Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Нийслэлийн Засаг даргын дэргэд экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч анх удаа ажиллаж эхэлснээс хойш хоёр жил гаруй болжээ. Өнгөрсөн хугацаанд юу хийж амжуулав?
-Өнөөдөр дэлхийн хотуудын хөгжил дэвшлийг тодорхойлохдоо хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн нийцэн хөгжиж байна вэ гэдгийг гол үзүүлэлт болгодог болсон. Харин Улаанбаатарын хувьд хүн амын хэт төвлөрлөөс улбаалаад хотын эрүүл ахуйн байдал их доройтсон байсан. Тиймээс Улаанбаатар хотын экологи, ногоон хөгжлийн асуудлыг өмнөх шигээ аль нэг салбарын хавчуурга байдлаар авч яваад байх боломжгүй гэж үзээд, нийслэлийн Засаг даргын дэргэд биеэ даасан бүтэц, зохион байгуулалттай салбар бий болгосон юм. Манайд нийслэлийн Байгаль орчны газар, Агаарын чанарын алба, Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар, Мал эмнэлгийн газар, хөдөө аж ахуй, газар тариалан гэхчлэн арваад салбар байгууллага харьяалагддаг. Өнөөдрийг хүртэл бид байгаль орчиндоо хэрхэн ээлтэйгээр зэрэгцэн хөгжих вэ гэдэг экологи, ногоон хөгжлийн үндсэн концепцоо боловсруулж ирсэн.
НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилт энэ онд дуусаж байна. Өнгөрсөн хугацаанд хэн нь юу хийж амжуулав гэдгээ дэлхий дахин дүгнэн хэлэлцэж байна. Цаашид Тогтвортой хөгжлийн бодлого буюу экологи, ногоон хөгжлийн асуудал руу дэлхий нийтээрээ анхаарал хандуулж, ирэх арванхоёрдугаар сард Парис хотноо тунхаглан зарлахаар бэлтгэж буй. Дэлхийн улс орнуудын хөгжлийн энэ хоёр бодлогын заагт Улаанбаатар хот өөрийн гэсэн бодлогоо тодорхойлж, хөгжлийн загваруудаа бодитойгоор гарган ирсэн нь том үр дүн. Мод, цэцэг тарьсан, авто зам тавьсан тухай энд би яриагүй шүү. Нийслэлчүүд бид цаашид яаж хөгжих вэ гэдэг эрх зүйн орчин бүрдсэн нь маш их ач холбогдолтой.
-Улаанбаатар хот анх удаа ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй болох шийдвэр гарсныг та хэлээд байна уу?
-Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй болно гэдэг нь хөгжлийн дараагийн хаалгаар нэвтрэх визээ авна гэсэн үг. Гэхдээ одоогоор дэлхийн арав орчим хот л ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй байгаа. Канадын Ванкувер, Австралийн Сидней, Японы Китокишү, Солонгосын Сөүл тэргүүтэй цөөн хот л ногоон хөгжлийн хөтөлбөрийнхөө дагуу бүтээн байгуулалт хийдэг. Бид өөрсдийгөө бусад улсаас түрүүнд яваа гэж ойлгож байгаа. Учир нь 2014 онд УИХ-аар Монгол Улсын Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг соёрхон баталсан. Үүнээс хагас жилийн дараа нийслэлийн удирдлагууд ажилдаа орж, Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө гаргахаар судалж байна.
Улаанбаатар бол харьцангуй залуу хот. Орчин үеийн инженерийн шийдэл, зохион байгуулалт бүхий барилгажсан хот болоод 60, 70 жилийн нүүр л үзэж байна. Хотжих явцад тулгардаг бүхий л зовлон бэрхшээлийг даван туулахын тулд бид одоо ч тэмцсээр байна. Гэвч бидний энэ зовлон 200, 300 жилийн түүхтэй хотуудын дэргэд юу ч биш байхгүй юу. Тиймээс тэр хотуудаас суралцах, харилцан туршлага солилцох гэх мэт хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай юм байна. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг ийм дэс дараатай хийх ёстой юм байна, бидний чадал хүрэхгүй зарим нэг бэрхшээл сорилтыг алдаа, оноо нэгтэй ах, дүү хотуудынхаа тусламжтайгаар даван туулах хэрэгтэй юм байна гэдэг дүр зураг одоо бидэнд буучихаад байна.
-Ногоон хөгжил гэж яриад л байдаг. Яг ямар шалгуур үзүүлэлтүүд хангасан хотыг ногоон хөгжилтэй гэх юм бэ?
-Ногоон хот гэхээр манайхан мод тариад, цэцэг ургуулаад байвал болчихдог гэж ойлгодог байсан. Гэтэл дэлхий дахинд ямар хотыг ногоон хөгжлийг хангасан гэх вэ гэдэг үзүүлэлт арай өөр байдаг. Нэгдүгээрт, тухайн хотын хог хаягдал байгальд хор нөлөөгүй байх ёстой гэдэг. Аливаа хог хаягдал аль нэг үйлдвэрийн түүхий эд болдог, тэндээс гарсан хог хаягдал дахиад дараагийн үйлдвэрийн түүхий эд болдог “0 хогны менежмент”-ийг хэр нэвтрүүлсэн бэ гэдэг үзүүлэлт ногоон хотод их чухал. Өнөөдөр манайд хог боловсруулах үйлдвэр байгаа бил үү. Хоёрдугаарт, ногоон нийтийн тээвэр. Хотын эрүүл харилцаа нийтийн тээврээс ихээхэн хамааралтай байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, нийтийн тээвэр бол аливаа хотын амин судас нь. Гэтэл Улаанбаатарт том оврын, дизель хөдөлгүүртэй 1200 автобус шугаманд явдаг байсныг одооноос өөрчлөх гээд үзээд л байна. Ногоон хотын дараагийн шалгуур нь агаарын, хөрсний бохирдол хэр их байгаагаар хэмжигддэг. Энэ хоёр үзүүлэлтээр бид мөн л тун тааруу үнэлгээ авахаар байгаа шүү дээ. Цэвэр усны нөөцийн асуудал ногоон хотод бас их чухал. Эцэст нь эрчим хүч. Өнөөдөр түүхий нүүрс түлж байж эрчим хүч үйлдвэрлэдэг манайх шиг хот ногоон хөгжилд хүрэх болоогүй юм шиг байгаа биз?
-Мөн ч хол сонсогдож байна. Бүгдээрээ л боломжгүй мэт…
-Нэг талаар тийм. Нөгөө талаар бас үгүй. Яагаад гэвэл бид хэдэн зуун жилийн өмнөөс хотжиж эхэлсэн, буруу зөрүү бүтэц зохион байгуулалтаар туйлд нь хүртэл яваад ирсэн бусад хотоос өөр шүү дээ. Бидэнд засаж залруулах боломж бий. Сайн, муу жишээ ч өчнөөн байна. Гэхдээ одооноос ажлаа эхлэхгүй бол оройтно. Тиймээс энэ саад бэрхшээлийг хэрхэн даван туулдгийг бусад хотын туршлагаас хуваалцах гээд байгаа юм.
-Энэ сарын 21-22-нд Улаанбаатарт зохиогдох Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын үеэр “Хотын ногоон хөгжил” сэдэвт хурал зохион байгуулах болсон шалтгаан үүнтэй холбоотой юу?
-Тийм ээ. Энэ хурлыг зохион байгуулах болсон шалтгаан ерөөсөө л наадах чинь. Улаанбаатар хот дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах эрмэлзлэлээ олон улсад харуулах хэрэгтэй. Бидний өмнө тулгарч буй сорилт өөр бусдад ч гэсэн байгаа учраас тэдэнтэй нийлж, санаа оноогоо хэлэлцье гэсэн юм. Нөгөөтэйгүүр, ногоон хөгжлийг дэмжих сонирхолтой олон улсын санхүүжилтийн байгууллагуудад хандан, дэмжлэг авах зорилго бас байна.
Өнгөрсөн жил нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум Улаанбаатарт болсон. Энэ хурлыг хоёр жилд нэг удаа зохион байгуулаад, дунд нь “Хотын ногоон хөгжил” сэдэвт хамтарсан уулзалт хэлэлцүүлэг хийж байхаар тохирсон юм. Энэ дагуу Зүүн хойд Азийн зургаан хотын дарга нар Улаанбаатарт чуулж, ногоон хөгжлийн талаар хэлэлцэх гэж байна. Хурлаас гарсан уриалга тунхагийг ирэх арванхоёрдугаар сард Парист болох НҮБ-ын хуралдаанд танилцуулж, “Дэлхийн хөгжлийг ногоон болгохыг Зүүн хойд Азийн орнууд дэмжиж байна” гэдгээ зарлах юм. Энэ бол Улаанбаатар ямар нээлттэй хот болохыг олон улсад, хөрөнгө оруулагч, түнш байгууллагуудад харуулах ач холбогдолтой.
-Ямар ямар хотын дарга нар ирж, ямар ололт амжилтаа хуваалцах бол гэдэг сонин байна?
-Ногоон хөгжлийн чиг хандлагыг дэмжин илүү их санаачилгатай ажиллаж байгаа хотуудын дарга нар ирэх юм. ОХУ-аас Улаан-Үд, Элиста, БНХАУ-аас Шэньжен, Карамей, Хөлөнбуйр, Хайнан, БНСУ-ын Сөүл, Японы Ниигата гэх мэт арав гаруй хотын дарга нар ирэх юм. Японы зарим хот хог хаягдлын менежментээрээ, хогийг эдийн засгийн эргэлтэд оруулдгаараа улсдаа байтугай дэлхийд толгой цохиж байгаа. Хятадын зарим хот сүүлийн үед ухаалаг системд эрчимтэй шилжиж байна. Ногоон байгууламж, нийтийн тээвэр, цахилгаан эрчим хүч, агаарын бохирдол гээд бүхий л үзүүлэлтээр хурдтай урагшилж буй дээрх хотуудын дарга нар туршлагаа хуваалцах юм. Энэ асуудлыг бид ингэж шийдэж байлаа, ийм байхад нь ийм болгосон гэхчилэн харилцан нэгэндээ зөвлөгөө өгнө. Мөн ямар нөхцөлүүд хангасан тохиолдолд олон улсын санхүүжүүлэгч байгууллагууд дэмжлэг үзүүлдэг талаар хүртэл туршлагаасаа хуваалцана. Тус хуралд НҮБ-ын төлөөллөөс гадна Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк, Азийн хөгжлийн банк, Азийн сан, “Иклей” олон улсын байгууллага гээд ногоон хөгжилд санхүүжилт олгодог томоохон байгууллагууд оролцох учраас үр дүн сайтай байна гэж итгэж байгаа. Тэдний тавьдаг гол шалгуур бол ногоон хөгжлийн үзэл баримтлал, стратеги төлөвлөгөөгөө гаргасан хотуудад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг юм байна. Тиймээс бид энэ хурлаас өмнө ямар ч байсан стратеги төлөвлөгөөгөө 80-90 хувьтай гаргах гээд эрчимтэй ажиллаж байна. Арванхоёрдугаар сар гэхэд бүрэн дуусгаж, НҮБ-ын хурал дээр ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй хотын тоог нэгээр нэмэх зорилготой.
-“Энийг ч хийчихье. Тэрийг ч хийчихье. Энэ ч хэцүүдчихэж” гээд юм юм руу самгардахгүй, одоо илүү бодитой хандах цаг болсон болов уу. Дээр таны ярьсан шиг бүх асуудал хэцүүхэн байхад яг юунаас нь эхлэх вэ гэдгийг энэ төлөвлөгөө чиглүүлж өгөх үү?
-Тэгэлгүй яах вэ. Эхлээд ямар бүтээн байгуулалт хийвэл тэр нь дараагийн ажлын хөшүүрэг, дэм болж өгөх вэ гэдгийг бодолцсоны үндсэн дээр энэ төлөвлөгөө хийгдэнэ шүү дээ. Өдгөө дэлхий дахинд хөгжлийн маш олон бодлого гарч байна. Энэ бүхэн явж явж тогтвортой байдал, тогтвортой хөгжил гэдэг зүйл рүү очиж байна. Ямар нэгэн бүтээн байгуулалт маш тогтвортой, бие биенээ дэмжиж байх ёстой гэсэн үг. Тэгж байж ногоон хөгжилд хүрдэг юм байна. Бид энэ дагуу л явах гээд байна. Маш нарийн тооцоо судалгаанд үндэслэн ногоон хөгжлийн төлөвлөгөөг баталбал төсөв хэлэлцэхэд тухайн онд ямар бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх ёстой, тэгснээр дараа жилийн их ажлын зардлыг 30 хувиар бууруулна гэхчлэн тогтсон механизмд орох юм.
Л.Ганчимэг