Засгийн газрын хуралдаан боллоо

c3de50dcdb691d612d12a054a8a3cd09Засгийн газрын ээлжит хуралдаан 9 дүгээр сарын 7-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн хуралдаан дээр гаргасан саналын тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь нийтлэг үндэслэл, тариалангийн газар, тариалангийн үйлдвэрлэл, тариалангийн газрын хөрсийг хамгаалах, бусад зүйл гэсэн 5 бүлэг, 28 зүйлтэй. Хуулиар тариалан эрхлэх, тариалангийн бүс нутгийг тогтоох, тариалангийн газрыг эзэмшүүлэх, зохистой ашиглах, хамгаалах, тариалангийн болон эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Хуулийн төсөл батлагдсанаар газар тариалангийн үйлдвэрлэлийн хэвийн, тогтвортой үйл ажиллагааг хангах, хөдөөд ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх, үйлдвэрийн түүхий эдийг дотооддоо бэлтгэх, хөрсийг хамгаалах, үржил шимийг сайжруулснаар агроэкологийн тэнцвэртэй тогтвортой байдлыг хангах, дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангахад төрөөс дэмжлэг үзүүлэхээс гадна тариалан эрхлэгчдийн эрх, үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.

Киноны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа

Киноны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт даалгалаа.

Өнөөдөр манай улсад жилд дунджаар 30-40 орчим уран сайхны кино бүтээгдэж, үзэгчдийн хүртээл болж байгаа нь сайн талтай боловч уран бүтээлчид, кино үзвэрийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зохицуулах, удирдан зохион байгуулахад баримтлах хууль эрх зүйн зохицуулалтгүй байна. Мөн Киноны талаар төрөөс батлан гаргасан бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, зорилгыг хэрэгжүүлэх, бодлого, стратегийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бий болгох шаардлага тулгарч байгаа учраас киноны үйл ажиллагаа эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, кино үйлдвэрлэлийн санхүүжилт, кино үзвэрийн үйлчилгээ болон үйлчлүүлэгчдийн эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулжээ.

Киноны тухай хуулийн төсөл 5 бүлэг 16 зүйлтэй бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар төрөөс кино урлагийн талаар баримтлах бодлого чиглэл тодорхой болж, кино урлагийн салбарт эрэлттэй байгаа нарийн мэргэжлийн боловсон хүчнийг сургах, мэргэшүүлэх боломж бүрдэж, шинэ дэвшилтэт технологи бүхий дэд бүтэцтэй болох, улмаар үндэсний кино дэлхийд өрсөлдөх боломж бий болно гэж үзэж байна.

Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа

Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн үзэл баримлалын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган үзэл баримтлалыг баталлаа. Хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн сайд Р.Жигжидэд даалгалаа.

УИХ-ын 2014 оны 18 дугаар тогтоолоор “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг баталсан бөгөөд баримт бичигт Монгол Улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулна гэж тусгасан. Уг баримт бичигт заасны дагуу Засгийн газраас Эрдэс баялгийн бирж байгуулах тухай тогтоол баталж, үүнтэй холбоотойгоор хууль эрх зүйн орчныг бий болгох зорилгоор Уул уурхайн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Эрдэс баялгийн биржийн тухай хуулиар бирж байгуулах асуудал болон биржийн чиг үүрэг үйл ажиллагааны онцлог харилцааг зохицуулах, эрдэс баялгийн бүтээгдэхүүнд суурилсан гэрээг биржийн арилжаанд оруулахаар бүртгэх, түүний стандартыг тогтоох, арилжааны төрөл, төлбөр тооцоог гүйцэтгэх, түүний баталгааг хангах, биржийн арилжаанд оролцох эрх олгох, арилжааны ил  тод шударга байдлыг хангах, нийтэд хүргэх мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд мэдээлэл хүргэхтэй холбогдсон нарийвчилсан харилцааг зохицуулна.

Монгол Улс дэлхийд эрдэс баялгийн нөөцөөрөө 7-рт ордог бөгөөд одоогийн байдлаар 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1470 орд, 8240 гаруй илэрц бүртгэгдээд байна. 2007 оноос эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ өсч эхэлснээр дэлхийн томоохон уул уурхайн компаниуд Монгол Улсад олборлолт, хайгуул хийхийг сонирхож, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үүний дүнд сүүлийн жилүүдэд уул уурхай, олборлолтын аргаар өндөр хурдацтай хөгжиж нийт экспортын голлох бараа бүтээгдэхүүний 90 гаруй хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн эзэлж байна. Гэвч эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг борлуулах зохион байгуулалттай зах зээл бий болоогүй, зах зээлийн шударга өрсөлдөөний зарчим үйлчлэхгүй байгаа учраас бүтээгдэхүүний ханш дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур тогтож байна. Эрдэс баялгийн биржийн тухай хууль батлагдсанаар хууль эрх зүйн орчин бүрдэхээс гадна нийлүүлэгч, худалдан авагчдыг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон ханшийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах, улмаар Монгол Улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэх ач холбогдолтой.

Захианд гарын үсэг зурах зөвшөөрөл олголоо

“Оюу толгой” ХХК-ийн Өмнөговь аймагт хэрэгжүүлсэн алт, зэсний уурхайн бүтээн байгуулалт, үйл ажиллагааны төсөлд Дэлхийн банкны Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагаар Стандарт чартеред банкаар ахлуулсан зээлдэгчдийн бүлэг санхүүгийн бус баталгаа гаргуулахад татгалзах зүйлгүй тул баталгаажуулах захианд гарын үсэг зурахыг зөвшөөрлөө. Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагад хүргүүлэх “Баталгаа гаргуулахад татгалзах зүйлгүй” тухай захианд гарын үсэг зурах зөвшөөрлийг Сангийн дэд сайд С.Пүрэвт олголоо.

Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй байгууллага нь хөрөнгө оруулалтаа эрсдэлээс хамгаалах зорилгоор даатгалын баталгаа гаргуулж Олон талын хөрнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагатай гэрээ байгуулах юм. Албан захиа нь санхүүгийн бус баталгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зүгээс ямарваа эрх зүйн болон санхүүгийн хариуцлага хүлээхгүй.

ТОВЧ МЭДЭЭ:

–  Гаалийн Ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас Б.Цэнгэлийг чөлөөлж, О.Ганбатыг эргүүлэн томиллоо.

– “Эрчим хүчний хөгжил, стратегийн болон нормативын баримт бичиг боловсруулах, эрчим хүчний нөөцийн үндэсний балансыг тооцоолохтой холбогдсон зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа.

– Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийг ойг тэмдэглэх хүрээнд Үндсэн хуулийн түүхэн эмхтгэл, иргэдэд зориулсан Үндсэн хууль, хүүхдэд зориулсан комикс ном хэвлүүлэхэд шаардагдах хөрөнгийг Загсийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …