ИЗНН-аас Р.Булгамаа, З.Ган-Очир нарт итгэл хүлээлгэж, дэд сайдын суудалд нэр дэвшүүллээ

1Засгийн газар удаан хугацааны турш “хүлээлтэнд” орсны эцэст саяхнаас л “нөхөгдөж” эхэлж байна. Өнгөрсөн 7 хоногт 6 сайд томилогдож ажлаа хүлээж авсан. Одоо дэд сайдуудын “сунгаа” явагдаж байна.

ИЗНН-д энэ удаад сайдын суудал оногдоогүй. Харин 2 дэд сайдын суудал оногдсон бололтой.

Тиймээс Иргэний Зориг Ногоон Намын /ИЗНН/ Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, 2 дэд сайдад нэр дэвшигчдээ тодруулсан байна.

Энэ удаад тус намаас Р.Булгамаа, З.Ган-Очир нарт итгэл хүлээлгэж буй аж.

11412148_1116630285017778_7707805540887805517_nНэр дэвшигч Ринзааны Булгамаагийн хувьд Хуульч, Эдийн засагч мэргэжилтэй,  Хууль зүйн ухааны магистр,  Хууль зүйн ухааны докторант,   Бизнесийн удирдлагын магистр цолтой нэгэн аж.

Тэрбээр ИЗНН-ын Төрийн байгуулалт Хууль зүйн Бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга,  намынхаа Баянзүрх дүүргийн Намын Хорооны дарга, Монголын Олон улсын ба Үндэсний Арбитрын арбитрч, Монголын Хуульчдын Холбооны Сургалтын хорооны гишүүн, хуульч, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч, Боловсролын Магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Боловсролын Үндэсний шинжээч, Монголын Залуучуудын Холбооны Хууль эрх зүйн Хорооны дарга зэрэг сонгуульт албан тушаал хашихын зэрэгцээ боловсролын салбарт олон ажилласан нэгэн юм.

2000 онд Улаанбаатар Эрдэм дээд сургуульд Олон улсын эрх зүйн багшаар ажлын гараагаа эхэлж өдгөө Их Засаг олон улсын их сургуулийн дэд захирал,  Сургалт инноваци эрхэлсэн проректороор ажиллаж байна.

Р.Булгамаагийн улс төрийн карьерыг сонирхвол 2000 онд Монголын Үндэсний Эв Нэгдлийн намд элсэн оржээ.

2007 онд нам нь Иргэний Зориг Ногоон намтай нэгдсэнээр Иргэний зориг Ногоон намын гишүүн болж, 2012 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшиж 5,6 хувийн санал авч байсан байна.

Тиймээс 2 дэд сайдтай Боловсролын яам, эсвэл ХАХНХЯ-нд дэд сайдын суудалд очих магадлалтай юм.

e2a4c99fe3e267a017c2feff1f531b7dХарин БОНХ-ийн сайдын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан, намын жагсаалтын гуравдугаарт бичигдсэн З. Ган-Очир Уул уурхайн дэд сайдад намынхаа Улс төрийн зөвлөлийн гишүүдийн дэмжлэг авч нэр дэвшжээ.

1996-1998 онд Улаанбаатар их сургууль, 1998-2000 онд Канадын Haileybury Коллежийн уул уурхайн сургуульд элсэн суралцаж маркешейдэр, 2002-2004 онд ШУТИС-ийг уул уурхайн чиглэлээр төгсчээ.

2008-2009 онд Хонг-Конгийн Шинжлэх ухаан технологийн сургуульд бизнесийн удирдлага,  2009-2010 онд Хонг-Конгийн Шинжлэх ухаан технологийн сургуулийн хамтарсан сургууль болох АНУ-ын Нью-Йорк мужийн Leonard N.Sternс нэрэмжит  бизнесийн сургуульд шилжин суралцаж олон улсын санхүүгийн магистрын зэрэг хамгаалсан нэгэн аж.

Уул уурхайн дэд сайдад нэр дэвшиж буй З.Ган-Очирын ажлын туршлагыг сөхөж харахад 2000-2002 онд Канадын уул уурхайн “Break Water Resources”компанийн “Nanisivik”уурхайн техникийн үйлчилгээний хэлтэст маркшейдерээр ажиллаж ажлын гараагаа эхэлжээ. Мөн 2002-2003 “Mine Info” компанид уул уурхайн мэргэжилтэн, 2003-2005 онуудад “Азиа Гоулд” компанид бизнес менежерээр ажиллаж байжээ.

Өдгөө “Хөх Тэнгэр Минералс” ХХК-г үүсгэн байгуулж, үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байгаа аж.

Ийнхүү ИЗНН-ын Улс төрийн зөвлөл өчигдрийн хуралдаанаараа улс төрийн болон нэр дэвшиж буй салбарынхаа талаар боловсролтой, мэдлэг, туршлагатай 2 хүн болох  Р.Булгамаа, З.Ган-Очир нарыг нэр дэвшүүлсэнд улс төр судлаач, шүүмжлэгчид, олон нийт таатай хүлээн авч байна.

Намаасаа нэр дэвшигчдийн нэрсийг өнөөдөр Ерөнхий сайдад өргөн барина.

Ийнхүү Шийдлийн Засгийн газарт ажиллах ИЗНН-ын хоёр дэд сайд тодорсон бол МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс хоёр дэд сайд,  Ардчилсан намаас гурван дэд сайдыг томилох юм.

Г.Эрдэм

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …