-Хүүхдүүдийн хоолны зардлыг эцэг эхчүүд өөрсдөө даана-
Манай улсад сургууль, цэцэрлэгийн байрны хүрэлцээ муугаас болж бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Үүнээс үүдэн эцэг, эхчүүд цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхээр жил бүрийн намарт цэцэрлэгийн гадаа хонодог жишиг тогтсон. Тэгвэл энэ байдлыг арилгах үүднээс УИХ-ын эмэгтэй гишүүд хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх хуулийг санаачилж, батлуулсан билээ.
Хүүхэд харах үйлчилгээний төв нь хүүхдийн сурах орчинг бүрдүүлж, ариун цэврийн шаардлага хангасан байх ёстой. Харин багш 15 хоногийн мэргэжлийн сургалтад хамрагдсан байх бөгөөд цалинг нь улсаас 450-500 мянган төгрөг олгох юм.
Улсын цэцэрлэгийн хоолны зардлыг төр хариуцдаг бол уг төвийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг эхчүүд хариуцах гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Сар болгон эцэг, эхчүүд 50-80 мянган төгрөгийг гаргана. Гурван багш 450-500 мянган төгрөгийн цалинг улсаас авах юм” гэлээ.
Энэхүү хууль ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжих юм. 2016 оны төсөв дээр 50 тэрбум төгрөгийг суулгасан боловч сангийн яамнаас хасагдаад 42 тэрбум төгрөгийг УИх-д оруулахаар бэлдсэн. Энэ төсвөөр 2016 онд 30 мянган гаруй хүүхдийн асуудлыг бүрэн шийдэх боломжтой хэмээн харж буйгаа Л.Эрдэнэчимэг гишүүн онцлов.
Хүүхэд харах үйлчилгээний төвийн багш нарын сургалтын хөтөлбөрийг хүн ам, хөгжил нийгмийн хамгааллын яам БСШУЯ хамтран боловсруулж байгаа ажээ. Мөн иргэд хүүхэд харах үйлчилгээний төвөө мэргэжлийн хяналтын газраар шалгуулах юм. Хүүхэд харах үйлчилгээг дүүрэг, хороо, цаашлаад тухайн нутаг дэвсгэрийн хүүхдийн тооноос хамаарч байгуулах аж. Тухайлбал, цэцэрлэгийн насны 300 хүүхэдтэй хорооны 150 гаруйг нь энэ үйлчилгээнд хамруулах байдлаар зохицуулах юм.
Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 113 мянган хүүхэд байгаагийн 78 хувь нь энэ жил цэцэрлэгт хамрагдах боломжтой гэх тооцоо бий. Тэгвэл 20 орчим мянган хүүхэд гэртээ цоожлогдох юм. Тэгвэл хүүхэд харах үйлчилгээний тухай хууль ирэх оноос хэрэгжиж эхэлснээр эдгээр хүүхдүүдийн 60-70 хувийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болж байна.
эх сурвалж: dorgio.mn