“Эрүүл өөдрөг амьдрал” булан энэ удаа нойрны тухай өгүүлэхээр бэлтгэлээ. Зарим хүмүүс шөнө дөл болтол сууж, нойроо хасан ажиллаж байгаагаа илүү амжилтанд хүрэхийн төлөө зүтгэж байна гэж боддог.
Гэвч хүн алдсан нойроо хэзээ ч эргүүлж бүрэн хэмжээгээр авч чаддаггүй ажээ. Дутуу нойртой хонох нь анхаарал төвлөрөлт болон ажлын чадвар буурах зэрэг илт муу уршиг дагалдуулдаг. Хүн хоолгүйгээр бүтэн сар амьдарч чадах ч, нойргүй арваас дээш хоног явж чадахгүй. Энэ нь бидэнд нойр ямар чухал хэрэгцээтэй болохыг нотолж байгаа юм. Тэгвэл Нойр яагаад ийм чухал юм бол?
Нойр гэдэг нь хүний ажиллах чадамжийг тасралтгүй хангаж байдаг организм дахь давтамжит үйл явц төдийгүй бие махбодийг хамгаалагч өвөрмөц хамгаалал юм. Нойр нь тун эмзэг. Гадны нөлөөлөлд амархан өртөмтгий. Учир нь унтах үед хүний тархи амардаггүй. Тархины зарим эд эс, нейронууд идэвхигүй байдалд ордог ч бусад нь ажиллаж байдаг. Нойргүйдлийн улмаас үүдэлтэй биеийн ядаргаа нь тархинд нөлөөлж биеийг удирдах, хянах үйл явц нь сулардаг.
Хүн хэдэн цаг унтах хэрэгтэй вэ?
Үүний хариуг анагаах ухаан одоо хүртэл олоогүй байна. Хүн бүрийн бие махбодын амрах цаг харилцан адилгүй. Зарим хүн 8 цаг унтдаг байхад, заримд нь 5 цагийн нойр хангалттай гэнэ. Мөн 10 цаг унтсан ч нойрмог хэвээр байдаг хүн ч цөөнгүй. Хүн хоногт дунджаар 6 -8 цаг унтдаг. Нярай хүүхэд хоногт 16-20 цаг, багачууд 10-12 цаг унтаж амардаг бол насанд хүрэгсэд 6-7 цаг унтсанаар хангалттай нойроо авч чаддаг. Нас ахих тусам унтах хугацаа богиносч жараас дээш насныхан өдөрт таваас ихгүй цаг нойрсдог. 7- 8 цагийн туршид нойрсох үед тархи дунджаар 30-90 минут үргэлжилсэн, 10-15 минутын завсарлагатай гүн нойрны циклд ордог. Энэ фазын хооронд зүрхний хэм, амьсгал авах нь үл мэдэг удааширна. Унтаж нойрсох үед бие организмд сэргээх нөхөн төлжих үйл явц явагдаж, булчингууд суларч амарна.
Нойр хүрэх үед шууд унтахгүй бол дахин 1-2 цаг хүлээх хэрэгтэй болно. Хүмүүс “нойр хулжлаа” гэж ярьдаг нь энэхүү органик тэнцвэр алдагдсан гэсэн үг юм. Ингэснээр та амрах цагаасаа алдаж хохиролд орж байна гэсэн үг. Ялангуяа тогтмол цагт сэрэх шаардлагатай үед энэ нь танд томоохон алдагдал болох нь гарцаагүй.
Нойр хулжсанаас үүдэн…
Телевиз үзэх, хөгжим сонсох, компьютер тоглох үедээ унтах, эс бөгөөс эрт босохын тулд зориуд эрт унтах, шөнө унтаж чадаагүйгээ өдөр нь нөхөх гэж оролдох, хүнд ажил хийж их ядраад шууд унтах зэрэг нь зүй зохисгүй арга бөгөөд тав тухтай унтаж чадахгүй мөртөө гүн нойроо хулжааж байгаа хэрэг юм. Нойр хулжсанаас доорх өвчинд нэрвэгдэж болзошгүйг эмч нар сануулж байна.
Өмөн үү
Өмөн үү гэдэг анагаахуйяа бэрх хорт хавдрын нэрийг сонсохтой зэрэг айдас хүрнэ. Гэхдээ энэхүү аюулт өвчин нь аягүй бол унтах нойр муудсаны улмаас бий болсон байж тун магадгүй юм. Сайхан унтаж амрах бол өмөн үүг ялан давах хамгийн сайн арга мөн.
Сэтгэцийн өвчин
Сэтгэлээр унах, байнга ядарсан байдалтай урамгүй явах, санаа сэтгэл тогтворгүй болж бачимдан бухимдах, улмаар юм бүхэнд назгай хандах бол сэтгэцийн өвчинд нэрвэгдэж байгаагийн шинж. Нойр хулжих болон сэтгэцийн өвчин нь хоорондоо нягт хэлхээ холбоотой. Санаа сэтгэл урамгүй болох, сэтгэлээр унах, ажлын эрч буурах, түвэг ихтэй ажлыг сайн хийхийн төлөө шөнө болгон илүү цагаар ажиллах, ийм байдал удаан хугацаагаар үргэлжлэх юм бол гарцаагүй сэтгэцийн өвчинд нэрвэгдэх болно.
Мартамхай болох
Нүдний харц сулрах, хэлж ярилцах үеийн хариу үйлдэл удааширч байнга ташаа буруу үг хэлэх, эдгээр бол мартамхай болж байгаагийн гол илрэл юм. Үүнээс гадна нойр хулжих нь ч мартамхай болохтой тун нягт холбоотой юм.
Хурхирах
Хурхирах нь бусдад саад болдог төдийгүй өөрийн биеийн эрүүл мэндэд ч нөлөөлдөг бөгөөд улмаар залгиур хоолойн архаг өвчинд нэрвэгдэж болзошгүй. Нойр хулжих нь хурхирахад хүргэж, толгой өвтгөж ам хатаан, анхаарлыг алдагдуулж, санаа сэтгэлийг тогтворгүй болгож, яарч адгах амархан уурлах зэрэг хачин сонин ааш зантай болгодог.
Таргалалт
Байн байн зүүдлэх, хийж дуусгаагүй ажлаа яаж дуусгах билээ гэж шаналах, бүтэн шөнийг энэ мэтээр удаан хугацаагаар өнгөрүүлэх юм бол бие чинь аяндаа хүнд болно. Нойр хэт хулжсанаас үүдэн таргалах шинж илэрдэг гэнэ.
Үс унах
Үс нь их унадаг хүмүүс үсээ самнах болгондоо үс минь өдөр бүр унаад байх юм хожгор болох нь ээ гэж зовдог. Энэ үед та нойр чинь муу байгаагаа мэдсэн юм болов уу ? Унтах хугацааны урт богино байх нь үс унахтай ил тод холбоогүй боловч сайн унтаж чадах эсэх нь харин үс унахтай тун нягт холбоотой.
Эх сурвалж: everyday.mn