Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойд зориулж УИХ-ын даргын хэлсэн үг

008Монгол Улсын Ерөнхийлөгч өө
Монгол Улсын Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
1990 оны Ардын Их Хурлын дарга, орлогч дарга нар аа,
Улсын Бага Хурлын гишүүд,
Хүндэт зочид, хатагтай, ноёд оо
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд оролцож байгаа эрхэм хүндэт Та бүхэнд болон монголын ард түмэнд  Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баярын мэнд хүргэе.

Ардын Их Хурлын анхдугаар хуралдаанаар Улсын Бага Хурлын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга болон 50 гишүүнийг сонгон баталж 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурлын гишүүд “Алд бие мину алжааваас алжаатугай, ахуй төр мину бүү алдартугай. Бүтэн бие мину алжааваас алжаатугай, бүрэн улс мину бүү алдартугай” хэмээн тангараг өргөсөнөөр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдаж өнөөдөр 25 дахь жилтэйгээ золгож байна.

Энэ бол монгол төрийн тогтолцооны нэгэн шинэ үеийн түүх бөгөөд өнөөдрийг хүртэл парламентын засаглал шинэ ардчилсан Үндсэн хуулиар баталгаажин эргэлт буцалтгүй төлөвшин хөгжиж байгаагийн илрэл юм. Тиймээс Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18.1 дэх хэсгийг үндэслэн захирамж гаргаж энэхүү хүндэтгэлийн хуралдааныг зохион байгуулж байна.

Хүндэтгэлийн хуралдаанд 1990 оны Ардын Их Хурлын дарга, орлогч дарга нар, Улсын Бага Хурлын гишүүд, үе үеийн Улсын Их Хурлын дарга, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцож байна.

        Нэг. Монголын түүхэн дэх парламентын үүсэл хөгжил

Өнөөгийн Монгол Улсын нутагт Хүннүгийн үеэс  Богд хаант улсын үе шувтартал хоёр мянгаад жил (МЭӨ 209  оноос 1924 он) оршин тогтнож байсан хаант улсуудад төрийн хэргийг хэлэлцэх, хааны эрх мэдлийг зарим талаар хязгаарлах, зөвлөх үүрэг бүхий байгууллагууд байсан түүхэн уламжлал бий.  Их Монгол улсын (1206-1368) Их хуралдай нь улс гүрний эзэн хааныг сонгодог, төр улсын тулгамдсан асуудлыг магадлан хэлэлцсэний үндсэн дээр хаанд зөвлөдөг байв.  Дундад эртний үеийн Монголын улсуудын  Хуралдай нь ард түмний дундаас сонгогдсон төлөөлөгчдийн байгууллага бус, язгуур угсаа, албан тушаалын зарчмыг баримтлан байгуулагдсан, хууль тогтоох эрх мэдлийг эдэлдэггүй зөвлөх үүрэгтэй байгууллагууд байсан.

Харин Богд хаант Монгол Улсын (1911-1919) үед улс төрийн аливаа хэргийг бүгдээрээ нийлэн шүүмжлэн хэлэлцэж, олны бодлыг нийлүүлэх зорилго бүхий  сонгодог парламентын зарим хэв шинжийг агуулсан Улсын Дээд, Доод хурлыг байгуулж байв. Улсын хурал нь уламжлалын дагуу Хуралдайтай адил байгуулагдсан, сонгуулийн бус, зөвлөх эрх бүхий байсан боловч  өмнөх үеэс ялгаатай нь Улсын доод хуралд язгууртан угсаагүй бичиг, цэргийн түшмэд орсон, төрийн хэргийг шийдэхэд олны саналыг авахын тулд төлөөлөгчдийн байгууллагаар хэлэлцдэг парламентат ёсыг  Монголд анх нэвтрүүлж эхэлсэн онцлогтой.

1921 онд Монгол оронд ардын хувьсгал ялсны дараа төрийн шинэ тогтолцоог хэрхэн бүрдүүлэх талаар үзэл бодлын ялгаа болон олон улсын тухайн цагийн нөхцөл байдлаас шалтгаалан нэгдүгээрт, эртний төрт ёсны уламжлал дээр суурилан төрөө цаг үеийн бодит байдалд зохицуулан хөгжүүлэх; хоёрдугаарт, үндсэн хуульт хаант засаг байгуулах; гуравдугаарт, социалист хэлбэрийн төр буюу пролетарын диктатур байгуулах гэсэн үндсэн сонголтуудтай тулгарсан байна. Түүхэн баримтаас үзэхэд тэр үеийн Монголын удирдагчдын ихэнх нь үндэсний ардчилсан үзлийг баримтлан, парламентат ёсыг тогтоохыг эрмэлзэж байжээ.

Монгол Улсын Их хурал 1924 онд анхны үндсэн хууль баталж,  уг хуулиар Монгол Улсыг Бүгд найрамдах улс болгон тунхагласан. Анхдугаар Үндсэн хуулиар Улсын их хурал бол төрийн эрхийг барих дээд байгууллага бөгөөд хурлын чөлөө цагт Улсын бага хурал төрийн эрхийг барина гэж заасан байна. Ийнхүү парламентат ёс Монгол оронд төлөвших эхлэл тавигдсан хэдий ч  тухайн цаг үеийн байдал, гаднын улс орны шахалтаар хууль ёс гажуудан, Улсын Их Хурал ёс төдий байгууллага болон хувирчээ.

0041940 онд батлагдсан хоёр дахь Үндсэн хууль нь  нэг намыг улс төрийн тогтолцооны  цөм болгон баталгаажуулсан хэдий ч ардчилсан шинжтэй зарим хэм хэмжээ, тухайлбал, төлөөллийн ардчиллын  үндсэн зарчмыг хуульчилсан байдаг. 1944 онд сонгогчдын хувьд тавьж байсан элдэв хязгаарлалтыг хүчингүй болгож, сонгуулийн эрх нь хасагдсан хүмүүст сонгуулийн эрх олгож, 1949 онд сонгуулийн тогтолцоог ардчилах томоохон алхам хийж, УИХ-ын сонгуулийг шууд, тэгш, саналаа нууцаар хураах үндсэн дээр сонгуулийн тойргоор явуулж байхаар болсон нь парламентат ёсыг төлөвшүүлэх чухал алхам болжээ. Гэхдээ 1990 он хүртэл тухайн үеийн социалист системийн бусад орнуудын адилаар манай улсын Ардын Их Хурал  нь сонгогдон байгуулагдах, хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ өнөөгийн ардчилсан нийгмийн үеийн  парламент болон бүрэн төлөвшиж чадаагүй байсан.

        Хоёр. 1990 оны Ардчилсан хувьсгал ба парламентат ёсны төлөвшил

1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхээр манай оронд өрнөсөн ардчилсан хувьсгал иргэдийн хувийн эрх, эрх чөлөөг баталгаажуулж, улс төрийн системийн ардчилсан тогтолцоо, өмчийн олон хэлбэр, зах зээлийн эдийн засгийн харилцааг  бий болгосон юм. 1990 оны 5 дугаар сард БНМАУ-ын АИХ-ын чуулганаар “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай” хуулийг баталж, төрийн эрх барих байгууллагыг шинэчлэхдээ нам, төрийн үүргийг зааглах, улс төрийн тогтолцооны гол цөм нь төр байх, парламентын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэн төлөвшүүлэх, ардчиллыг хөгжүүлэх бодлогыг баримталсан байна. Ингэхдээ төрийн эрх барих уламжлалт дээд байгууллага-Ардын Их Хурал, парламентат ёсны шинэ байгууллага-Улсын Бага Хурал, төрийн тэргүүн-Ерөнхийлөгчийн институцийг бий болгож, тэдгээрийн хоорондын эрх мэдлийн харилцан хамаарал, тэнцлийг зөв тогтооход голлон анхаарсан байдаг.

Монгол оронд 1990 оны 7 дугаар сарын 29-нд анх удаа олон намын оролцоотой, нэг тойрогт олон нэр дэвшигч бүхий сонгууль явагдаж, парламентат ёсны шинэ төрийн эрх барих байнгын дээд байгууллага болох Улсын Бага Хурлыг улс төрийн намуудын төлөө сонгогчдын өгсөн саналыг үндэслэн бүрдүүлж, МАХН 33, Монголын Ардчилсан Нам 13, Монголын Социал-Демократ Нам 4, Монголын Үндэсний Дэвшлийн Нам 3 суудалтайгаар  Улсын Бага Хурлыг байгуулжээ. Ийнхүү Монгол Улсад ард иргэдийн шууд оролцоотой төртэй байх бололцоо анх удаа бүрдсэн байна.
1990-1992 он бол Монгол Улсын хувьд улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг  шинэчлэх Үндсэн хуулийн шилжилтийн үе байлаа. Энэ шилжилтийн үеийн парламентат ёсны тогтолцоонд Ардын Их Хурлаас байгуулагдсан  Улсын Бага Хурал хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий  төрийн эрх барих дээд байгууллагын хувьд  Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентат ёсыг жинхэнэ утгаар нь бүрдүүлэн тогтоох үндэс суурийг тавихад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Улсын Бага Хурал 2 жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоожх олон хууль, тогтоол, олон улсын гэрээ хэлцлийг баталж Ардын Их Хурлаас даалгасны дагуу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчмуудад тулгуурлан боловсруулж, өргөн барьсан нь Улсын Бага Хурал түүний гишүүд, Тамгын газрын ажилтнуудын Монгол Улсын түүхэнд оруулсан үнэлж баршгүй гавьяа мөн.
Улсын Бага Хурлаас өргөн барьсан шинэ Үндсэн хуулийн төслийг Ардын Их Хурлын депутатууд нойр хоолоо умартан 76 хоног өдөр, шөнийг үл харгалзан мэтгэлцэж 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталсанаар Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан, парламентын засаглалтай Бүгд найрамдах улс болсон юм.
Шинэ Үндсэн хуулиар төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилж,  парламентыг нэг танхимтай, 76 гишүүнтэй байхаар тогтоон, үйл ажиллагааных нь эрх зүйн үндсийг тодорхойлж,  “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага  мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”  гэж заасан байна.
Улсын Их Хурал хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ төрийн гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлах эрх бүхий субъектүүд болох Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл, улс орны нийгэм, эдийн засаг, төрийн байгууллын бүхий л асуудлыг  хэлэлцэн шийдвэрлэсээр ирлээ.
Шинэ Үндсэн хууль үйлчилж эхэлснээс хойш 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012 онд нийт зургаан удаа парламентын сонгууль болж төрийн эрх барих төлөөллийн дээд байгууллага болох Улсын Их Хурлыг байгууллаа.

006Монгол Улсын хувьд 1990-1992 онд   байгуулагдсан анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурал нь уламжлалт тогтолцоог халж парламентат ёсонд жинхэнэ утгаар шилжих замыг туулсан бол 1992 онд байгуулагдсан Улсын Их Хурал  хууль тогтоох эрх мэдлийг дангаар хадгалсан, ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллага болсноор Монгол Улс дахь парламентат ёсны хөгжлийн төлөвшил дараагийн шатандаа орсон гэж үзэж болно.

Монгол Улсын парламентат ёсны хөгжил нь нэгд, парламентын хэлбэр, дотоод болон үндсэн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа нь улам боловсронгуй болсноор, хоёрт, парламентыг бүрдүүлэх, түүний үйл ажиллагаанд олон түмний хяналт оролцоо идэвхжиж байгаагаар, гуравт, парламент өөрийн зорилго, мөн чанараараа улам бүр төгөлдөршиж байгаагаар тодорхойлогдож байна.
Улсын Их Хурлын сонгууль 1992 онд олон мандаттай, томсгосон 26 тойргоос 76 гишүүнийг мажоритар тогтолцоогоор, 1996, 2000, 2004 онд нэг мандаттай 76 тойрогт мажоритар тогтолцоогоор, 2008 онд олон мандаттай, томсгосон 26 тойргоос 76 гишүүнийг мажоритар тогтолцоогоор,  2012 онд Улсын Их Хурлын 76 гишүүний 48 нь мандатын зарчмаар 26 тойргоос шууд мажоритар, үлдсэн 28 нь пропорциональ тогтолцоогоор явагдсан байна.
2012 оны Монгол Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн ээлжит сонгуулийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган  явуулж, гадаадад байгаа сонгогчдыг оролцуулан сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах болон сонгогчийн бүртгэл, хяналтын үйл ажиллагааг Монгол Улс анх удаа автоматжуулсан системээр зохион байгуулсанаараа онцлогтой.

Сонгуулийн үр дүнгээр 1992, 2000 онд МАХН,1996 онд МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл дангаараа, 2004 онд МАХН-“Эх орон-Ардчилал” эвсэл, 2008 онд МАХН- Ардчилсан Нам хамтарч Засгийн газраа байгуулсан бол  2012 онд олон суудал авсан Ардчилсан Нам “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг-Ногоон намтай хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байна. Намуудын нэр тухайн үеийнхээрээ гэдгийг анхааруулья.

Ард түмний сонгосон үе үеийн Улсын Их Хурал ардчилсан төрийн тогтолцоог хөгжүүлэн, төрийн эрх мэдлийн хуваарилалтын механизмыг зүгшрүүлэх, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлж хэрэгжүүлэх түүхэн томоохон алхамуудыг хийсэн юм.
2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент  хамгийн олон намын төлөөлөлтэй, гурван намын бүлэгтэй, тэдгээрийг төлөөлсөн Улсын Их Хурлын гурван дэд даргатай, хамгийн олон эмэгтэй гишүүдтэй гэдгээрээ онцлогтой.
Энэ удаагийн УИХ-аар Шүүх, цагдаагийн тухай, Захиргааны тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Шилэн дансны тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай, Ашигт малтмалын тухай, Өрийн удирдлагын тухай, Чөлөөт бүсийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай, Нийгмийн хамгаалал, тэтгэвэр тэтгэмжийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Өршөөл үзүүлэх тухай зэрэг эрх зүй, эдийн засгийн, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхтэй холбогдсон онцгой ач холбогдол бүхий олон хуулиуд батлаад байна.
Улсын Их Хурал анх удаагаа олон жил алдагдалтай явж ирсэн, өөрсдийгөө хуурсан төсвөөс  татгалзаж, төсвийн сахилга батыг чангатгаж бодитой төлөвлөх тогтолцоог мөрдүүлж, аж үйлдвэр, эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан. Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Засгийн газар “Чингис” бондыг босгосоноор авто зам, төмөр зам, үйлдвэрлэл, уул уурхай, цахилгаан станц, агаарын тээвэр, дэд бүтэц, орон сууц, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт томоохон бүтээн байгуулалт хийгдэж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын 10 саяын  босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч иргэнд худалдан авалтандаа төлсөн НӨАТ-ын 2 хүртэл хувийг буцаан олгохоор боллоо. Олон чухал зээлийн хэлэлцээр, төсөл хөтөлбөрийг баталсаны дотор  Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр”-ийг УИХ соёрхон баталсанаар аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлж, валютын орлогыг нэмэгдүүлэх үндэс тавигдаж байна.
Улсын Их Хурлын гишүүний болон парламентын олонх, цөөнхийн эрх зүйн байдал, тэдгээрийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, гишүүдэд тавих ёс зүйн шаардлагыг өндөржүүлэх, хуулийн төсөл боловсруулах, санаачлах, хэлэлцэх зэрэг хууль тогтоох үйл явцын үндэслэл, журмыг УИХ бүх л үйл ажиллагааныхаа явцад боловсронгуй болгож, улс орны өмнө тулгарсан төрийн байгуулалт, улс төр, нийгэм, эдийн засгийн  асуудлыг шийдвэрлэхийн хэрээр Монголын парламент өөрөө хөгжин төлөвшиж байна.

        Гурав. Монголын парламентын төлөвшлийг гүнзгийрүүлэх нь

Эрхэм гишүүд ээ,

Улсын Бага Хурал болон 6 удаагийн парламент 25 жилд Анхдугаар хуралдааныг 6 удаа, ээлжит чуулганыг 47 удаа, ээлжит бус чуулганыг 12 удаа, хүндэтгэлийн хуралдааныг 22 удаа хийж бие даасан хууль 454, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль  2209, гэрээ соёрхон баталсан, нэгдэн орсон тухай хууль 330, хууль хүчингүй болсон тухай хууль 145, Улсын Бага Хурлын тогтоол 167, Улсын Их Хурлын тогтоол 1779, нийт 5084 хууль, тогтоол хэлэлцэж баталжээ. Өнгөрсөн хугацаанд байнгын ажиллагаатай парламентад Төрийн байгуулалтын, Хууль зүйн, Эдийн засгийн, Нийгмийн бодлогын, зэрэг  давхардсан тоогоор 31 байнгын хороо, Хүний эрхийн, Аюулгүй байдлын, Нутгийн өөрийн удирдлагын, Ёс зүйн, Төсвийн зарлагын, Тусгай хяналтын, Төсвийн зарлагын хяналтын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын зэрэг давхардсан тоогоор 15 дэд хороо, Ажлын байр бий болгох үндэсний хөтөлбөрийг боловсруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих  Орон нутгийн бие даасан байдлыг хангах, төвлөрлийг сааруулах зэрэг асуудлаар   7 түр хороо байгуулагдан ажиллаж ирсэн байна.

Монголын парламент ерөнхийлөгчийн сонгуулийг 6 удаа зарлан зохион байгуулж ард түмнээсээ сонгогдсон П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг баталгаажууллаа. Улсын Их Хурлын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 12 удаа, Н.Багабанди 21 удаа, Н.Энхбаяр 17 удаа, Ц.Элбэгдорж 11 удаа үг хэлсэн байна.
Улсын Бага Хурал болон 6 удаагийн Парламентад давхардсан бус тоогоор 326 хүн, давхардсан тоогоор 534хүн гишүүнээр  сонгогдон ажилласны дотор 7 удаа сонгогдсон гишүүн 2, 6 удаа сонгогдсон гишүүн 2, 5 удаа сонгогдсон гишүүн 4, 4 удаа сонгогдсон гишүүн 14, 3 удаа сонгогдсон гишүүн 30, 2 удаа сонгогдсон гишүүн68, 1 удаа сонгогдсон гишүүн 206 байна.

Улсын Бага Хурал болон 6 удаагийн Улсын Их Хуралд сонгогдсон хүний  321 буюу 98,5 нь дээд боловсролтой, 2 буюу 0,6 хувь нь тусгай дунд боловсролтой, 3 буюу 0,9 хувь нь бүрэн дунд боловсролтой, 27буюу 8,3 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд гишүүдийн 19,6 хувь нь 25-35 насны,  47,0 хувь нь 36-45 насны, 33,4 хувь нь 46-гаас дээш насны, мэргэжлийн хувьд 20,8 хувь нь эдийн засагч, 12,6 хувь нь багш,28,5 хувь нь инженер, 13,2 хувь нь хуульч, 2,8 хувь нь сэтгүүлч, 0,6 хувь нь малчин, 21,5 хувь нь бусад мэргэжлийн хүмүүс байна. Эрхэлж буй ажлын хувьд, Улсын Их Хурлын гишүүдийн дотор Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан 83, төр, захиргааны байгууллагад ажиллаж байсан 195, нам, олон нийтийн байгууллагад ажиллаж байсан 62, бизнес эрхэлж байсан 66 хүн байгаагийн дотор эрдмийн зэрэг, цолтой 97хүн байна. Өнгөрсөн 25 жилд УИХ-ын бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Монгол Улсын баатар, УБХ-ын гишүүн  Г.Лхагважав, УИХ-ын гишүүн Р.Раш, УБХ-ын нарийн бичгийн дарга, гавьяат хуульч Б.Чимид нар хөдөлмөрийн баатар цол хүртэж, 59 хүн гавьяат цол хүртжээ.

005 (1)Парламентын гадаад харилцаа тасралтгүй өргөжиж, өнгөрсөн хугацаанд 40 гаруй орны парламенттай хамтран ажиллаж Монгол Улсын парламентын спикер   давхардсан тоогоор 67 оронд айлчилж, 73 орны парламентын спикер Монгол Улсад айлчилсан байна. Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Ким Дэ Жун, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан, БНХАУ-ын дарга Ху Жинтао, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстон, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди зэрэг 11 орны төрийн тэргүүн, төлөөлөгчид үг хэлсэн байна.

Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Чимид, Н.Ринчиндорж, Л.Цог, Б.Энэбиш, Д.Батбаатар,  Н.Лувсанжав, Д.Сандаг-Очир, Ц.Шаравдорж, Б.Болдбаатар нарын 9 хүн томилогдож, Тамгын газарт давхардсан тоогоор 920 орчим хүн ажиллаж хууль тогтоолыг хэлэлцүүлэх, хуралдааныг зохион байгуулах, судалгаа шинжилгээ, мониторинг хийх зэрэг нөр их ажлыг гүйцэтгэж ирлээ.

Тамгын газраас Парламентын үйл ажиллагааг ард түмэндээ нээлттэй, ил тод байлгах арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлж ирсэн бөгөөд зөвхөн сүүлийн 5 жилийн судалгаагаар Монголын 248.500 хүн, гадаадын 200 гаруй хүн УИХ-ын үйл ажиллагаатай биечлэн танилцсан байна.

Парламентын ажиллах орчин нөхцлийг сайжруулах талаар олон арга хэмжээ авсан бөгөөд сүүлийн 3 жилд мэдээллийн технологийн чиглэлээр Улсын Их Хурлын даргын уриалгыг дэмжин Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдааны цахим систем, парламентын сэтгүүлчдийн өрөөг шинэчилэн тоон системийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглож, 21 аймгийн Иргэний танхимуудыг Төрийн ордонтой холбосон дүрст хурлын систем байгуулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг кабелийн болон өргөн нэвтрүүлгийн 6 телевиз, www.parliament.mn цахим хуудсаар шууд дамжуулах, байнгын хороодын хуралдааныг Улсын Их Хурлын гишүүдийн албан өрөөнд шууд дамжуулах дотоод сувгийн үйлчилгээ нээх, цахим сүлжээг өргөтгөх,  “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн цахим хувилбарыг нийтэд үнэ төлбөргүй түгээх зэргээр хууль тогтоох үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж байна.
Энэ удаагийн Улсын Их Хурал хууль тогтоох, хуулийн биелэлтийг хянан шалгахдаа иргэдийн оролцоог бодитой хангах чиглэлийг баримтлан ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан, гишүүдийн ирц, УИХ-д өргөн барьсан хууль тогтоомжийн төслийг нийтэд ил болгон саналаа өгөх боломжоор хангах, гаргасан хууль тогтоомжийг төрийн байгууллага, иргэдэд сурталчлах чиглэлээр “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг үнэгүй тараах, УИХ-аас баталсан хууль тогтоолын талаар төрөл бүрийн телевизийн нэвтрүүлэг, ном товхимол зэрэг сурталчилгааны материалыг бэлдэн нийтэд хүргэх, иргэдийн үзэл бодол, саналыг үйл ажиллагаандаа тусгах УИХ-ын нээлттэй сонсголын танхимыг байгуулан, Нийтийн сонсголын тухай хуулийг батлан хуулийн хэрэгжилтэд хяналт тавих замаар иргэд, сонгогчдод хууль тогтоогчдын үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг илүү нээлттэй болголоо. Ингэснээр ард түмэн засгийн эрхийг жинхэнэ утгаараа барих боломжийг энэ бүрэн эрхийн хугацаанд улам бүр нээж өгч байна.

Парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор УИХ-ын даргын захирамжаар 2014 онд  төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эх баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг бий  болгож, анхны шагналыг УИХ-ын гишүүн, доктор, профессор Д.Лүндээжанцан хүртсэн байна.

    Эрхэм гишүүд ээ,

25 жилийн түүх урт биш гэлээ ч цаашид парламентын сонгодог жишигийг улам гүнзгийрүүлэх нь  Үндсэн хуулийн болон бусад эрх зүйн орчинд улам боловсронгуй болгох шаардлага гарсаар байна. Бид дараах асуудалд анхаарлаа хандуулах нь нэн чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Нэгдүгээрт, Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлан мөрдсөнөөс хойш 23 жил болж байна.  Шинэ Үндсэн хуулийг мөрдөж ирсэн хорь гаруй жилийн туршлага нь манай орны улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт зарчмын шинжтэй олон шинэтгэлийг бий болгосон нь маргаангүй үнэн. Үүний зэрэгцээ Үндсэн хуулийн шинэтгэлийг хэрэгжүүлэх явцад амьдралаас урган гарсан олон сорилтыг даван туулах шаардлага гарч, тэдгээрийг шийдвэрлэх явцад алдаа оноо аль аль нь гарч байсан гэдгийг үгүйсгэх аргагүй. 2000 онд УИХ-аас Үндсэн хуульд  оруулсан нэмэлт өөрчлөлт өнөөдрийг хүртэл маргаан мэтгэлцээн дагуулж байгааг Та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр ч Үндсэн хуулийг боловсронгуй болгох санал, санаачлага ард иргэдээс ч, хууль тогтоогчдийн зүгээс ч гарсаар байна. Гэхдээ Үндсэн хуульд  өөрчлөлт оруулах гэсэн санал, санаачлага бүрийг  хүлээн авч Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гээд байх нь тийм ч хүсэх зүйл биш. Улсын Их Хурал 2010 онд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хуулийг баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн амин сүнс болсон үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал, зарчмыг өөрчлөхийг хязгаарласан.

2013 оны 2 дугаар сард УИХ-ын даргын захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлыг судлах Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, энэхүү Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн  2015 оны 1 дүгээр сард Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг шинээр томилон ажиллуулж байна. Миний бие Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг боловсруулахад  иргэд, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намуудын оролцоог жигд хангаж, боловсруулалтын шатнаасаа эхлэн нийтэд ил тод байж, зөвлөлдөх ардчиллын зарчимд нийцсэн байх учиртай гэж боддог.

Хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурал  улс орны хэтийн хөгжлийн чиг хандлагад ихээхэн анхаарч 1996, 2007 онуудад урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулах батлах оролдлого хийж байсан ч уг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа мөрдөх асуудал хангалтгүй явж ирсэн. УИХ-ын даргын захирамжаар Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Энэхүү баримт бичгийг ул үндэстэй олон жилийн настай байхаар боловсруулж 2015 оны намрын чуулганаар батлах нь чухал байна. Тогтвортой мөрдөгдөх урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх асуудлаар  улс төрийн намууд сонгуульд өрсөлддөг. Парламентаас баталсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдтэй нийцүүлэн баталдаг болох хэрэгтэй байна.   Засгийн газрын хөтөлбөр нь түүнд нийцдэг байх нь хөгжлийн бодлого тасралтгүй, уламжлагдан хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Цаашлаад энэ нь улс төрийн намуудын төлөвшил, Засгийн газрын тогтвортой байдалд ч сайнаар нөлөөлнө гэж бодож байна.

Гуравдугаарт,  Хуулийн  биелэлтийг хянан шалгах нь Улсын Их Хуралд Үндсэн хуулиар олгогдсон чухал бүрэн эрхийн нэг. Парламентын хяналт шалгалт гэдэг нь юуны өмнө парламентаас Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналт шалгалт бөгөөд энэ чиг үүргийг хэрэгжүүлэх тогтолцоог цаашид төгөлдөржүүлэх шаардлага тулгарч байна. Улсын Их Хурал баталсан хуулийнхаа хэрэгжилтийг Засгийн газарт даатгаад зөнд нь орхих бус, харин Үндсэн хуулиар олгогдсон хянан шалгах бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын гишүүдийн тайланг ажил хэрэгчээр авч хэлэлцдэг байх, түүнчлэн өөрөө болон Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагаар дамжуулан хуулийн биелэлтийг хянан шалгаж байгаа ажлын үр нөлөөг сайжруулах шаардлагатай байна.

Дөрөвдүгээрт, Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд төсөв хэлэлцэх, төсвийн хэрэгжилт, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих  чадавхийг сайжруулахад ихээхэн анхаарах болсон байна. Парламентын хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд төсвийн тухай хууль, төсвийн гүйцэтгэлийг батлах тухай хуулийг тусгай дэгийн дагуу баталдаг нь уг асуудалд улс орнуудын парламент онцгойлон ач холбогдол өгдөгийн илрэл юм. Төсвийн төслийг парламентаар  хэлэлцэх, батлах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих бүх процессыг парламентын үйл ажиллагааны жилийн турш тасралтгүй үргэлжлэх нэгэн гол чиглэл болгон хэвшүүлэх хэрэгтэй байна. Хууль тогтоох байгууллагын зүгээс шаардлагатай бол өргөн барьсан төсвийн төсөлд өөрчлөлт оруулах, эрх бүхий зарим байгууллагыг төсвийн хувьд Засгийн газраас хараат бус байлгах, улс орныхоо хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлд нийцүүлэх үүднээс төсвийн төсөлд дүн шинжилгээ хийх, төсвийн судалгаа шинжилгээ болон хэлэлцүүлэгт бэлтгэх үйл ажиллагаа, төсөв батлагдсаны дараахь хяналт шинжилгээ зэрэг функциональ үйл ажиллагаануудыг тодорхой бүтцийн нэгжүүдээр дамжуулан хэрэгжүүлдэг болоход анхаарах хэрэгтэй байна.

Тавдугаарт, Сонгуулийн тухай болон улс төрийн намын тухай хуулийн төслүүдийг энэ чуулганаар хэлэлцэж батлах нь улс төрийн чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Эдгээр хуулиудын үзэл баримтлалыг намууд харилцан зөвшилцсөн тохиолдолд тийм ч олон өөрчлөлт орохгүй. Ялангуяа Сонгуулийн тухай хууль аль болохоор тогтвортой мөрдөгдөх нь төрийн тогтвортой байдалд ч чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Зургаадугаарт, Монгол Улсад парламентат ёсыг хөгжүүлэн төгөлдөржүүлэх нь үе үеийн Улсын Их Хурлын байнгын анхааралд байж ирсэн, цаашид ч байх ёстой юм. Улсын Их Хурлын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, парламент хоорондын харилцааг хөгжүүлж, бусдын сайн туршлагыг нэвтрүүлэх нь  хууль тогтоогчид бидний нэг чухал зорилт байх болно. Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, парламентат ёсны хөгжлийн ололт, сургамж, цаашдын зорилтын талаар хэлэлцүүлсэн. Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгож, төсөв санхүү, зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх нь парламентат ёсны хөгжлийн салшгүй нэг чиглэл юм. Энэ дашрамд парламентат ёсны хөгжилд үнэтэй дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа Монгол Улс дахь дипломат төлөөлөгчдийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, бидэнтэй хамтран ажиллаж байгаа бусад олон улсын байгууллагуудад талархал илэрхийлье.

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсч байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Та бүхэнд дахин талархал илэрхийлье.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …