Монгол улсын Ерөнхийлөгчид илгээх нээлттэй захидал

portrait-President-Elbegdorj-Tsakhia_new2013 оны 6 сарын 26-нд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 63 гаруй хувь сонгуульд оролцож, тэдний 50,23 хувийн саналаар Та Ерөнхийлөгч боллоо. Улмаар “Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангаргалая” гэж Та Улсын их хуралд тангарагаа өргөлөө.

Одоо Танд амласан амлалт, өргөсөн тангарагаа чандлан хэрэгжүүлэх 4 жил буюу 1400 гаруй өдөр байна. Тиймээс Та амлалт болон тангарагынхаа үг бүрийн шинжлэн судалж, нягтлан дүгнээд энэхүү Ил захидлаар илэрхийлж байгаа иргэн миний саналыг анхааралдаа авч үр дүнтэй ажиллахыг хүсч байна.

Бидний өнөөгийн амьдрал Монгол улсын Үндсэн хууль буюу Монголын ард түмэн сонгож байгуулсан төртэйгөө хийсэн “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж тунхаглан зарласан эрхзүйн дээд хүчин чадал бүхий НИЙГМИЙН гэрээнд тулгуурласан үйл ажиллагаагаар баталгаажсан байх учиртай. Гэтэл сүүлийн 23 жил байгуулж байгаа АРДЧИЛСАН өөрчлөлт, шинэчлэлийн үйл явцыг хүний эрх, тэгш эрх, шударга ёсны тулгуур зарчим, үнэт зүйлийн өнцгөөс дүгнэж үзээд цаашид онцгойлон анхаарч засаж залруулах олон асуудал байгаагаас Төрийн тэргүүний анхааралыг дараах зарим асуудалд хандуулж байна. Үүнд:

1. Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэж заасан байдаг ч өнөөдөрийн зах зээлийн харилцаа нь олигархи бүлэглэлээс бүрэн хамааралтай, хагас-либерал большевист шинж төрхтэй улс төр, эдийн засгийн чиг хандлагатай, (зах зээлийн харилцаанд төрийн оролцоо, шахалт, дарамт давамгайлсан) үүнээс үүдэн аливаа бизнэс, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн хүн төр барьж байгаа намыг ямар нэг байдлаар дэмжихгүй, “хандив” гэдэг нэртэй хахууль өгдөггүй бол сэхэхгүй болтлоо дарамтлуулдаг байдал газар авч байна. Тэдгээрийн нэг тод жишээ бол “төрийн томчууд” тэдний ивээлд байдаг төр, бизнэсийн бүлэглэлүүдийн чармайлтаар дампууруулсан “АНОД банкны” гэх хэрэг явдал тодорхой жишээ болон үлдлээ.
2. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэсэн байдаг. Гэтэл “Газрыг албадан чөлөөлөх тухай” хуулийн төслийн Зорилго болон олон заалтууд Үндсэн хуулиар баталгаажсан иргэн хүний жам ёсны болон улс төр, эдийн засаг, нийгэм соёлын олон эрхийг зөрчихөөр харагдаж байна.
3. Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4-т “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах…” гэж заасан байтал “Ардчиллын баталгаа” гэж нэрлэсэн олон шатны ээлжит сонгуулийн дараа төрийн эрхэнд гарсан намын гишүүн бус хөдөлмөрчин хүнийг хууль бусаар ажлаас халдаг, Хөдөлмөрийн тухай хууль зөрчин амралт, чөлөө цагаа эдлэх эрхийг нь дур мэдэн зөрчдөг зэрэг хүмүүнлэг бус, ардчилсан бус үзэгдэл газар авлаа.
4. Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасан байдаг ч бүх шатны сонгууль иргэн хүнд сонгох, сонгогдох эрх, эрх чөлөө, боломжийг бүрдүүлэх бус харин эсрэгээрээ “тодорхой улс төрчид, тодорхой намуудыг сонгуулахын төлөө, 200 гэр бүл, эрх мэдэлтнийг тойрсон 200000 хүнийг амьдралыг тэтгэх”-ийн төлөө хийгддэг сонгууль болон хувирсан байна. Эрх баригчид сонгуулийг ардчилсан өөрчлөлтийг баталгаажуулахын төлөө бус эрх мэдэлд хүрч, хувийн ашиг сонирхолоо хамгаалах зорилготой улс төрийн тогтолцоог бүрдүүлэхэд ашигладаг болжээ. Тухайлбал, орон нутагт салбаргүй намууд орон нутгийн сонгуульд оролцох эрхгүй, парламентэд суудалгүй нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхгүй, иргэн хүнийг олон янзын шалтаг, шалтгаанаар сонгох, сонгогдох эрхийг нь хаан боогдуулдаг зэргээр хувь хүний эрх, эрх чөлөөг эрх мэдлийн давуу байдлаа ашиглан хязгаарлаж байгаа нь “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн үзэл санаа, үйлсэд нь нийцэхгүй байна.
5. Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 10-т “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. … Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг ч сонгууль бүрийн дараа иргэдийг намын харъяалалаас нь хамаарч үй олноор нь ажлаас халдаг, улмаар төрд олон жил ажилласан, мэдлэг, туршлага сайтай иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэх зэрэг олон эрх, эрх чөлөөг зөрчдөг, төрийн байгууллагад сонгон шалгаруулах хэм хэмжээ нь Непотизм буюу хамаатан садан, танил тал, нэг намын хүнээ дээрд үзэх гэх мэтчилэн төрийн албыг өмчлөх замаар шинэ большевизм, шинэ феодализм, дарангуйлалын дэглэмийн зарим шинж байдлыг хөхиүлэн хөгжүүлж, ардчиллын үнэт зүйлийн эсрэг улс төр, нийгмийн соёлыг түгээж, “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг” доройтуулж байгааг анхаарах шаардлагатай байна. Сүүлийн үед намыг гишүүнчлэлгүй болгох тухай ярьж, үүнийгээ иргэдээ “талцуулахгүй” болгох гэж байгаа мэтээр тайлбарлах боллоо. Үүнийг батлах гэж оролдож байгаа нь иргэн хүн аливаа байгууллагын “ГИШҮҮН” байх нь илүүц мэтээр харагдуулж, иргэн хүн өөрийн санаа зовоож байгаа асуудлаар эвлэлдэн нэгдэж, хамтран тэмцэх арга замаа тодорхойлдог аль ч НЭЭЛТЭЙ НИЙГЭМД байдаг, байх ёстой улс төр, нийгмийн соёлыг устгах оролдлого гэж үзэж болохоор байна. Нэг жишээ хэлье. Дэлхийн аль ч оронд хөл бөмбөгийн багууд хэзээ ч “ГИШҮҮНЧЛЭЛ”-тэй байдаггүй. Гэтэл үзэгчид яагаад тэмцээн үзэж байхдаа талцан хуваагдаж хэрэлдэж, зодолддог вэ? Тэгэхээр хэрүүл, маргаан, зодоон, нүдээн аль нэг байгууллагын “ГИШҮҮН” байх эсэхтэй хамаатай асуудал мөн үү?! Ер нь аливаа нам, иргэний байгууллагууд “ГИШҮҮНЧЛЭЛТЭЙ” байх эсэхээ өөрсдөө шийддэг ардчилсан зарчмыг яагаад заавал “ТӨРИЙН ОРОЛЦОО, ДАРАНГУЙЛАЛ”-аар шийдэж, иргэд болон иргэний байгууллагын эдлэх ёстой улс төрийн эрх, эрх чөлөөнд халдах шаардлага ТӨР-д байгаа юу???
6. Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй” гэж заасан байдаг ч Таны ивээл дор хийгдэж байгаа, Шүүх, хуулийн байгууллагын шинэтгэлийн хүрээнд хийгдэж байгаа олон асуудал иргэн хүний эрх, эрх чөлөөг зөрчих магадлалтай байна. Тухайлбал, зарим хэргийг шууд анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэдэг болгох, эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа явуулах, шүүгч нарыг 4 жил дутамд шалгаж байх зэрэг асуудлуудыг сайтар бодож боловсруулж, хүний эрхийн асуудлаар мэрэгшсэн иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авч сайжруулахгүй бол хувь хүний эрхийг төрийн оролцоотойгоор зөрчдөг “албан тушаалтнаас хараат, дарангуйлагч нийгмийн хууль” гарах магадлал өндөр байна гэж мэрэгшлийн хуульчид санаа зовниж байгааг анхааралдаа авах шаардлагатай байна. Хамгийн гол анхаарах асуудал бол эдгээр ШИНЭЧЛЭЛИЙГ хийхдээ та бүхэн шүүхийн ачаалалыг “хөнгөлөх” зорилгоор бус ТӨРӨӨС иргэн хүний “ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ЗӨРЧИХТЭЙ ТЭМЦЭХ, ХӨНДӨГДСӨН ЭРХИЙГ СЭРГЭЭН ЭДЛҮҮЛЭХ ҮҮРГИЙГ ИРГЭНИЙХЭЭ ӨМНӨ ХАРИУЦАНА” гэсэн зарчмыг чандлан мөрдөх шаардлагатай байна.
7. Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байдаг ч 1992 оноос хойш Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажилласан бүх хүний гаргасан 120 гаруй зарлигт хүний эрх, тэгш эрх, шударга ёсны зарчим, үзэл баримтлал, хандлагаар эмэгтэйчүүд, хүний эрхийн ТББ-ууд судалгаа хийж, дүгнэлт гаргасан. Гэтэл хүнийг шашин, соёл, жендэр зэрэг ялгаатай байдлыг ашиглан ялгаварлан гадуурхсан хандлагыг төрийн оролцоотой, төсвийн дэмжлэгтэйгээр хийж ирсэн болохыг харууллаа. Тухайлбал, төрийн гал тахих ёслол үйлдэх, айл бүр морин хуурийг хоймороо залах, төрийн тахилгат уул, овоог тахих зэрэг Монголын олон ястан үндэстэн, соёл, урлаг, эрэгтэй, эмэгтэй иргэдийг аль нэгийг нь “ДЭЭРД ЭСВЭЛ ДОРД” үзэх хандлага, соёлыг өөхшиүлсэн, ялгаварлан гадуурхсан хандлагатай төрийн үйл ажиллагааг таслан зогсоох шаардлагатай байна. Хэрэв энэ арга хэмжээг авч, хэрэгжүүлэх аваас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийг гишүүн орог Норвеги улсаас өгсөн “Ялгаварлан гадуурхахын эсрэг хууль тогтоомжийн хүрээг бэхжүүлж, түүнийг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх замаар хүний эрхийн соёлыг хангах” гэсэн Зөвлөмжийг хэрэгжүүлэх бодит ажил болно гэдгийг анхааралдаа авах шаардлагатай байна. Дашрамд хэлэхэд, хүн амын олонхи нь ядуу дорой байхад ард иргэдээс татсан албан татварын мөнгөөр хуульд зааснаас өөр, зөвхөн ажил үүргээ гүйцэтгэхэд гаргах ёстой зардалаас гадуур элдэв баяр, ёслолд зориулж эдэлдэг эрх ямба, торго, үнэт үсэн эдлэл зэрэгт төсөвийн хөрөнгө, мөнгийг зарцуулж байгааг таслан зогсооход анхаарах шаардлагатай байна. НЭЭЛТТЭЙ НИЙГЭМД бол ард иргэдээс хураасан татварын мөнгөөр зөвхөн ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой гарах зардалаас давсан зардал гаргахгүй байхыг эрх баригчид нь чандлан мөрддөг юм байна.
8. Үндсэн хуульт ёсны зарчимуудыг нэг нь CHECKS AND BALANCE буюу засаглалын хяналт, тэнцвэрийг хангасан төрийн тогтолцоог шаарддаг. Харин Ардчилсан Монгол улсад эрх мэдлийн төвлөрөлийг хуучин нийгэмд байснаар нь буцаан хэрэглэсээр 13 жилийн нүүрийг үзлээ. Эрх мэдэл төвлөрөхийн хирээр ардчиллын үнэт зүйлс сэргэх бус устаж үгүй болж байна. Үүний нэг тод жишээ бол Үндсэн хуульд оруулсан “7 луйвар”-ыг Үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон боловч өдий хүртэл хэрэгжсэнгүй. Иймээс засаглалын тэнцвэртэй байдлыг хангаж, ардчилсан үйл явцыг баталгаатай болгоход анхаарах шаардлагатай байна. Дашрамд хэлэхэд, Ерөнхий сайдаас бусад сайд нар УИХ гишүүн биш байх тухай Таны санаачилсан хуулийн төсөл бас л Ерөнхий сайдын эрх мэдэлд долдойдсан засаглалыг дэмжиж байгааг анхаарах шаардлагатай байна.
9. Үндсэн хуульт ёсыг хэрэгжүүлэх арга замуудыг нэг бол Сонгууль. Гэтэл сонгогчдыг худалдан авдаг заль мэх, сонгуулийн дүн баталгаатай ил тод биш, сонгуулийн хороодын намчирхсан хандлага, үйлдэл гаргаж байгаа зэрэг олон шалтгаанаар АРДЧИЛАЛД итгэх сонгогчдын итгэл алдарч байгаа нь сонгуульд оролцож байгаа иргэдийн хувь сонгуулиас сонгуульд тууштай буурч, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сонгуулийн насны иргэдийн тоо 63 хувь болтол буурсан тоо харуулж байна. Хэрэв улс төрийн намууд гишүүнчлэлгүй болбол Сонгуульд оролцох хүний тоо бүүр ч буурах магадлалтай.
10. Үндсэн хуулийн Арав дугаар зүйлийн 2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэж заасан. Гэтэл Хүүхдийн эрхийн Конвенцийн олон заалт, Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 11-д заасан “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэх мэт заалтууд зөрчигдсөөр байна. Тухайлбал, хурдан морь хэдэн зуун саяын үнэтэй бол унадаг хүүхдийн амь нас, эрүүл мэнд үнэ цэнэгүй шахам байна. Энэ бол хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа, хамжлагат ёсны хандлагатай, шинэ феодал ёс, заншил сэргэж байгаа нэг л жишээ юм. Ардчилсан нийгэмд нийгмийн гарал, нас, эд хөрөнгө, эрхэлсэн албан тушаал, эрх мэдэл зэрэг ялгаатай байдлаас бий болж байгаа энэ мэт ялгаварлан гадуурхалтыг арилгах тодорхой, бодитой, үр дүнтэй арга авах асуудалд Та анхаарах шаардлагатай байна.
11. Авилгал, хээл хахууль АРДЧИЛАЛын гол дайсан хэвээрээ байна. Иргэн хүн авилгал, хээл хахуулийн талаарх мэдлэг, боловсрол маш муутай байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр СЁХ-ноос амласан 1000 нэгж сонгогчдыг хахуулдаж байгаа эсэхээр маш их маргаан дэгдлээ. Үүнийг сонгуулийн явцыг ажиглахаар ирсэн олон улсын шинжээчид “огт ойлгоогүй”, үүрэн холбооны инженер “техникийн хувьд боломжгүй” гэж үзсэн, харин сонгогчид “1000 нэгжээ авч хэрэглэж чадаагүй” тухай FB-ийн хуудаснаа олон хүн хэлсэн байна. Өөрөөр хэлбэл 1000 нэгж бол ХҮСЭЭГҮЙ ХАЛАМЖ, ХАХУУЛЬ, ХУУРАН МЭХЛЭЛТ, ЗАЛИЛАН зэргийн шинжийг зэрэг агуулж байна гэж үзэхэд хүргэж байна.
12. Авилга, хээл хахууль бол АРДЧИЛЛЫН ГОЛ ДАЙСАН гэдгийг Та ч, Би ч мэдэж байна. Харин авилгал, хээл хахуультай тэмцэх ажлаа намчирхсан хандлага гаргалгүй, тал тохой таталгүй, ашиг сонирхол нэгтэй бүлэглэлийг хамгаалалгүй, алагчлалгүй ажиллах, авилгал, хээл хахуулын талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг эрчимтэй дээшлүүлэх, энэ “ХАР ТАХАЛ”-тай тэмцэх иргэд, ИНБ-н оролцоог дэмжих хууль, эрхзүйн баталгаатай орчин бүрдүүлэн бодитой арга хэмжээ авахад анхаарах шаардлагатай байна.

Яг 4 жилийн өмнө миний бие Танд 33 зүйл бүхий Ил захидал бичиж байсан. Энэ хугацаанд хүний эрх, эрх чөлөөг ханган баталгаажуулах, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийн төлөө доривтой, бодитой ажил хийгдсэнгүй гэдэг нь НҮБ-н Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан Зөвлөмжид Засгийн газраас гаргасан дунд хугацааны тайлангаас нь харагдаж байна.

Өнгөрсөн 4 жил миний бие Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн орон тооны бус зөвлөлийн гишүүн байлаа. Энэ хугацаанд Та орон тооны бус зөвлөлөө үр дүнтэй ажиллуулах талаар тодорхой, бодитой дэмжлэг үзүүлсэнгүй, хүний эрхийн тулгамдсан асуудлаар нэг ч удаа уулзаж, ярилцаж байсангүй. Өөрөөр хэлбэл Монгол улс ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАЛТАЙ, ДҮР ЭСГЭСЭН ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ, ДҮР ЭСГЭСЭН ИЛ ТОД БАЙДАЛТАЙ улс орон болжээ гэдэг дүгнэлтийг хийхэд хүргэж байна.

Ардчиллын ЖИНХЭНЭ НҮҮР ЦАРАЙ иймэрхүү байгаад 2017 он хүртэл Монгол улсын Ерөнхийлөгчийн СОНГУУЛЬТ албыг хуулийн дагуу хашиж, иргэд болон улс, эх орныхоо нэр хүндийг өргөх, ЖИНХЭНЭ АРДЧИЛАЛыг хөгжүүлэхийн төлөө ачааны хүндийг үүрэх өндөр хариуцлага хүлээж байгаа хүнийхээ хувьд хүний эрх, эрх чөлөөний тухай дээрх болон бусад асуудалд анхааран нухацтай хандаж, бодитой, үр дүнтэй ажиллана гэж итгэж байна.

Ж. Занаа
МоАХ-ны гишүүн, МоАН-г үүсгэн байгуулагчдын нэг.

2013 оны 7 сарын 10

Ugluu logo

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …