр ялгүй болох хугацаа, тэнсэн харгалзагдах үлдсэн хугацаа, хорих ангиас тэнсэн харгалзаж суллагдсан иргэний эдлээгүй үлдсэн хугацаа, бага насны хүүхэдтэй, жирэмсэн, ял хойшлуулсан иргэний ял эдлээгүй хугацаа хоригт хамааралгүй. Хүчин төгөлдөр болчихсон учраас хэрэгжүүлээд явах ёстой.

-Тэнсэн харгалзах ялтай иргэд одоо яах ёстой вэ?

-Харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэст очоод хувийн хэрэг дээрээ тэмдэглүүлээд өршөөлийн хуульдаа хамрагдаад явж болно гэсэн үг. Хууль өнөөдрөөс хэрэгжиж байна.

-Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Өнөөдрөөс хэрэгжээд явна.

-Өршөөлийн хуулиар суллагдах иргэдийн нэрс гарсан гэх мэдээлэл байсан?

-Нэр нь гарсан гэх мэдээлэл худлаа.

Б.Чимэг

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …