Төв аймаг дахь шүүхэд ажиллалаа

1442552396_pt2a5714Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Тахарын ерөнхий газраас хамтарч, Төв аймаг дахь шүүхэд хуульчид ямар орчин, нөхцөлд ажиллаж байгаатай өчигдөр газар дээр нь очиж танилцаж, хуульчидтай уулзлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хуульчдын дунд хоёр удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд энэхүү хэлэлцүүлгийн үеэр хуульчдын ажиллах орчин, нөхцөлийн асуудал нэлээд хөндөгдсөн учраас Монголын хуульчдын холбооны хүсэлтээр ийнхүү танилцаж байгаа бөгөөд өмнө нийслэл дэх шүүхүүдийн байртай танилцаж, холбогдох дүгнэлтийг гаргасан бол энэ удаад нийслэлтэй хамгийн ойр, хэргийн ачаалал хамрах хүрээ их гэдэг утгаар нь Төв аймгийн шүүхийн байртай танилцсан юм. Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргааны хэлтсийн дарга С.Энхбаяр, Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Хүний нөөцийн удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Баярцэцэг, Хангамж үйлчилгээний хэлтсийн ахлах референт П.Ариунболд болон Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батсүх, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчдийн хорооны тэргүүн З.Сүхбаатар, Тахарын ерөнхий газрын Нийслэлийн 10 дугаар тойргийн тахарын дарга, тахар Б.Болд-Эрдэнэ нар оролцлоо.

Хэргийн ачаалал нэмэгджээ

1442552387_1Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал шүүхээ танилцуулсан юм. Тус шүүх нь Ерөнхий шүүгчээс гадна Д.Буянтогтох, С.Оролмаа, Ю.Энхмаа нарын 4 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Одоогоор нэг шүүгч өвдсөн, нэг шүүгч амралттай хоёр шүүгч ажиллаж байгаа аж. Төв аймгийн 27 сумдыг харьяалан гэмт хэрэг, захиргааны зөрчил, ШШГЕГ-ын харьяа хорих 415, 403, 417 дугаар ангиас ирүүлсэн хянан магадлангийн материалыг хянан шийдвэрлэж байна. Өнгөрсөн долдугаар сарын байдлаар 213 хэргийг шийдвэрлээд байгаа бөгөөд энэ нь 2014 онд шийдсэн нийт хэргээс хоёр дахин илүү, өөрөөр хэлбэл хэргийн ачаалал нэмэгдсэн болохыг дуулгалаа.

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хувьд ч мөн хэргийн ачаалал нэмэгджээ. Тус шүүх Ерөнхий шүүгч Б.Хажидмаа, шүүгч Ч.Одсүрэн, Д.Чанцалням нарын гурван шүүгчтэй ажиллаж байна. 2015 оны 2 дугаар улирлын байдлаар урьд оны үлдэгдэл 3 хэрэг, шинээр 17 нэхэмжлэл хүлээн авч, нийт 20 хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Үүнээс: Хялбаршуулсан журмаар 7 хэрэг, шүүх хуралдаанаар 2 хэрэг нийт 9 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Эдгээрээс үзвэл шүүн таслах ажиллагаа нь 90 хувийн чанарын үзүүлэлттэй ажилласан байх бөгөөд дунджаар нэг шүүгч 7 хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Э.Ариунаа, шүүгч Л.Мөнхцэцэг, Л.Оюунцэцэг, Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Төв аймгийн 27 сумыг харьяалан иргэний хэрэг маргаан болон ШШГЕГ-ын харьяа Төв аймгийн Баян сум дахь Архины албадан эмчлэх газраас ирүүлсэн хүсэлтийг хянан шийдвэрлэдэг. Төв аймгийн 17 сумыг харъяалан 2015 оны 2 дугаар улирлын байдлаар нийт 241 иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн ба үүнээс 97 хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байна. Тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагч Н.Түвшинжаргал 2015 оны 2 дугаар улиралд 218 өргөдөл хүлээн авч, 9 өргөдлийг хүсэлт гаргагчийн хүсэлтээр буцааж, 188 өргөдлийг шийдвэрлэж, 144-г шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.

1442552734_2

Тус шүүхэд Аравдугаар тойрог, Нийслэлийн тахарын албаны Төв аймаг дахь хэсэг ажилладаг бөгөөд Тахарын албаны 9 албан хаагч байхаас 7 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүхийн барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах, шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, хуяглан хүргэх, хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх, оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах, баривчлах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газар Э.Чингис даргатай, нийт 30 ажилтантайгаар ажиллаж байна. 2015 оны байдлаар Заамар, Лүн сумдад нээлттэй эрүүгийн хэргийн гурван шүүх хуралдаан амжилттай зохион байгуулж, сумдын иргэдэд шүүхийн талаар мэдээлэл өгч ажиллажээ. Мөн Баянчандмань суманд иргэний шүүх хуралдаан зохион байгуулж, гэрч асуух, нэхэмжлэл хүлээн авах зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн байна. Түүнчлэн Бүрэн, Баян-Өнжүүл, Архуст, Багахангай, Аргалант, Цээл, Угтаалцайдам, Алтанбулаг сумдад нүүдэллэн эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх 60 гаруй маргааныг хянан шийдвэрлэжээ. Тамгын газраас аймгийнхаа орон нутгийн телевизээр дамжуулан шүүн таслах ажиллагааны мэдээллийг улирал тутамд, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой мэдээллийг иргэдэд цаг алдалгүй хүргэн Мөнгөнморьт, Эрдэнэ, Баяндэлгэр сумдад “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулжээ.

Хуульчидтай уулзаж, сонирхсон асуултад хариуллаа

Шүүхийн байртай танилцахаар очсон бүрэлдэхүүн тус шүүхийн шүүгчид болон Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг өмгөөлөгчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа. Энэ үеэр өмгөөлөгч С.Сувдмаа Төв аймгийн хэмжээнд долоон өмгөөлөгч үйл ажиллагаа явуулдаг. Залуучууд ирж ажиллахгүй байна. Өмгөөлөгчдийн хувьд шүүх дээр үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, өрөө тасалгаагүй, бид шүүгчийн туслахын ширээний булан дээр хэрэгтэйгээ танилцдаг гэх гомдлыг хэлж байлаа. Шүүхийн хувьд одоогоор өрөө тасалгаа хүрэлцээгүй учраас өмгөөлөгч нарт тусад нь өрөө гаргаж өгөх боломжгүй байгаа гэлээ. Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал өмгөөлөгч нараас болж хурал шалтгаангүй олон дахин хойшилж байгааг хэлээд ийм тохиолдолд Монголын хуульчдын холбоонд албан бичиг явуулдаг. Явуулсан албан бичгийн дагуу ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй, ямар нэг хариу өгдөггүй. Үүнд анхаарал хандуулахыг Монголын хуульчдын холбооноос хүслээ. Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батсүх холбогдох хүмүүст дамжуулж, албан бичгийн дагуу авсан арга хэмжээний талаар хариу өгч байхаар боллоо. Мөн тэрээр “Өмгөөлөгч нарт шүүх хуралдааны бэлтгэлээ хангах, өрөө тасалгаа боломжийн хэрээр гаргаж өгөхийг хүсээд нүүдэллэн ажиллах явцад шүүгч, хуульчдын аюулгүй байдлыг хангах тал дээр Тахарын албанаас анхаарал хандуулах ёстой гэв. Ингээд шүүхийн өрөө тасалгаатай танилцсан юм.

Шүүгчдийн өрөөг тусгаарлахыг даалгав

Биднийг очиход шүүхийн байранд дотоод заслын ажил хийгдэж байлаа. Нэгдүгээр давхарын тааз, хананы заслын ажил хараахан дуусаагүй, харин хоёрдугаар давхарын заслын ажил дуусчээ. Тамгын газрын дарга Э.Чингис ирэх долоо хоногт засварын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэлээ. Мөн өрөө тасалгааны хүрэлцээгүй байдал Тамгын газрын тулгамдсан асуудал болоод байгааг тэрээр хэлж байв. Тухайлбал өмгөөлөгч, прокурорын хэрэг танилцах өрөө, хүүхдийн өрөө, сургалтын танхим, иргэдийн төлөөлөгч нарт зориулагдсан өрөө, шинээр томилогдож ирэх шүүгч болон захиргааны ажилчдад зориулсан өрөө, үйлчилгээний ажилчид болон тахарын албан хаагчид байрлах өрөөгүй байна. Өргөтгөл нэмж барьвал энэ асуудал шийдэгдэхээр байсан. Бид өөрсдийн хүчээр, 80 сая төгрөгөөр өргөтгөл барихаар зураг төсөл гаргаад Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн боловч мэргэжлийн зураг төсөв, холбогдох байгууллагуудын шинжээчийн дүгнэлт шаардлагатай гэсэн. Холбогдох газруудаас дүгнэлт аваад есдүгээр сард ажил эхлэхээр байсан ч энэ жилд амжихгүй гээд төсвийг эргүүлэн татсан гэлээ. Шүүхийн захиргааны хэлтсийн дарга С.Энхбаяр “Энэ бол Шүүхийн тамгын газрын зохион байгуулалтын буруу. Өргөтгөл барихад шаардлагатай бүх баримт бичиг, дүгнэлтийг эрт ядаж наймдугаар сард өгсөн бол энэ асуудал шийдэгдэх боломжтой байсан. Шүүгч нарын өрөөг ямар нэг байдлаар тусгаарлах ёстой. Наад зах нь бичиг баримт алдвал яахав. Хэн дуртай нь шүүгчийн өрөө рүү давхиад ороход бэлэн ийм нөхцөл байдалтай байж болохгүй. Аюулгүй байдал талаас нь ч ажиллах нөхцөл орчин талаас нь ч шүүгч нарыг тусгаарлах ёстой” гэв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан шүүгч нарын өрөөг аль нэг давхарт төвлөрүүлж, тусгаарлах боломжийг судлаад шаардагдах санхүүжилтийн тооцоог Шүүхийн ерөнхий зөвлөлд яаралтай гаргаж өгөхийг Тамгын газрын дарга Э.Чингист даалгалаа.

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …