Дэнж хотойтол наадах Монгол наадмын нээлт жил бүр сайхан болдог. Гэхдээ би нээлтийн ажиллагааг сайн ойлгодоггүй юм. Учир нь Цэнгэлдэхийн тасалбар олж чадсан 10 гаруйхан мянган азтай хүмүүсээс бусад бид чинь наадмаа цэнхэр дэлгэцээрээ л үздэг шүү дээ. Гэтэл манай телевизүүд яаж дамжуулдаг вэ. Жишээ нь: МҮОНТВ гэхэд н.Цоодол, н.Чимгээ гэж хоёр хөтлөгч ээлжлээд л шүлэг уншаад байна, уншаад байна. Цэнгэлдэхэд юу болоод байгаа талаар нэг ч үг хэлэхгүй. Дууриагаад бусад ТВ-нүүд нь яг тийм болсон. Чаддаг чаддаггүй эрэгтэй эмэгтэй хоёр дээлтэй нөхөр сүртэй сүртэй шүлэг л уншина. Дүрс гарна тэгээд л болоо.
Харин миний бодлоор наадмын нээлтийг Телевизүүр арай гоё байдлаар үзэгчдэд хүргэмээр байгаа юм. Наадам чинь нэг ёсондоо спорт. Тухайн ТВ-н спортын албаны сайн сэтгүүлчид нь нээлтийг иймэрхүү байдлаар тайлбарламаар байгаа юм. Жишээ нь: 9 хөлт цагаан туг орж ирэхэд энэ туг ийм учиртай ийм түүхтэй, ийм дэг жаягтай туг юм гэх мэт мэдээллийг үзэгчдэд хүргэх хэрэгтэй. За дуу бүжиг баахан зүйл явдаг. Энэ болгон чинь цаанаа түүхтэй, мөн сэдэвчилсэн тоглолт агуулгатай байдаг. Үүнийг үзэгчдэд тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэгээд янз бүрийн статистик мэдээ баримт дурьдаад амьд тайлбарлавал их л хэрэгтэйдээ. Өөрөөр хэлбэл цэнгэлдэхэд яг юу болж байна яг тэрийг нь үзэгчдэд ойлгомжтой хүргэчихэд л тэгээд л болоо ш дээ. Гэтэл цэнгэлдэхэд жүжигчилсэн эртний баатруудын тоглолт болоод зурагтын хөтлөгч нар нь тэр үзүүлбэртэй нь ямар ч холбоогүй шүлэг уншаад байх нь утгагүй биздээ.
Олимпийн нээлтийг зурагтаар үзэхээр их л гоё байдаг даа. Их Британийн хатан хааны тэддүгээр рот цэргийн жагсаал болж байна, энэ жагсаалт нийт тэдэн цэрэг оролцож байна. үүний дараа ийм бүжиг явна, энэ бүжиг нь тийм түүхтэй, тэдэн сайн дурынхан оролцсон ийм зохиомжтой гээд л гоё гоё зүйлүүд яригддаг ш дээ. Яг л ийм байдлаар тайлбарлаж олон нийтэд хүргэж болдоггүй юм байхдаа.
Олон зуун саяын хөрөнгө зарлагдсан, олон хүний хүч хөдөлмөр шингэсэн наадмын нээлт сайхан бололгүй л яахав. Цэнгэлдэхэд байгаа хүмүүс бол аяндаа уур амьсгалд нь автаад гоё л байдаг байх. Харин зурагтаа үзэж байгаа нийт хүмүүсийн 90 гаруй хувьдаа наадмын нээлтээ сайхан хүргэх тал дээр илүү анхаарвал сайнсайн.
Иргэн Сайнаагийн Жавхлан