Шүүхийн шинэтгэл хийж байна, шүүх нээлттэй боллоо, мэтгэлцэж байна гэх мэт яриа хоёр талаас сонсогдоод л байдаг байв. Шинэтгэл хийж байгаа нөхөд сайхан харагдуулах гэж гоёж ярина. Шинэтгэлд дургүй нь муулж ярина. Бид иймэрхүү л дур зураг бүхий мэдээлэлтэй байв.
Харин Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүх нарын 3 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурлыг телевизүүд 3 өдрийн турш шууд дамжуулснаар тэдгээр мэдээлэлд цэг тавилаа. Энэ өдрүүдэд олон нийт, цахим ертөнц тэр чигтээ энэхүү шүүх хурлаар амьсгалж, хоорондоо мэтгэлцэж, шүүн тунгааж, өөр өөрсдийн үзэл бодлыг уралдуулж байна. Шүүх нээлттэй боллоо гэсэн үнэн юм байна. Үүнийг л шүүхийн шинэтгэл гэдэг байх. Шүүх хурлын бүхий л үйл явдлыг дотор нь байгаа мэт мэдрэх боломж хүн бүгдэд нээлттэй байв. Илүү дутуу тайлбар, “шүүлтүүргүйгээр” олон нийт ийнхүү өөрсдийн нүд, чихээр үзсэнээр хаалттай шүүх түүх болон үлдлээ.
Дэлхийн ихэнх орнууд шүүх хурлын үйл явцыг зөвхөн гар зургаар дүрслэн үзүүлдэг. Бид иймэрхүү шүүх хурлыг Америкийн кинон дээрээс л хардаг байсан атал Монголчууд ингэж хийдэг болчихож.
Үүнээс илүү хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа хаа байх билээ. Өнөөдөр шүүх бүр дээр хуралдааныг дүрс дуу бичлэгээр баримтжуулж, дэлгэцээр гаргаж хүссэн хүн бүр үзэж болдог болсон. Шүүхийн шийдвэрүүд шүүхийн цахим санд дэлгэгдэж, шүүхийн байршил, шүүх хуралдааны тов, улсын тэмдэгтийн хураамжинд хичнээн төгрөг төлөхөө иргэд гар утаснаасаа мэдэж болдог болсон гэх.
Та минь, шүүх өөрчлөгдөж байгаа нь бараг үнэн юм биш үү.
О.Тэнүүн