Эх үрсийн элч дуучин Ноён Бондгор нэрээрээ урлагийнханд төдийгүй Монголын ард түмэнд танил болсон дуучин Ц.Амарбаяр нэгэн мэдэгдэл гаргалаа. Тэрээр дүрэлзэн асах галаас эр зориг гарган дүүгээ аварч 80%-ийн түлэгдэлтэй болсон эрэлхэг А.Цэрэнтогтох хүүд зориулж өөрийн дуулсан “Дүү минь” хэмээх сайхан дуугаа дахин клипжүүлж хийхээр болжээ.
Тэрээр хэлэхдээ: “Нэг эхийн хэвлийгээс мэндэлсэн ахан дүүс, нэгэн биеэ ололцсон итгэлт хүмүүст зориулсан “Дүү минь” дуу 2012 онд сонсогч олон түмэнд хүрч байсан. Гарсан даруйдаа олон түмний дуртай хит дуу болж 2012 оны шилдэг дуу цомыг авч байсан. Энэхүү сайхан дуугаа ах хүний агуу нинжин сэтгэл, уужуу ухааныг Монгол түмэнд гэрчлэн харуулсан А.Цэрэнтогтох хүүд зориулж дахин шинэчлэн гаргахаар боллоо. Клипний ажилдаа удахгүй орно. Ирэх сардаа багтан дуугаа шинэчлэн клипжүүлж Монгол түмэндээ хүргэх болно” хэмээв.
Ийнхүү ахан дүүсийн ариун сайхан холбоо, аз жаргалтай бүтэн гэр бүлийн жаргалыг авч үлдэж чадсан А.Цэрэнтогтох хүү дуутай боллоо. Ирэх сард гарах шинэхэн клипийг Ноён Бондгорын фэнүүд, Монгол зон олон баяртайгаар хүлээн авах болно. Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ…
Л.Мишээл
PHOTONEWS.MN