Эрдэнэт –2040 он хүртэлх сорилт боломжууд

11992527_1611817195738335_532222176_n“Эрдэнэт – 2040” хөгжлийн форумд зориулав

40 хүрэхгүй жилийн түүхтэй, Эрдэнэт хотоор овоглож энэ газар шороонд төрсөн унаган хүүхдүүд нь дөнгөж дөчин насыг шүргэж байгаа залуухан хотод бид амьдардаг. Гэхдээ Монголчууд бидний ярьдгаар түрүүлж гарсан чихнээс сүүлд ургасан эвэр илүү хэмээн хэлдэгчлэн Эрдэнэт хот маань өдгөө Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 7 хувийг үйлдвэрлэж, улсын төсвийн хамгийн гол бүрдүүлэгч болж байна. Гурван ч их сургууль ажиллаж, цэвэр катодын зэс үйлдвэрлэж Лондонгийн металлын бирж дээр арилжаа явуулдаг хэд хэдэн үйлдвэрүүд бий болсон төдийгүй, элхийн хэмжээний томоохон гангийн үйлдвэр байгуулагдаж, хүн амын эрүүл мэнд, нийгмийн үзүүлэлтүүдээрээ улсын хэмжээнд тэргүүлж байна.

Гэгээлэг эдгээр эерэг үзүүлэлтүүд бол зөвхөн бидний өнөөдрийн хийгээд ойрын 20 жилийн хугацааны өрсөлдөх чадвар, амьдралын чанарыг хэмжих үзүүлэлтүүд юм. Гэтэл бидэнд урт хугацааны ирээдүй байна уу? Ямар ч хүний нийгэм, хүмүүсийн цогц болсон хотын хувьд хамгийн гол асуудал нь УРТ ХУГАЦААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР байдаг хэмжүүрээр аваад үзэхэд бид Монгол улсын хамгийн өрсөлдөх чадваргүй аймаг юм. Учир нь бидний эдийн засгийн гол эх үүсвэр болсон “Эрдэнэт” үйлдвэр маань одоогийн хэмжээгээрээ хүдэр олборлож ажиллавал 35-42 жилийн дараа гэхэд нөөц нь дуусна. Гэхдээ олборлолт жил бүр өсч, харин хүдэр дэх зэсийн агууламж жил ирэх бүр буурч байгааг тооцвол үүнээс ч бага хугацаа байж магадгүй. Үүнээс цаашид хэрхэн зуу мянга шахам хүний төвлөрлийг хадгалах вэ? гэдэг асуудал нь урт хугацааны өрсөлдөх чадваргүй аймаг гэдэг дүгнэлт хийхэд хүргэлээ.

Өөрөөр хэлбэл “Эрдэнэт” үйлдвэр бол бидний хотын хамгийн том давуу тал төдийгүй хамгийн том сул тал юм. Олон жилийн турш хотын хөгжлийн бүтээх хамгийн гол хөшүүрэг байсныхаа хувьд яах аргагүй бидний давуу тал боловч үйлдвэргүйгээр хэрхэн оршин тогтнох  нь бүрхэг байгаагаараа бидний сул тал болоод байна. Ихэнх хүмүүс “Эрдэнэт” үйлдвэр зогссоны дараах хотын ирээдүйдээ итгэдэггүй төдийгүй айдастай байдаг. “Эрдэнэт” үйлдвэр байгаа учраас л байгаа гэдэг сэтгэлгээгээр асуудалд хандвал үйлдвэр зогссоноос хойш хот ч бас үгүй болно.

Дэлхийн түүхэнд ч яг манайх шиг хотуудын туулж ирсэн амжилттай болоод алдаа оноотой түүх аль аль нь байна. ХБНГУ-н уурхайн дагуул хотууд уурхай хаагдсаныхаа дараа хийсэн амжилттай менежментүүд нь тухайн хотын дэргэд ажиллаж байсан уурхай зогссоны дараах эдийн засгийн идэвхижилт нь уурхай ажиллаж байх үеийнхээсээ ч илүү байх хэмжээнд амжилттай байсан бол, хагас сая хүнтэй хотын гол уурхай хаагдахад хүн ам нь 10 дахин буурч, сөнөсөн хотын хэмжээнд очсон эмгэнэлт түүх ч байна.

Тиймээс бидний өмнө тулгарч байгаа гол асуудал бол ЦААШДАА БИД ЯАХ ВЭ? Энэ асуултанд хэн нэгэн цэцэн мэргэн хүн ганцаараа хариулах биш хэлэлцэж байж шийдлийг олох, судалгаанд тулгуурлаж, тал бүрээс нухацтай хандаж намаараа, ламаараа, гарал үүсэл, ашиг сонирхлоороо талцахаа хойш нь тавьж байж хэлэлцэх хэрэгтэй.

Тийм ч учраас энэ асуудлыг хэлэлцэхээр Эрдэнэт хотын залуу иргэдийн төлөөлөл болсон Залуучуудын байгууллагуудаас ижил тэгш оролцоотойгоор санаачлан “Эрдэнэт 2040” хөгжлийн форумыг зохион байгуулах гэж байна. Азийн жижигхэн хот улс Сингапур байгалийн баялаггүй ч хүнээ баялаг болгож, өнөөдөр дэлхий болоод Азидаа хамгийн хүчирхэг хөгжлийг бүтээжээ. Олон хэлийн хүмүүс цугласан ч нэгэн зорилгын төлөө амьдардаг, мэдлэгт тулгуурласан эдийн засгаар баян чинээлэг амьдарч байгаа энэ жишгийг бид давтах боломж бий гэдэгт итгэцгээе.

Уулын үйлдвэрээс эхэлсэн хөгжлийн түүхээ ухаалаг хүний нөөцийн бодлогоор хотоо цааш нь хөгжүүлж, 21 аймгаас цугласан ч гэсэн нэг зорилготой, нэг ирээдүйтэй шинэ үеийн хотыг хамтдаа бүтээнэ гэдэгтээ итгэцгээе. Өнөө маргаашаа аргацаалгүй, ирээдүйг томоор төсөөлж, хамтдаа том зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд тэмүүлэлтэй амьдарсан нь хөгждөг МАНЛАЙЛЛЫН ХУУЛЬ-ийг дагаж, өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ, “Эрдэнэт” хотынхоо гэгээлэг ирээдүйг хамтдаа бүтээцгээе.

Ү.Амарбат

“Эрдэнэт – 2040” хөгжлийн форумын зохицуулагч

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …