Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн Улаан-Үдэд хийж буй айлчлалын багийн бүрэлдэхүүнд Монголын бизнесийн төлөөлөгчид багтсан билээ.Хотын даргын айлчлалын хүрээнд Улаан-Үд хотод зохион байгуулагдсан нэг томоохон арга хэмжээ нь хоёр хотын бизнесийн төлөөлөгчдийн дугуй ширээний уулзалт байлаа. Уг арга хэмжээнд ОХУ-ын Буриад улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамны орлогч сайд Дагданова Юлия Григорьевна, Улаан-Үд хотын захиргааны Хүнс, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн газрын дарга Терешенко Светлана Анатольевна, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа нар байлцав. Энэхүү уулзалтад Монголын хүнс, худалдааны томоохон үйлдвэрлэл эрхлэгчид, ОХУ-ын Буриад улсын мах, сүү, гурил, үр тариа үйлдвэрлэгчид болон худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцлоо.
Хоёр талын бизнес эрхлэгчид зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн түүний дотор улаанбуудай, гурил, мах махан бүтээгдэхүүнийг харилцан экспортолж, импортлох талаар тохиролцлоо. Мөн Буриадын талхны үйлдвэртэй танилцаж, талх талхан бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгах технологийн горимтой танилцав.Түүнчлэн Буриад улсын хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг Монгол Улс руу экспортлох талаар санал солилцлоо. Энэ үеэр ОХУ-ын Буриад улсын хүнсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдааг Улаан-Үд хотод гаргасан байв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.