Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханаар ахлуулсан ажлын албаны төлөөлөл, Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Тахарын Ерөнхий газар, дүүргүүдийн прокурортой хамтран нийслэлийн зарим шүүхүүд болон цагдан хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр танилцлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн шинэтгэлийн талаар 2 удаа зохион байгуулсан хуулийн байгууллагуудын хэлэлцүүлгээс санаачилсан тус үйл ажиллагаа нь шүүхийн үйлчилгээ, шүүгчдийн ажлын ачаалал, ажиллах орчин нөхцөл болон өмгөөлөгч, прокурорууд шүүхэд ажиллахад эрх, үүрэг нь хэрхэн хангагдаж байгаа талаар бодит байдалтай газар дээр нь танилцахыг зорьсон юм. Дээрх зорилгын хүрээнд тус байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар шүүх тус бүрт газар дээр нь харилцан зөвшилцөж явлаа. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд нүдэнд үзэгдэж, гарт баригдах олон ажлууд хийгдэж, нэг үеэ бодвол шүүхийн үйлчилгээнд гарч байгаа дэвшил өөрчлөлтийн хажуугаар хамтраад шийдэх гарц шийдэл бүхий ажлуудад анхаарал хандуулах нь зүйтэй гэдэгт тэд санал нэгдсэн юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны төлөөлөл, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батсүх, Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Батзоригт, тус холбооны өмгөөлөгчдийн хорооны тэргүүн З.Сүхбаатар, Тахарын ерөнхий газрын дэд дарга Б.Батзориг, дүүргийн прокурорууд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай эхлэн танилцав. Өглөөний 9 цагт очиход шүүхийн үйлчилгээний оргил үе таарч, иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй угтлаа.
Тус шүүхийн тамгын газрын дарга Д.Болор 19 шүүгч, 61 шүүхийн захиргааны ажилтнуудын бүрэлдэхүүнтэй шүүн таслах ажиллагааг явуулж буй шүүхийнхээ товч танилцуулгыг хийж, ерөнхий шүүгч М.Алдар шүүхийн өрөө тасалгаа, шүүх хурлын танхимуудыг танилцуулж, харилцан ярилцлаа. Улсдаа ачааллаараа дээгүүрт ордог тус шүүх иргэдийн шүүхэд итгэх итгэлийг дээшлүүлэх, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр хууль сурталчлан хийж хэрэгжүүлсэн олон ажлуудаараа ялгарахуйц аж. Олны анхаарал татсан хэргүүдийг хянан шийдвэрлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус шүүхийг сурвалжлах нь их тул хэвлэл мэдээлэлд хандсан шуурхай ажлууд нь ч багагүй байв. Ажлын хэсгийнхэн “Нээлттэй шүүх” танхимаар үйлчлүүлж буй иргэдтэй уулзаж, 5 дэлгэцээр зэрэг явагдаж байгаа шүүх хурлын бичлэг дуу дүрс бичлэгийн чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг асууж ярилцлаа.
Шүүхийн нээлттэй байдалд гарсан ахиц, ололтуудыг Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх онцлон тодотгоод, шүүгчдийн илүү цагийн мөнгө олгогдож байгаа талаар, тэдний хөдөлмөрлөх эрх хэрхэн хангагдаж, ажлын байрандаа чөлөөтэй нэвтэрч гарч орж чадаж байгааг ч орхигдуулахгүй гээд хамгийн түрүүнд өмгөөлөгч, прокуроруудад зориулсан өрөөг сонирхлоо. “Өнөөдрийн байдлаар шүүгчид ажлын ачааллаасаа шалтгаалаад ажлын цагтаа багтаж харьж чадаж байна уу, чаддаггүй бол өөрсдийн эрхээ хамгаалах ёстой. Өөрсдөө эрхээ хамгаалж чадахгүй, ээлжийн амралтаа эдэлж амжихгүй бол яаж бусдын эрхийг хамгаалах вэ. Араас нь олон хүн шүүгч болох гэж хүлээж байна гээд гомдлыг нь хүлээн авдаггүй байж болохгүй” гэдэг яриа ч мөн энэ зуур хөндөгдлөө. Хэргийн материалтай танилцах өмгөөлөгчдийн ажиллах нөхцлийг хэрхэн хангаж байгааг шүүхийн Тамгын дарга танилцуулж, камерын хяналт бүхий төсөрхөн тохижуулсан жижгэвтэр өрөөг хэрхэн ашиглах журам бас үйлчлэх тухай дурьдсан. Өмгөөлөгчдийн холбоо тус өрөөг техник хэрэгслээр хангах, тохижуулахаа ч ярилцав. Харин прокурорын өрөөг төдийлөн ашиглаж үзээгүйгээ дүүргийн прокурор мэдэгдсэн нь түлхүүр нь гар дамжсаар үрэгдсэнтэй холбоотой юм байна. Энэ өрөөг ч анхааралдаа авч, засч тохижуулахаа холбогдох хүмүүстэй ярихыг МХХ-ны ерөнхийлөгч санаачлав. Үүний дараа саатуулах байрыг үзэж, хонгилыг засч зайчилж томсгох боломжийг ярилцлаа. Цагдан хоригдсон үйлчлүүлэгчтэйгээ өмгөөлөгчид ганцаарчлан уулзах нөхцлийг хангахын тулд хэрхэн өөрчилж засахыг ажлын хэсэг зөвшилцөөд, хамтарч шийдэхийг тохиров.
Хорих 461-р ангитай онлайнаар холбогдож, системийн хэвийн ажиллагааны талаар лавлаж, шүүхийн технологийн шинэчлэлийн дэвшлийг сайшааснаар товч хэлэлцүүлэг хийж амжсан юм. Хуульчдын холбооны зүгээс энэхүү ажиллагаанд 3 үндсэн үүрэгтэй оролцож байгааг Д.Батсүх ерөнхийлөгч дурьдаад хуульчдын үйл ажиллагааны эрх, ашиг сонирлыг хамгаалах, хөдөлмөр эрх хэрхэн хангагдаж байгаа талаарх судалгааны шугамаар газар дээр нь танилцах, шүүхийн байранд өмгөөлөгчийн өрөөтэй болох ажил хэр ахицтай байгаа, Тахартай холбоотой санал шүүмж хэр байна, хуульчдын эрх үүргийн талаар хөндөх зорилготойгоо ярилаа. Тахарын харилцаа хандлагын асуудал болон хуульчдын ёс зүйгээ баримталж бие биенийхээ мэргэжлийн үйл ажиллагааг харилцан хүндэтгэхийг тэрбээр хөндөөд энэ өдөр цаг гарган шүүхэд хүрэлцэн ирсэн болон хүлээн авсан шүүхийн хамт олонд талархлаа илэрхийлэв. ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан ерөнхий шүүгч М.Алдарт ажлыг хэсгийг хүлээн авч, шүүхээ танилцуулсанд талархал илэрхийлээд хүрэлцэн ирсэн байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхийг онцоллоо. Үүний дараа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийг зорив.
Тамгын газрын дарга Э.Батмөнх, ерөнхий шүүгч Б.Баатар нар шүүн таслах ажиллагааны тайланг өмнөх жилтэй харьцуулан товч танилцуулж, “Нээлттэй танхим”-ын үйл ажиллагаагаа сонирхууллаа. Тамгын даргаас ШЕЗ-өөс зохион байгуулсан хуулийн байгууллагуудын хэлэлцүүлгийн үеэр Д.Нямдорж өмгөөлөгчийн тус шүүхтэй холбогдуулан тавьсан шүүх хуралдааны тэмдэглэлийг өгдөггүй гэсэн гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар Д.Батсүх ерөнхийлөгч нэхэн асуув. Тэрбээр шүүх хэлбэрийн хувьд маш том өөрчлөлтийг хийж нээлттэй байгаа мөртлөө энэ мэт зүйл дээр хуульчдын эрх ашигт хэрхэн хандаж байгаа нь бас хөндөх сэдэв. Нээлттэй хэлэлцүүлэгт болж бүтэж байна гэж яриад бодит байдал дээр бүтэлгүй байж болохгүйг анхааруулсан юм. ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан “Бид энд нэгэнт цуглаж, танилцаж байгаагийнх асуудлаа ярьж шийдье. Дүрэм журмууд хэрэгжиж байгаа. Доголдол дутагдал гарч байгаа нь хүмүүсийн хоорондын харьцааны асуудалд байна уу. Өөр зүйлд байна уу. Хамтраад ярилцахад бэлэн байна. Бид сая эрүүгийн шүүхээр ороод ирлээ. Иргэний шүүхэд нөхцөл байдал ил тод байх талаасаа илүү боломжтой гэж үзэж байна” гэлээ. Энд мөн өмгөөлөгчид зорьж хүрэлцэн ирсэн байлаа.
Тус шүүх 2 байртай, 9 шүүх хуралдааны танхимтай. Дуу дүрс бичлэгийн техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон. Хууль сурталчлах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаа дэлгэрэнгүй танилцуулж, ажлын хэсгийнхний сонирхсон асуултанд хариуллаа. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай явагдаж байгааг мөн дурьдав. Байр танхимын хувьд харьцангуй хүртээмжтэй тул тус шүүхээс нарийн бичгийн даргын өрөөгөө суллаж, өмгөөлөгчдөд гаргаж өгөх асуудал газар дээрээ шийдэгдэв. Энэ асуудлаар шүүхийн үүдэнд нэлээдгүй зөвшилцөж, тамгын даргаар ийнхүү зөвшөөрүүлснээр Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооныхон засч тохижуулах ажилдаа ханцуй шамлах боллоо. Өмгөөлөгчдийн аюулгүй байдалд Тахар хэрхэн ханддаг, зайлшгүй тохиолдолд тусламж үзүүлэх тухай хөндөж, цаашдаа өмгөөлөгчид Тахарын албатай хамтарсан сургалт хийхийг энд товлосон юм. Тахарын алба байгуулагдсан цагаас эхлэн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах, шүүх хуралдааныг хэвийн явуулахад гол үүрэг гүйцэтгэж байгаа нь уулзалтын ярианы явцад харагдаж байлаа.
Дараагийн зочилсон шүүх нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх байв. Байрны хувьд хамгийн давчуу, ачаалал ихтэй тус шүүх ажиллах орчин нөхцлийн хувьд туйлын хүнд. Шүүгчид шүүх хурлын танхимын хүрэлцээгүйгээс хурлуудаа хойшлуулж, туслахууд нь ширээгээ хувааж шахалдаж суудагтай энд нүүр тулна. Одоогоор захиргааны давж заалдах шатны шүүхийн хурлын танхимыг ашиглаж байгаа юм байна. Биднийг очиход ерөнхий шүүгч Ц.Батсүрэн шүүхийнхээ үйл ажиллагааг товч танилцуулж, өрөө танхимуудаар явж үзүүллээ. Шүүгчидтэй уулзаж, захиргааны шүүхийн онцлог, нотлох баримтыг шүүгч өөрсдөө бүрдүүлдэг учраас бусад шүүхээс илүү ажиллагаатай талаар ярилцав.Захиргааны хэргийн анхан шатны шүүх цаг яс барьдаг, манай өмгөөлөгчдийг сахилга хариуцлагын талаас хүмүүжүүлж сургасан гэж МХХ-ны Д.Батсүх ерөнхийлөгч тодорхойлсон юм. Байрны гачигдлаас энэ шүүх өмгөөлөгчийн өрөөгүй. Өөрсдийгөө багтаахгүй байхад өмгөөлөгчийн өрөө нэхэх боломжгүйг танилцсан ажлын хэсэг нүдээр харлаа. ШЕЗ байрны асуудалд анхаарал хандуулж, шаардлага хангасан түрээсийн байр хайж байгааг мөн ярилаа. Сонгуультай холбоотойгоор захиргааны шүүхийн ачаалал ихэсдэг бөгөөд хэрэгтэйгээ танилцах гэсэн олон өмгөөлөгчид нарийн бичгийн даргын өрөөнд суухад агаар салхийг нь шийдсэн тохиромжтой өрөөтөй байх ёстойг ерөнхий шүүгч ярилаа. Зарим шүүгчийн туслахууд цонхгүй жижиг өрөөнд олноороо суух нь үнэхээр хөдөлмөрийн нөхцлийг орхигдуулсан орчин гэхээр байлаа. Үүний дараа цагдан хорих 461 дүгээр хорих ангийн шүүх хурлын танхимтай танилцлаа.Тус хорих ангийн дарга Д.Дамдинцэрэн угтахад УИХ-ын гишүүн,Өргөдлийн байнгын хорооны дарга Ц.Баасанхүү мөн хүрэлцэн ирсэн байв.
Хорих ангиийн байранд шүүх хуралдаан хийх нь шүүгдэгчийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг учраас шүүхийн байранд шүүх хурлыг хийх нь зүйтэй эсэх талаар энд яриа өрнөлөө. Ц.Баасанхүү гишүүн тус байрыг хэрхэн яаж байгуулагдсан, хичнээн зардлаар, ямар төсвөөр тохижуулсныг мэдэхгүйгээ хэлээд цаашдаа шүүх нүүдэллэн ажиллаж байгаа бол хэрхэн, яаж ажиллахыг нарийвчлан зааж өгөх тухай санал хэллээ. МХХ, МӨХ чанга дэглэм бүхий хорихын байранд хийх нь хуулийн шаардлага хангаж байгаа эсэх талаар ШЕЗ-д саналаа бичгээр явуулах бөгөөд энэхүү асуудлаар газар дээр нь ирж тал талаас нь ярилцаж байгаа нь үр дүнтэй ажил боллоо гэж дүгнэв. Шүүх хурлыг хаана явуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал гэдгийг хүлээн зөвшөөрөөд энэ талаар цаашид дүгнэлт гарган ажиллаж, анхааралдаа авах болно гэдгийг тохиролцлоо. Цагдан хорих 461-р ангид хийж байгаа хуралдааны нээлттэй байдал нь хангагдаж чадах эсэх, хориотой бүсэд нэвтрэхэд эндэхийн дэглэм үйлчлэх, эргэлтийн байрны хажуугаар нэвтэрч хуралд оролцоход хоригдож байгаа хүмүүсийн эрх хэрхэн хөндөгдөж байгаа талаар хорих ангийн даргаас тодруулга авлаа. Энэ танхимд татварын хэрэг 4 хоног, хурандаа нарын хэргийн шүүх хурал 3 хоног энд болж байсан тухай өмгөөлөгчид ярьж байв.
Энэ уулзалтын дараа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхтэй танилцлаа. Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан, тамгын газрын дарга Д.Батсайхан нар угтаж, үүдний ойролцоох өмгөөлөгчийн өрөө, шүүх хурлын танхимууд, эд мөрийн баримтын өрөө, архив, түр саатуулах өрөөнүүдээр шүүх хуралдааны хүлээлгийн өрөөнөөс эхлэн танилцуулав. Өргөтгөл нь ашиглалтанд орсноор байрны хүндрэлээ шийдэж чадсан тус шүүх зөвхөн шүүгч, шүүхийн ажилтнууд гэхгүй өмгөөлөгч шүүгчдэд ч эмнэлгийн тусламж үзүүлдэг орон тооны эмчтэй. Хуулийн зүйл заалтыг ишлэн ханандаа хадсан цагдан хорионы арга хэмжээ авагдсан хүмүүсийн хүлээлгийн өрөөнд шаардлагатай үед эмнэлгийн тусламж үзүүлдэг юм байна. Шүүхийн үйл ажиллагаатай танилцсаны дараа тамгын газрын дарга Д.Батсайхан товч танилцуулга хийж, ШЕЗ-ийн ажлын албаны төлөөлөл, МХХ, МӨХ, Тахарын ерөнхий газрын ажлын хэсэгтэй хэлэлцүүлэг өрнүүлж санал солилцлоо. Шүүн таслах ажиллагааны тайлан, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа дэлгэрэнгүй дурьдлаа.
Шүүхийн шинэтгэлийн үйл ажиллагааны үр дүн, үйлчилгээг жирийн иргэд хүртэж, баярлаж талархсан, гомдсон үгээ чөлөөтэй хэлдэг боллоо. Харин хуульчид түүний дотор өмгөөлөгчид шүүх эрх мэдлийн дэмжиж ажиллах, тэдний шударга ажиллагаа, нэр хүнд ёс зүйн асуудал ч шүүх эрх мэдлийг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй болохыг Монголын Хуульчдын Холбоо, Өмгөөлөгчдийн Холбоо зэрэг байгууллагууд анхаарах шаардлагатай нь уулзалтаас харагдаж байв.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс