Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллагаас 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй хайрханы энгэр бэлд Иргэдийн баяр зохион байгуулж Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нарын албаны хүмүүс, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхны дарга Д.Тогтохжаргал, анхны Засаг дарга А.Зул нар урилгаар, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын Советский дүүргийн зочид төлөөлөгчид, 19 хорооны Иргэдийн Нийтийн Хурлын болон Засаг дарга нар иргэд оролцов.
Иргэдийн баярын гол зорилго нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, мэдээллээр хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сурталчлах иргэдийн оролцоо, санаачилгыг дэмжихэд оршиж байгаа юм. Уг баярын үеэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх алба, хэлтсүүд, дүүргийн 19 хорооны ажилтнууд ажлаа танилцуулж, иргэдэд үйлчилж , иргэдэд иргэний үнэмлэхийг нь олгох зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдав.
Мөн дүүргийн Соёлын төвийн уран бүтээлчид, дүүргийн авьяаслаг иргэдийн урлагийн тоглолт, идэрчүүдийн бөхийн барилдаан, худалдаа, хоол үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, хороодын дунд уламжлалт зан заншлын дагуу нутаг, нутгийн онцлогтой цай чанаж, иргэдэд цайны амталгаа явуулах зэрэг олон арга хэмжээ зохиолоо.
Чингэлтэй дүүрэг 170 мянга гаруй хүн амтай, үүнээс 51 мянга орчим нь 0-18 насны хүүхэд байдаг. Тэдгээр хүүхдэд эрүүл мэндийн анхан шатны эмчилгээ, үзлэг хийх боломжийг бүрдүүлэхээр БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцаллтгүй тусламжаар 15 дугаар хороонд Хүүхдийн амбулатори, дүүргийн хөрөнгө оруулалтаар 7 дугаар хороонд Хүүхдийн цэцэрлэг барьж, хүлээж авахад бэлэн болоод байна. Сүүлийн жилүүдэд “Ногоон дүүрэг” болох зорилт дэвшүүлсэн Чингэлтэй дүүрэгт бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй хийгдэж байгаа юм. Иргэдийн баярын үеэр Ахмад настанд ээлтэй аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулан шагнаж, 19 хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Засаг дарга нарт Чингэлтэй дүүргийн шинэчилсэн билиг тэмдэг /лого/ бүхий далбаа, Чингэлтэй дүүргийн “брэнд бүүк” номыг хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн юм.
Эх сурвалж: chingeltei.gov.mn