ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын 1 салбар хуралдаан болов

21271200678_aaef9a2701_kЕвропын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал 3 салбар хуралдаанаар үргэлжилж байгаа бөгөөд “Бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймаатай тэмцэх: ЕАБХАБ-ын үүрэг оролцоо ба бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт  I салбар хуралдаан болов.

Тус хуралдааныг ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн дэд Ерөнхийлөгч Кристин Мютонан даргалж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга М.Батчимэг, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын Бүс нутгийн терроризмын эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны олон улсын харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Бахрам Ауанассов нар илтгэл танилцуулав.

20838029033_b7dfd7b084_k (1)Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг “Зүүн хойд Азийн аюулгүй байдал: Сорилт, боломжууд” сэдэвт илтгэлийнхээ эхэнд “Монгол Улс бол Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагат хамгийн сүүлд элсэн орсон залуу гишүүн. Гэсэн хэдий ч Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг өөрийн орондоо зохион байгуулж байгаадаа баяртай байна. Мөн энэ хурал нь Хельсинкийн актын 40 жилийн ойтой давхцаж байгаа нь их билгэшээлтэй. Тухайн үе нь хүйтэн дайны хүнд үе байсан бөгөөд улс орнууд хамтран  Хельсинкийн акт хэмээх баримт бичгийг гаргахаар шийдсэн байдаг. Энэ байгууллага ч гэсэн тухайн баримт бичгээс үүдэн байгуулагдсан бөгөөд одоо бол зөвхөн Европын орнууд төдийгүй Хойд Азийн орнууд гишүүнээр элссэн байгаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг зохион байгуулах нь газар зүйн хувьд хүрээгээ нэмэгдүүлэх боломж олгож байгаа юм. Монгол Улс бол төв Ази болон зүүн хойд Азийн бэлчир дээр байрладаг газар зүйн онцлогтой. Улс төр болон эдийн засгийн хувьд зүүн хойд Азитай интеграцилагдсан орон юм. Энэ хурал бидэнд олон боломжийг олгож байна. Евроазийн аюулгүй байдлын талаар бид энэ өдрүүдэд ярилцаж байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд тодорхой шалтгааны улмаас Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд яригдаж буй гол сэдэв бол Украйны хямрал байв. Гэхдээ өнөөдөр Та бүхний анхаарлыг өөр зүгт хандуулах, тодруулбал зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудалд хандуулахыг хүсч байна. Өнөөдрийн хурлын индэрт Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Төв Ази дахь бүсийн оффисын удирдлагуудтай зэрэгцэн суусандаа баяртай байна. Мөн энэ хуралд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын төлөөлөгч үг хэлэх гэж байгаад баяртай байна. Энэ нь бидний хувьд зөвхөн бүс нутгийн төдийгүй өргөн хүрээнд Евроазийн аюулгүй байдлын талаар ярилцах, санал солилцох боломж юм. Яагаад зүүн хойд Азийн аюулгүй байдалд бидэнд чухал гэдгээс эхэлье.

21272641789_4433f37307_kЭнэ бүс нутагт цөмийн энерги ашигладаг 3 том орон байна. Эдийн засгийн хөгжил хурдацтай явагдахын зэрэгцээ улс төр, эдийн засгийн зарим парадокс, сонирхолтой үзэгдэлүүд харагддаг. Зүүн хойд Азийн бүс нутагт сүүлийн 50 жилийн хугацаанд эдийн засаг маш эрчимтэй өссөнийг харж байна. 1960-аад оны үед дэлхийн нийт эдийн засгийн 4 хувьтай тэнцдэг байсан бол 2014 онд дэлхийн эдийн засагт эзлэх хувь 23 болж өссөн. Энэ нь Европын холбооны улсуудын эзлэх хувь хэмжээтэй дүйцэх хэмжээ юм. Манай бүс нутгийн эдийн засгийг цаашид хөгжүүлэх потенцаль өндөр. Бүс нутгийн хувьд хоорондоо уялдаатай зах зээлүүдийг бий болгосны зэрэгцээ байгалийн баялаг ихтэй орнууд энэ бүс нутагт байна. Мөн эдийн засгийг урт хугацаанд тогтвортой байлгадаг хүчин зүйлс болох санхүүгийн болон хүний капитал энэ бүс нутагт байна. Монгол Улс, Оросын Холбооны Улс бол байгалийн баялаг, ялангуяа эрчим хүч үйлдвэрлэлд ашиглагддаг байгалийн хий, газрын тос, нүүрс зэрэг ашигт малтмалын хэмжээгээр дэлхийд дээгүүрт бичигдэнэ. БНХАУ, Япон Улс хөрөнгө, капиталын нөөцтэй, Япон Улс, БНСУ-ын компаниуд технологийн ахиц дэвшлийг урагшлуулж байгаа, ноу-хауг бий болгож байгаа орнууд. Бүс нутгийн нийт хүн ам 1.7 тэрбум байгаа нь том зах зээл байгааг харуулж байна. Түүнчлэн бүс нутгийг хамарсан чөлөөт худалдааны гэрээнүүд хийгдэж байгааг харж байна. Мөн Европ, Азийн 30-аад орныг эгнээндээ нэгтгэсэн, Ази дахь дэд бүтцийн томоохон асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгө мөнгийг дайчлах зорилго бүхий Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк энэ бүс нутагт байгуулагдсан байгаа. Үүнээс гадна бүс нутаг дотроо болон бусад бүс нутагтай нийгэм, эдийн засгийн талаасаа хамтран ажиллахад чөлөөт худалдааны гэрээ, хэлэлцээрүүд маш их үр дүнтэй болно гэдэг нь тодорхой. БНХАУ, Япон Улс, БНСУ-ын гурван талт чөлөөт худалдааны гэрээ байгуулах процесс явагдаад эхэлсэн. Энэ бол бүс нутаг дахь өрнөж байгаа эдийн засаг, худалдаа, худалдааг хөнгөвчлөх хамгийн том яриа хэлэлцээр. 2014, 2015 онд БНХАУ-БНСУ, Монгол Улс-Япон Улс хоёр талт чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Мөн ОХУ болон БНХАУ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой байгаа. Тэр дундаа эрчим хүч, дэд бүтцийн чиглэлээр гэрээ хэлэлцээрүүдийг хийж байна. Эдгээрээс дүгнэж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрч байна гэж болно.

Улс төр болон аюулгүй байдлын талаас нь авч үзвэл бүс нутгийн хувьд анхаарал татсан хэд хэдэн зүйл бий. Ялангуяа Солонгосын хойг, Тайваньтай холбоотой тодорхойгүй зүйлүүд, газар нутгийн бүрэн бүтэн байдал, далайн тээврийн эрхийн асуудлаарх маргаан бий. Санаа зовоосон, анхаарал татсан зарим асуудал их олон жилийн түүхтэй. Тухайлбал, газар нутгийн зөрчил, маргаан юм. Энэ бүхнийг шийдвэрлэхэд харилцан ойлголцол, итгэлцэл, улс төрийн түвшинд ойлголцол чухал. Зүүн хойд Азийн бүс нутагт тулгамдаж байгаа асуудал гэвэл аюулгүй байдлын уламжлалт асуудлаас гадна уламжлалт бус асуудлууд байна. Тодруулбал, эрчим хүчний аюулгүй байдал, санхүүгийн эмзэг байдал, байгаль орчны доройтлын асуудал юм. Мөн бүс нутгийн эдийн засагт  тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизмыг бий болгох, бэхжүүлэх нь чухал. Энэ нь механизм бол бүс нутагт тулгамдаж бус асуудлуудыг шийдвэрлэхэд харилцан итгэлцэлийг нэмэгдүүлэх юм” гэв. Бүс нутагт энэ төрлийн яриа хэлэлцээрийн механизмууд байдаг ч үйл ажиллагаа явуулахгүй, мухардмал байдалд ороод байгааг мөн илтгэлдээ дурдаж байв. Цаг үеийн онцлогоос хамааран аюулгүй байдлын асуудлуудаар олон талт хамтын ажиллагаа, хэлэлцээр хийх шаардлага үүссэн. Тиймээс Хельсинкийн акт шиг Азийн хэмжээнд энэ хэлбэрийн баримт бичиг байгуулах хувилбар байж болох юм.

21271475300_f442f80d79_kМонгол Улсын хувьд бүс нутагтаа хамгийн тайван, бүх улс орнуудтай энх тайван харилцаатайгаараа онцлогтой. Үүгээрээ бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагаанд бүтээлч байдлаар оролцох байр суурьтай байж ирсэн. Энэ хүрээнд зарим арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн. Эдгээрт бүс нутгийн төдийгүй Европын орнууд ч оролцсон нь ач холбогдолтой байсан. Цаашид энэ чиглэлийн яриа хэлэлцээр явагддаг нутаг дэвсгэр нь Улаанбаатар байх бололцоотой хэмээн Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг илтгэлдээ дурдсан юм.

“Зүүн хойд Азийн аюулгүй байдал: Сорилт, боломжууд” сэдэвт илтгэлийнхээ төгсгөлд “Бүх түвшинд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд харилцан ойлголцол чухал гэдгийг бүс нутаг төдийгүй дэлхийн хэмжээнд анхаарч ажиллах хэрэгтэй. 40 жилийн өмнөх Хельсинкийн хүчин зүйл өнөөдөр ч ач холбогдолтой хэвээрээ байна” гэлээ.

21459490415_f8dbb48dff_kҮүний дараа Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын Бүс нутгийн терроризмын эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны олон улсын харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Бахрам Ауанассов илтгэл тавьсан. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага терроризмтэй тэмцэх нэгжийн үйл ажиллагааны стратегийг 2025 он хүртэл баталсан байгаа. Энэ стратегийг 2015 оны 05 дугаар сард баталсан. Энэ баримт бичгийг боловсруулахдаа олон зүйлийг харгалзан үзэх гэж хичээсэн. Мөн олон улсын хэмжээнд ажиглагдаж буй процессийг тооцсон. Хамтын ажиллагаа гэдэг бол олон талт, олон бүс нутгийн хэмжээний асуудал. Энэ бүс нутагт радикал үзэлтнүүд олширч байгааг харгалзах ёстой. Манай байгууллагын зүгээс аюлгүй байдлын чиглэлээр бүс нутаг төдийгүй олон улсын хэмжээнд үр дүнтэй арга хэмжээ авах, бүс нутгийн асуудлыг энх тайвны замаар шийдэх ёстой гэж үздэг. ЕАБХАБ болон бусад олон улсын байгууллагатай ч энэ чиглэлээр хамтран ажиллах ёстой. Дэлхийн хэмжээнд өрнөж байгаа үйл явцууд нь манай гишүүн орнуудын аюулгүй байдалд хэр хэмжээний нөлөөлөл үзүүлж байгааг бид тооцох ёстой. Бүс нутгийн хэмжээнд терроризмтой тэмцэх үзэл баримтлал бүхий тэрхүү баримт бичгийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх улс орон, олон улсын байгууллагууд олон бий гэдэгт итгэлтэй байна. Мөн зэвсэг, хар тамхины наймаа, цөмийн зэвсгийн түүхий эдийн хууль бус наймаа, хил дамнасан хууль бус наймаа гэх мэт тулгамдсан, тэмцэх асуудал байна. Мөн улс орны аюулгүй байдалд заналхийлэх магадлал өндөр байдгийг харгалзан мэдээллийн аюулгүй байдлыг анхаарч ажиллах ёстой. Бид хамтын ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэх бодлоготой байна. Ажиглагч гишүүд, бусад талыг үйл явцад идэвхтэй оролцуулахаар хичээж байна. Үүний тулд яриа хэлэлцээрийн механизмуудыг бий болгоод байна.

21468006351_aa7de989f8_kМонгол Улс ч терроризмтой тэмцэх байгууллагатай, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын үйл ажиллагаанд оролцдог. Цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой хэмээн ярилцаж байна.
Олон улсын чанартай террорист үйл ажиллагаатай тэмцэхэд олон улсын дэмжлэг, оролцоо чухал хэмээн бид харж байна. Энэ утгаараа олон улсын байгууллага болон бүс нутгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл солилцож, практик үйл ажиллагаагаа нэгтгэх шаардлагатай. Бид ч энэ талаар тодорхой мэдээлэлтэй, ажиглалт хийдэг болохоор үүнийг дэлгэрэхээс сэргийлж, олон үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллагаас баталсан 2 конвенци нь терроризмтой тэмцэх үйл ажиллагаанд олон улсын хэмжээнд ач холбогдолтой хэмээн үздэг. Харин үүнд олон улсын дэмжлэг шаардлагатай байгаа. Улс орон бүр террорист үйл ажиллагааны эсрэг эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч, ажиллах нь чухал.

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын Бүс нутгийн терроризмын эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны олон улсын харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Бахрам Ауанассов илтгэлийнхээ төгсгөлд терроризмтой тэмцэх зорилго бүхий 2 конвенцийг үр дүнтэй хэрэгжүүлцгээх уриалга дэвшүүлэв.

20836816114_e49983c267_k 21271200678_aaef9a2701_k 21271291350_d56ee88495_k 21271902589_074f80bfdd_k 21447944412_46b3450f4f_k

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …