Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередовын 2015 оны зургадугаар сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр “Туркменистан Улсын соёлын өдрүүд” манай улсад 2015 оны 09 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ онд манай хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 23 жилийн ой тохиож байгаа бөгөөд анх удаа Туркменистан Улс өөрийн соёлын өдрүүдээ манай улсад зохион байгуулах гэж байна.
“Туркменистан Улсын соёлын өдрүүд” арга хэмжээнд Туркменистан Улсын Ардын жүжигчин, дуучин Маммедова Аманбиби, Туркменистан Улсын Гавьяат жүжигчин, дуучин Союнов Достмаммет тэргүүтэй уран бүтээлчид, “Ашхабад” болон “Дагдан” хамтлагийн бүжигчдийн хамтаар шилдэг бүтээлүүдээ тоглож, туркмены уламжлалт дуу, хөгжмийг Монголчуудад танилцуулах юм.
Түүнчлэн Монгол Цэргийн музейд Туркменистан Улсын музейн сан хөмрөгөөс шилдэг зураачдын уран зураг болон урчуудын гар урлалын бүтээлүүдээр үзэсгэлэн гарна.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт 2015 оны 09 дүгээрс сарын 22-нд болох “Туркменистан Улсын соёлын өдрүүд”-ийн нээлтэнд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга, Туркменистан Улсын Соёлын орлогч сайд Абдыева Б.Г, Туркменистан Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Чинар Рустамова болон хоёр улсын соёл урлагийн салбарын нэр хүндтэй зочид, төлөөлөгчид оролцоно.
Эх сурвалж: news.mn