Энэ жилийн насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас Вегас хотноо хэдхэн хоногийн өмнө болж өнгөрөв. Америкийн нэгдсэн улсын дэвжээн дээр хагас минутын хугацаанд монгол охин өрсөлдөгчөө цэвэр ялж алтан медалийн эзэн болсноор дэлхийн хошой аварга хэмээн өргөмжлүүлэх болж монгол цустай хүн бүхнийг сэтгэлийг огшоож нулимсыг нь мэлмэрүүлсэн юм. Тийм ээ, Соронзонболдын Батцэцэг хэмээх 25-хан настай энэ бүсгүй бүх монголчуудын хүндлэл бахархлын эзэн болж чадлаа. Хамгийн гайхамшигтай нь бөмбөрцгийн бөх хэмээн өргөмжлөгдөж таван тивийн хүмүүсийн хүндэтгэлийг хүртэж чадсан энэ бүсгүй та бидний адил хилчин юм. “Ногоон мөрдэст ахан дүүсийн эгнээнд орсон тэр азтай өдрөө би хэзээ ч мартахгүй” гэж ярьдаг МУГТ, чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, Лондон 2012 олимпийн хүрэл медальт Соронзонболдын Батцэцэгт ХХЕГ-ын даргын тушаалаар энэ есдүгээр сарын 16-ны өдөр дэд хурандаа цол хүртээлээ. Баярын хурлын дараа бид ийн ярилцсан юм.
-Юуны өмнө дэлхийн хошой аварга болсон халуун баярыг эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист яг энэ мөчид ч үүргээ гүйцэтгэж буй мянга мянган хилчдийнхээ өмнөөс их хүндэтгэлтэйгээр хүргэе?
-Баярлалаа. Сая ХХЕГ-ын даргаасаа дэд хурандаа хэмээх хүндэт цол гардаж аваад сэтгэл их баяртай байна. Сэтгэл маш их догдолж байна. Би асар богино хугацаанд өндөр цолонд хүрлээ. Энэ бүх хүндэтгэлийг дааж явна гэдгээ хэлж хилчин хамт олондоо маш их баярлаж буйгаа илэрхийлмээр байна.
-Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн тэмцээний тухай яримаар байна. Алтан медалийн төлөөх барилдааны дараа төрийн далбаагаа өргөөд дэвжээ тойроод гүйж явахад сэтгэлд яг юу бодогддог юм бол. Яг үнэндээ тэр мөчид би лав баярын нулимсаа хорьж дийлээгүй л дээ?
-Яг үнэндээ би дэлхийн хошой аварга болохыг маш их хүсч, мөрөөдөж байсан. Тийм ч учраас бэлтгэлээ их чамбай хийсэн л дээ. 2014 онд амжилт муутай барилдсан. Тэгээд өнгөрсөн жилийн барилдаанууд дээрээ дүгнэлт хийгээд барилдааныхаа арга тактикийг өөрчилсөн. Тэгээд л барилдсан. Түрүүлчихээд маш их баярласан. Мэдээж хамгийн сайхан мөч тэр байлгүй яахав. Тамирчин хүн бүр л эх орныхоо төрийн далбааг мандуулж, дууллаа эгшиглүүлэхийг хүсдэг. Тэр хүслээ биелүүлж чадсандаа их баярласан даа. Аливаа уралдаан тэмцээнд явахад “Эх орны торгон хил дээрээс мэндчилж байна. Амжилт хүсье” гэсэн зурвас хилчдээс маань их ирдэг юм. Тамирчдад сэтгэлийн дэм гэж чухал зүйл бас бий. Энэ бүхнийг хилчин хамт олноосоо хангалттай мэдэрч чаддаг. Хилийн цэргийн хамт олондоо маш их баярладаг шүү.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн жил бүр болдог. Гэхдээ олимпийн наадам болохын өмнөх ДАШТ бусдаасаа илүү хүнд бас их чухал байдаг гэлцдэг. Таны өмнө хүртсэн дэлхийн аваргаас энэ жилийнх арай л өөр байсан болов уу?
-Тийм ээ. Олимпийн өмнөх ДАШТ үнэхээр чухал байдаг. Тамирчдын хувьд ч олимпод оролцох эрхээ авахын тулд өөрт байгаа бүхий л нөөц боломжоо шавхдаг. Сая миний аваргалдаг жин бол олимпийн жин л дээ. Өмнө нь 59 кг-д алтан медаль авсан. Түүнээс хойш гурав дахь ДАШТ-дээ оролцож байна. Ер нь сэтгэлзүйн бэлтгэл маш сайн байсан. Би 2013 онд 63 кг-д финалдаад мөнгөн медаль авч байсан шүү дээ. Ер нь энэ жинд барилдаж болох юм байна гэдгээ 2012 оны Лондонгийн олимпоор барилдахдаа л тархиндаа, сэтгэлзүйдээ бат суулгасан. Тийм болохоор энэ жил маш их төлөвлөж, бодож барилдсан. Одоо миний хэвийн жин 67 кг. Сая 63 кг-д барилдахын тулд дөрвөн кг жин хассан.
-Энэ тэмцээний хамгийн хүнд барилдааныг хаанахын ямар бөхтэй хийв?
-Барилдахынхаа өмнө хүн болгонтой яаж барилдах тактикаа боловсруулаад дэвжээнд гарч байсан болохоор хэцүү юм байгаагүй дээ. Төлөвлөснөөрөө л барилдаанаа хийсэн.
-Их бага залуудаа дэлхийн хошой аварга хэмээх хүндэт цолыг авлаа. Ард түмнийхээ зүгээс ч маш их хайр, хүндлэл хүртэж байна. Энэ их хайрыг дааж явахын тулд хувь хүнийхээ зүгээс ямар зарчим баримталдаг вэ?
-Би өмнө нь ямар байсан тэр л зангаараа байх ёстой гэж боддог. Дэлхийн аварга боллоо гээд ярвайгаад ч юм уу, дуугардаг хүмүүстэйгээ дуугарахаа болиод л дээгүүр хараад яваад байж болохгүй. Миний хувь хүний зарчим гэвэл ердөө л энэ. Элдэв цол хэргэм гэдэг хүндэтгэл болохоос хувь хүн зан чанараа өөрчлөх шалтгаан байж болохгүй байх аа гэж боддог шүү. Эцсийн эцэст би дэлхийн аварга ч гэсэн Батцэцэг гэдэг л нэг хүн. Тийм болохоор хүн чанараа гээхгүй л байх юмсан гэж боддог.
-Хэтийн болон ойрын зорилгыг тань сонирхож болох уу?
-Риогийн олимпод л амжилт гаргах байна даа. Монголын ард түмэн, хилчид маань ч надаас үүнийг хүлээж байгаа. Итгэлийг нь алдахгүй л юмсан гэж бодож байна.
-Хоёулаа яриагаа таны анх “Хилчин” спорт хороонд орж байсан тухайгаар үргэлжлүүлвэл яаж байна. Тухайн үед яаж яваад хилчдийн эгнээнд элссэн юм бэ?
-Би “Хилчин” спорт хороондоо азтай ч гэх үү, сонин ч гэмээр хувь тохиолоор орж байсан юм. 2010 оны дөрөвдүгээр сард спорт хорооныхоо тамирчин болж байлаа. Тэр үед сайхан спорт хороог түшлээ, сайн амжилт гаргая даа гэж бодсон. Удалгүй таван сарын дараа буюу 2010 оны есдүгээр сард Чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон юм. “Сайн морь эзнээ хайдаг” гэж үг бий шүү дээ. Надад тэр үед яг энэ үг л санаанд орж байсан. Ер нь би Хилийн цэрэг хэмээх тэнгэрлэг эрчүүдээр овоглосон байгууллагын тамирчин гэгдэж яваа азтай бүсгүй гэдгээ ярилцлагынхаа эхэнд хэлмээр байна. Хилчдийн эгнээнд орсон тэр азтай өдрийг би хэзээ ч мартахгүй.
-Хил хамгаалах байгууллагын тамирчин болохоосоо өмнө энэ албаны талаар ямар төсөөлөлтэй байв?
-Багаасаа цэргийн хүн болно гэж боддог байсан л даа. Нуулгүй хэлэхэд би эхэндээ цагдаагийн байгууллагыг сонирхож байсан. Гэхдээ болоогүй. Тэгээд нэг сайхан өдөр Хил хамгаалах байгууллага хэмээх энэ их том айлын гишүүнээр элссэн. Үүндээ би их олзуурхаж явдаг. Ер нь бол хилчид нэгнийгээ их хүндэлж, ойлгодог сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг юм билээ. Би үүнийг анх спорт хороондоо тамирчнаар орчихоод л мэдэрч байсан. Хилчин тамирчин болчихоод нэг их удаагүй байхдаа байгууллагынхантайгаа хамт маршид явсан юм. Манай тасаг хоёрдугаар байрт ороход миний шар их хөдөлж билээ. Дараа жил заавал түрүүлнэ дээ гэж бодсон. Тэгэхэд биднийг бурхан болооч Чинбаа багш маань бэлтгэж байсан юм. Энд мөн багшийгаа дурсмаар байна. Үнэхээр сайхан хүн, сайн багш байж билээ. Багшийгаа ийм эрт биднийхээ дундаас явсанд харамсч явдаг. Өөрийгөө цэргийн хүн болно гэж бодож явсан ч огт төсөөлөөгүй байхад минь их том цол, мөрдэс надад ирсэн. Анх хүнтэй яаж харьцах, ёслохоо ч мэдэхгүй. Гэтэл хилчин бүсгүйн тэр хувцсыг өмсөн, цолоо зүүнгүүт хүн биеэ хэрхэн авч явахаас эхлээд олон зүйл суралцах хэрэгтэй болдог юм билээ. Би өндөр сайхан цолонд хүрсэн. Энэ бол миний насанд их том цол. Дэндүү хүндтэй. Би цолоо хүндэтгэлтэйгээр цааш авч явах болно. Ер нь гэрийн минь хойморт залсан зүйлсээс Хил хамгаалах байгууллагын бэлгэдэл, миний дүрэмт хувцас, малгай зэрэг нэлээд том байр суурийг эзэлнэ шүү.
-Монголынхоо хил хязгаар нутаг руу хэр их явж байна вэ. Хамгийн ихээр очиж үзэхийг хүсдэг ямар газар байна?
-Хэнтий. Би Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр ч удаа очиж байсан. Тэндээс Дадалын отряд их ойрхон гэж байсан. Тэгээд л очиж үзэх юмсан гэж их боддог юм. Биндэрт хилчидтэйгээ их тааралдаж байсан шүү.
-Архангай аймгийн Хашаат сумын охин нутаг усны хаа талаар энд яривал сайхан байх болов уу. Хүн бүхэн өөрийнхөө унасан газар, угаасан усаа эрхэмлэн шүтэж явдаг хойно доо?
-Сайхан асуулт байна. Архангай аймгийн Хашаат гэж сум бий. Өөр газрын хэн нэгний нүдэнд тусаад байхааргүй ч гэлээ миний хувьд хамгийн сайхан нутаг бол тэр. Хашаат сум буюу миний унаж өссөн тэр хонхороос олон сайхан бөх төрсөн. Мөн төр түмэндээ үнэлэгдсэн гавъяатууд ч бий. Ардын уран зураач Л.Чуваамид, Монгол Улсын ардын жүжигчин, төрийн шагналт Ц.Гантөмөр, Монгол Улсын гавъяат жүжигчин Г.Равдан гээд нэрлээд байвал улсдаа алдартай хүмүүс олон байдаг. Бөхчүүдээс Улсын арслан Д.Хишигдоржоос эхлээд олон хүн бий.
-Танай удамд бөх бий юу. Ер нь яагаад эмэгтэй хүүхэд байж спортын энэ олон төрлөөс бөхийг сонгов оо?
-Яг манайхнаас улсын наадамд сайн барилдаж цол авсан хүн байдаггүй. Гэхдээ барилдахаар сайхан бие хаатай, хүч тэнхээтэй хүмүүс бий. Би багадаа их эршүүд охин байлаа. Гэртээ өөрөөсөө хоёр насаар илүү ахтайгаа, ээжийн маань эгчийн хүү болох надаас нэг ах хүүтэй их дэрсхэн өссөн л дөө. Бид гурав хоорондоо их тоглоно. Ингээд тоглох гэхээр хоёр ах маань эрэгтэй хүүхдүүдийн тоглоомоор л наадна. Тийм учраас би тэднийгээ л дагана. Өө, тэгээд барилдана, ноцолдоно. Би яг л тэр хоёртойгоо ижилхэн тоглож өссөн. Барилдвал барилдаад л. Гэхдээ би багадаа өөрийгөө бөх болно гэж төсөөлж байгаагүй л дээ. Олон улсын харилцаа сонирхдог сурагч байсан юм. Гадаад хэл сайн сурна гэж боддог байлаа. Сүүлд бөхийн спортыг сонирхох болсон юм. 16 настайгаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн гэж болно. Тухайн үед Хашаат сумын биеийн тамирын багшаар Дэмбэрэлийн Дондов гэж хүн очлоо. Очоод багш маань бөхийн секц хичээллүүлж эхэлдэг юм. Тэгэхэд би сагс, гар бөмбөг сонирхдог байлаа. Энэ чиглэлээрээ дугуйланд нь яваад долоо хонож байсан юм. Гэтэл бөхийн секц хичээллэж эхэллээ гэхээр нь тийшээ ормоор санагдаад Д.Дондов багш дээр очсон. Бөхийн дугуйланд ормоор байна гэдгээ хэллээ. Тэгсэн чинь намайг авахгүй гээд, “Чи сагс, гар бөмбөгөөрөө сайн хичээллэ, түүгээрээ л яв” гэдэг юм байна. Би сурагч байхдаа өндөр, туранхай охин байсан. Тийм учраас багш намайг хараад ийм бие хаатай хүн яаж барилдах вэ гэж бодсон биз. Д.Дондов багш дугуйландаа авахгүй гэж хоёр, гурван ч удаа буцаасан юм. Тэгэхээр нь нэг удаа өөрийгөө сайн барилдаж чадна гэдгээ харуулахын тулд биеийн тамирын хувцастайгаа зааланд орж ирээд бөхийн секцэнд хичээллэж байсан бүх охидыг нь барилдаж унагаасан. Ингэж л бөхийн секцэнд орж байлаа. Тэгээд багштайгаа хамт сайн хичээллэсний дүнд аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа мөнгөн медаль авсан. Энэ надад ирсэн их том урам байсан юм. Дараа нь 2006 онд Өсвөрийн улсын аваргаас мөнгөн медаль, Залуучуудын улсын аваргаас хүрэл медаль авсан. Ингээд чөлөөт бөхийн дасгалжуулагч З.Довчин багш дээрээ ирсэн дээ. Дараа нь 2008 оны Залуучуудын улсын аварга болсон. Тэр жилийнхээ насанд хүрэгчдийн улсын аваргаас хүрэл медаль авч, 2009 оноос эхлэн бүх тэмцээнд түрүүлж эхэлсэн гэж болно. 2010 онд Дэлхийн аварга болж, Азийн аваргаас мөнгөн медаль хүртээд ер нь шигшээ барилдаануудад шалгарч эхэлсэн. 2009 оны Залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга гээд тэр жилийн ихэнх тэмцээнд түрүүлсэн байдаг юм.
-2010 онд Чөлөөт бөхийн дэлхийн аварга бүсгүйг хилчид хэрхэн угтан авсныг сайн санаж байна. Ер нь тэр бүхэн тухайн үед танд ямар мэдрэмж төрүүлж байсан юм бол. Хилчид таныг тийм их хүндэтгэлтэйгээр угтана гэдгийг төсөөлж байв уу?
-Өө, харин тиймээ. Их гоё байсан шүү. Яаж төсөөлөх вэ дээ. Тийм сайхан угтана гэж огт бодоогүй. Үнэхээр их сэтгэл хөдөлж байсан. Эхлээд их гайхсан. Намайг онгоцны буудлаас тосоод цэрэг хувцас өмсүүлэхэд нь, “Өмнө нь Бурмаа эгч дэлхийн аваргаас медаль аваад ирэхдээ цагдаагийнхаа хувцастай байсан. Би бас тэгэх юм байна” гэж бодсон. Тэгээд гараад иртэл үлээвэр хөгжмийн эгшигтэй хамт, олон хүн угтсан. Бүгд хилчид байсан. Үнэхээр гоё юм билээ. Тэр дүр зураг одоо хүртэл миний санаанаас гардаггүй л дээ. “Ийм том байгууллага намайг ингэж хүндлээд…” гэж эхлээд бодсон. Ер нь маш сайхан санагддаг юм билээ. Энэ хүмүүсийн төлөө, ийм мундаг хилчдийн төлөө улам их амжилт гаргана даа гэж өөртөө хэлж байсан. Хилчид надад их хайртай байдаг. Үүнийг би ажлаараа очих бүртээ мэдэрдэг юм. Тэр их хүндлэл, хайр намайг өдий зэрэгтэй тамирчин болгосон гэж санадаг шүү.
-Тэгвэл хоёулаа одоо эх орны талаар ярья л даа. Тамирчин хүн бүрийн зүрхэнд эх орон, түүний төлөө гэх бодол хэн бүхнээс илүүтэй байдаг болов уу?
-Тэгэлгүй яахав. Эх орныхоо нэрээр олон улсын тэмцээнд оролцож байгаа учраас Монгол гэдэг нэрийг дэлхийн сонорт хүргэхсэн гэж хичээдэг. Тэр олон сая хүний өмнө Монгол Улсын тамирчин гэж дуудуулах их сайхан. Ер нь миний эх орон хамгийн сайхан нь. Уул ус, ургамал ногоо гээд бүгд үзэсгэлэнтэй. Тэр дундаа би нутгаараа их бахархдаг. Арын сайхан хангай нутгийн охин болж төрсөндөө баярлаж явдаг. Сүүлийн үед эх оронд минь харийнхан их ирж суурьшаад тэр бүү хэл, авир араншин гаргаад байгаад харамсах юм. Ер нь эмзэглүүштэй юм олон гарч байгаа. Өмнөд хөршөөс ажилчид өдөрт хэдэн зуугаараа орж ирж байна. Тэнд ч монгол иргэнийг зодлоо, тэгж ч яваад монголчуудыг машинаараа дайрлаа гэх мэтээр хар мэдээ, муухай үг их сонсогдох болсонд маш их харамсдаг. Монголчууд өөрсдийн газар нутаг дээрээ яагаад харийн хүнд дээрэлхүүлж, зодуулж бүр амиа алдах ёстой юм бэ. Үүнийг эрх мэдэл бүхий эрхмүүд анхаараасай гэж хүсдэг. Мөн манайхан өөр өөрсдийнхөө хүчээр нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө ихийг хийгээсэй. Монгол Улсад маань хөгжил ойрхон байгаа. Тэр хөгжлийн хурдыг улам түргэсгэхийн тулд хүн бүр илүү ихийг хийгээсэй гэж хүсдэг.
-С.Батцэцэг гэж бүсгүйн дотоод ертөнц рүү бага зэрэг өнгиймөөр санагдаад байна. Эмэгтэй хүн бүхэн өөрийн гоо сайхантай. Тэр гоо сайхан нь гадаад, дотоод аль аль талдаа бий гэлцэх юм билээ. Энэ талаар таны бодож явдаг зүйлийг сонирхъё?
-Эмэгтэй хүн ямар ч үед энгийн байх хэрэгтэй болов уу. Ямар ч хүн ирээд өөртэй нь юм яриад, аливааг асууж зөвлөхөд нь ойлголцохоор хэлж ярьдаг хүн их энгийн хэрнээ хамгаас сайхан харагддаг. Тиймээс би их энгийн бүсгүй байхыг хичээдэг гэж болно. Хүн бүхэнд их зан гаргаад, дуугарч ядаад байх хамгийн утгагүй. Мөн би их өөрийнхөөрөө хүн. Өөрийн үзэл бодолтой. Түүнийхээ төлөө үргэлж үнэнч тууштай хөдөлмөрлөж ирсэн. Цаашид ч тийм байх болно. Өөрийнхөөрөө байгаа минь энэ гээд хүний дургүй хүргээд байж ч бас болохгүй. Аль алиныг нь зохицуулахыг л хичээдэг. Гэхдээ хүний амьдрал юм хойно, элдэв асуудал гарч олонд сайн муугаар хэлүүлэх тохиолдол гарах л юм. Би тэр болгонд тааруулах гээд хүн намайг муулах вий гэж айж тэр бүхэнд тааруулж харьцах гээд байдаггүй. Хүнд хор хүргэхгүй, урдах зүйлээ сайн хийгээд явж байхад болноо л гэж боддог. Яг одоо бол намайг хүн бүхэн таньж мэдэж байна. Тиймээс би өөртөө нэлээд том шалгуур тавьж байгаа. Гаргаж байгаа амжилт минь ч тэр хэмжээгээрээ өсөөсэй гэж бодож байна. Энэ нийгэмд өөрийн гэсэн хийсэн, бүтээсэн зүйлтэй байж, бахархах амжилтын эзэн байхын төлөө зорьж явна. Дүү нартаа үлгэр жишээ болохуйц биеэ авч явахыг хичээх болно.
-Ер нь энэ спортоор хичээллэж эхэлснээс хойш санаанаас гардаггүй нэг сайхан барилдааныхаа талаар яриач гэвэл?
-Тамирчин болсноос хойш гэвэл олон бий л дээ. Тиймээс энд багынхаа нэг явдлыг ярья. Дээр ярьсандаа, ээжийнхээ эгчийн нэг хүүтэй хамтдаа өссөн гэж. Тэр ах маань надаас нэг насаар илүү. Хүүхэд байхдаа бид хоёр нэг удаа барилдаад би ойчсон юм. Тэгэхэд миний шар хөдлөөд, “Би чамайг дараа яг энэ газар дээр хага шиднэ дээ” гэж хэлсэн юм. Дараа нь барилдаад давсан. Ер нь би их шартай. Өөрийнхөө хийнэ гэснээ бүтээдэг тийм л хүүхэд. Тэгээд ч тамирчин хүнд шар байх хэрэгтэй. Гэхдээ тэр шар нь хоргүй байх ёстой. Тэмцээний зургаан минутанд өөрт байгаа хүч чадлаараа бас зөв шар гаргаж байж өрсөлдөгчөө хожно.
-Бага насны дурсамж ярихаар өөрийн эрхгүй аав, ээжийнх нь талаар асуумаар санагдаж байна. Аливаа хүний амжилтад гэрийн хүмүүжил их нөлөөөтэй байдаг гэдэг. Тэгэхээр бас гэр бүлийнхээ талаар товчхон ярихгүй юу?
-Би таван хүүхэдтэй айлын дөрөв дэх нь. Дороо нэг эрэгтэй дүүтэй. Дүү маань ирэх жил дунд сургуулиа төгсөнө. Миний ээж, аав хоёр маш тайван хүмүүс. Их налгар улсдаа. Би өөрөө ч тайван. Аав, ээж хоёр маань нэг их үглээд, олон юм яриад байхгүй. Биднийг тэгж хүмүүжүүлсэн. Тэгсэн хэрнээ хүүхдүүдээ алсуураа удирдчихдаг. “Айхгүй мөртлөө аягүй” гэж үг байдаг даа. Яг түүн шиг биднийг айлгаад байхгүй хэрнээ харцаараа, үйл хөдлөлөөрөө ямар нэгэн ажлыг хийлгэж, хөдөлмөрч болгон сургасан. Аягүй гэдэг нь тийм ч муухай гэсэн утгатай биш л дээ. Ямар ч байсан бид тавыг их сайхан хүмүүжүүлж, хүн болгосон юм.
-Гавъяат маань нөхөртэй билүү. Тийм бол хилчдэд хүргэнийг нь танилцуулаач?
-За. /инээв. сурв/ Манай найз залуу 1989 онд төрсөн. Мөнхсайханы Батбаатар гэж хувиараа бизнес эрхэлдэг залуу бий. Одоо бид хамтдаа амьдарч байгаа. Айлын отгон хүү. Бид 2008 оноос хойш найзалж байна даа. Бид анх нэг клубт хичээллэж байсан юм. Товчхон танилцуулахад ийм.
-Тамирчин С.Батцэцэг Монголын ард түмний хүндлэл бахархлыг хүлээж, эх орны охин болжээ. Ард олныхоо энэ их хүндлэлийг мэдрэх ер нь ямар санагдах юм?
-2008 оны найман сар гэхэд намайг тун бага хүн таньдаг байлаа. Зөвхөн чөлөөт бөх сонирхдог, спорт мэддэг хүмүүс таньж байсан. Харин дэлхийн аварга болоод олимпийн медаль аваад ирснээс хойш миний үг үйлдэл бүхэн олны нүдэн дээр ил болсон. Одоо намайг эндээс гараад гудамжаар алхахад нэг, хоёрдугаар ангийн хүүхэд ч таньж байна. Нэг талаар энэ их сайхан боловч нөгөө талаар хүндрэлтэй зүйл олон гардаг. Өөрийнхөө тухай олон сайхан үг сонсохын зэрэгцээ буруу зөрүү мэдээлэл ч хүмүүст хүрдэг. Энэ бүхэнд автахгүйгээр өөрөөрөө үлдэх хэрэгтэй болдог. Гэхдээ сайхаан. Олон түмнийхээ хайр хүндлэлийг алдахгүйг хичээж явна. Бэлтгэл хийгээд өглөө гудамжаар гүйгээд явж байхад хүн бүхэн, “Батцэцэг явж байна, сайн уу, амжилт хүсье” гэх мэтээр олон сайхан үг сонсдог. Энэ бүхэн надад маш их урам өгч байдаг л даа.
-Чин сэтгэлийн яриа өрнүүлсэнд их баярлалаа. Хилчдийнхээ баярын мэндийг хуваалцан ярилцлагаа энэ хүргээд жаргаая. Та бидний болзоо алдрын олон буухиагаар тасрахгүй үргэлжлэнэ гэдэгт итгэл төгс байна шүү?
-Баярлалаа. Энэ дашрамд дэлхийн хэмжээний болон олон алдартай тамирчныг бэлтгэн гаргадаг “Хилчин” спорт хорооныхоо хамт олонд талархаж явдгаа илэрхийлье. Бэлтгэл сургуулилтаа сэтгэл амар хийх боломж олгодогт баярлаж явдаг юм. Яг одоо миний ярилцлагыг уншаад сууж буй хилчин дайчиддаа байгууллагынхаа түүхт ойн баярын мэнд хүргэе. Хилийн зурвас дээр үүр цайлгаж яваа хилчин та бүхэн Монголын ард түмний бахархал шүү гэдгийг хэлмээр байна. Бидний энд сайн сайхан амьдрах, ажил төрлөө тайван хийх боломжийг олгож байгаа та нартаа баярлалаа. Бүгдэд нь амжилт хүсье. Мөн хилчдийнхээ гэр бүлийнхэнд энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг ерөөе. Та бид нэг гэр бүл. Ахиад хэлье, хилчдээрээ миний бие үргэлж бахархаж явдаг шүү.
Ярилцсан дэслэгч Л.НОМИНГЭРЭЛ Г.НЯМГЭРЭЛ