Улаанбаатар хотод ойрын жилүүдэд хийгдээгүй эрс шинэчлэлүүд шил шилээ даран хийгдсээр байна. Хөгжил гэдэг шинэчлэл болохоос хуучинтайгаа зууралдах биш. Энэ удаа нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төв цэгүүдийн нэг болсон Энхтайваны гүүрний ачааллыг бууруулах зорилготойгоор хийж буй хоёр гүүр, нэг нүхэн гарц ирэх долоо хоногоос ашиглалтад орох гэж байгаа тухай сурвалжлагыг бэлдлээ.
Б.НАМЖИРМАА: ГҮҮР, НҮХЭН ГАРЦНЫ АЖИЛ ДУУССАН
Нийслэлийн Авто замын газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан
-Нарны замыг 19 дүгээр хороололтой холбох нүхэн гарцын ажил яг хэзээ дуусах вэ?
-Хоёр гүүр, нэг нүхэн гарц бүхий бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж авсан компаниуд 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өгөх ёстой ч хугацаанаасаа өмнө ажлаа дуусгаж байна. Өөрөөр хэлбэл, Нарны замыг 19 дүгээр хорооллын арын замтай холбох 1.5 км авто зам, 48.6 урт метр хайрцаган дам нуруутай төмөр бетон гүүр, 9.58 урт метр хавтан дам нуруутай төмөр бетон гүүр болон 20 метр урт төмөр зам доогуурх жижиг тэрэг гарах нүхэн гарцын ажил дуусч байна. Одоо ердөө 150 метр газарт л асфальт хийгээгүй, жижиг сажиг ажлууд үлдсэн байна.
А.БОЛОРМАА: ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ХОЁР ТАЛЫН УУЛЗВАРЫГ
НЭЭХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙНА
Нийслэлийн Авто замын газрын Хяналтын инженер
-Иргэдийн дунд нилээд хүлээлт үүсээд байгаа энэ нүхэн гарцын зарим ажил дутуу байгаа гэлээ?
-Нийт 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа 1.5 км замд 9.6 метр урт гүүр нь 90 хувь, 48.6 м урт гүүр нь 95 хувь, 22 метр урттай нүхэн гарц нь 100 хувийн гүйцэтгэлтэй байна. 48.6 м гүүр нь 14.5 м өргөнтэй дөрвөн эгнээ хоёр урсгалтай хийгдсэн. Автозамаас гадна бүрэн гэрэлтүүлэг, явган хүний зам хийгдэж байгаа. Одоо эдгээрээс засал чимэглэлийн ажлууд, тухайлбал нүхэн гарцны дээш өгссөн хэсэгт тэмдэг тэмдэглэгээ, хальтиргаа гулгаанаас хамгаалах аюулгүйн санамж тэмдэг гээд багаахан ажил үлдээд байна.
-Энэ нүхэн гарц, гүүр ашиглалтад орсноор инженерчлэлийн хувьд ямар давуу талууд ажиглагдаж байгаа вэ?
-Шинэ зам ашиглалтад орсноор Энхтайваны гүүр, нарны гүүр, замын цагдаагийн призер гарцын ачаалал 30 орчим хувиар багасна гэсэн төлөвлөгөөтэй байна. Мөн хараагүйчүүдийн нийгэмлэгээс Энхтайвaны гүүрэн доогуур тавигдах туслах зам нь хоёр эгнээ долоон метр өргөн тавигдахаар болсон. Ингэснээр нарны гүүрийг давалгүй паркийн баруун урд уулзвар хүртэл явах боломж бүрдэх юм.
-Дугуйн замыг ч мөн шийдсэн тухай өмнө нь мэдээллэж байсан?
-Хөрөнгө оруулалтын газрын шийдсэн байсан дугуйн замыг дахин хийх шаардлагатай болсон. Одоогоор асфальтын ажил хөрөнгө мөнгөний асуудал дээр жаахан гацаатай байна.
-2.3 МЕТРЭЭС ДООШ ӨНДӨРТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ-
Долоон метрийн өргөнтэй энэ нүхэн гарцаар зөвхөн 2.3 метр болон түүнээс доош өндөртэй тээврийн хэрэгсэл зорчих боломжтой аж. Энэхүү ажлыг 4.3 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр хийж буй тус бүтээн байгуулалтын баталгаат хугацааг хуулийн дагуу гурван жилийн турш гүйцэтгэгч компани хариуцах юм байна.
Б.ГЭРЭЛ