Эрх баригчид ард түмнийг хоёр хувааж хооронд нь хагаралдуулж тэмцэлдүүлж байсан жишээ захаас аваад замаар нэг байгаа. Эртнээсээ өнөөг хүртэл он жилүүдийн түүх үүнийг гэрчилнэ. Анхны парламент үүссэн гэгддэг эртний Ромын үед язгууртнууд, лигионерууд, эрх чөлөөт иргэн, боол, гладиоторууд гэж ангилж байлаа. Эртнээс хаа сайгүй арьсны үзэл ноёрхож хар, цагаан, шар, улаан арьстан гэж ялгаж байв.
Оросууд ч үеийн үед мөн л нийгмээ хагалан ялгаварлан тэмцэлдүүлж большевик, меньшвик, улаантан, цагаантан, коммунист, эсэргүү, нударган, пролетари гэж ангилсаар ирэв. Цагаантан хэмээгдэх Хаант оросын үеийн язгууртнууд, удам дамжсан дээд давхаргынхан, боловсрол мэдлэг өндөр сэхээтнүүд, улаантан гэдэг нь эдгээр хөрөнгөтэй хүмүүсийг үзэн ядаж, эсэргүүцэн тэмцсэн нийгмийн давхаргынхан. Тэднийг пролетарийн хувьсгал буюу бидний сайн мэдэхээр Октябрийн хувьсгал нэрээр Ленин тэргүүтэн гаргаж ирсэн. Улаантнууд нэг шат ахиж большевик болж хувирсан. Большевикууд зохион байгуулалттайгаар хэдэн үеэр дамжиж ирсэн хөрөнгөтнүүдийн үйлдвэр, эд хөрөнгө, газар, хэргэм зэргийг хурааж байлаа. Коммунизмын төлөө коммунистууд гэх нөхөд бий болж, нөгөө хөрөнгөтнүүдээ хувьсгалын эсэргүү, цагаантан гэлцэн хөнөөлдөн тэмцэв. Хүн төрөлхтний түүх сэхээтэн язгууртнаа ингэж адлан, хороож, дээрэмдэн устгаж байсан улс нь ямар болсон, сэхээтэнлэг язгууртан, эд хөрөнгөтэй хүмүүсээ дагаж хөгжсөн нь одоо ямар байгааг бэлхнээ харуулж байна. Бидний мэдэх жишээнүүд гэвэл оросууд улаантан цагаантан хэмээн адилхан орос хүнээ хядаж, германчууд ари, еврейгээр нь ялган аймшигт яргалал үйлдэж байв. Дарангуйлагч Пол Потын дэглэмийн үед иргэдээ хуучин буюу үндсэн, шинэ гэж хоёр ангилж эхний ангилалд нь тариачид болон улаан кхмерүүд. Хоёр дахь ангиллынхан нь тэднээс үргэлж илүү амьдарч ирсэн боловсролтой, сэхээтнүүд нь буюу шинэ гэдэг ангилалд багтсан хүмүүс. Харамсалтай нь нэг дэх ангиллынхан өнөөх өөрсдөөс нь үргэлж илүү амьдарч ирсэн боловсролтой хэсгийнхнээ хуулиас гадуур гэж аймшигтайгаар тамлан алж, хүчирхийлэн устгаж байсан түүх бий.
Ингэж цаг үе бүрт эрх баригч, эрх мэдэлтнүүд ард түмнээ хоёр хувааж ирсэн. Манайд юу дутахав гэсэн шиг мөн л энэ ангилан ялгаварлал эртнээсээ байсан. Хубилай хааны үед л гэхэд хүн амаа дөрвөн зэрэгт хувааж байж. Эхний дээд зэрэглэлийн ангилалд монгол хүн, дараах ангилалд дундад ази гаралтай Китан, Уйгар, гуравдугаарт хойд Хятадын хүн, дөрөвдүгээрт нанхиад буюу өмнөд Сүн улсын хүн гэж ангилж байж.
Харин түүхийн нугачаанд хар шар феодал-харц ард, хувьсгалч, хувьсгалын эсэргүү, энгийн иргэд, баруунтан зүүнтэн, нударган баян, Японы тагнуул, гээд аль ч үедээ нэг хэсэг иргэдээ ялгаварлаж ирж. Ялгаварлалд өртсөн иргэдээ хэлмэгдүүлэхэд амар байдаг. Тэднийг хүний тооноос гаргаж, хүчирхийлэх алах, тамлахад юунаас ч айхаа байчихдаг. Хүн гэж үзэхгүй, дайсан гэж харахаар тэдэнд эрх гэж байхгүй болчихож байгаа юм. Нэгэнт эрх нь байхгүй гэж үзэхээр дарангуйлахад, үзэн ядаж зовоож тарчлаахад хэцүү биш болоод явчихдаг байна.
Дэлхийн олон оронд иргэддээ өршөөл үзүүлдэг. Солонгосчууд Өршөөлийн хууль гаргаж сэхээтэн, томоохон компанийн эзэд, бизнес эрхлэгчдээ эрх чөлөөтэй болгосноор өнөөдрийн хөгжилдөө хүрсэн гэдэг.
Монголын парламент хэлэлцэж байгаа Өршөөлийн хуульд хамрагдахгүй болох зуун жаран хэдэн хүн бол баруунд боловсрол эзэмшсэн, их бага хэмжээгээр аж ахуй эрхлээд баялаг бүтээчихсэн, доод тал нь тавин айлыг ажлын байраар хангадаг, тухайн салбартаа толгой цохих чадварлаг боловсон хүчнүүд. Шулуухан хэлэхэд нийгмээ чирч явдаг дунд, дээд давхаргынхан байгаа. Тэд Монголын ард түмний нэг хэсэг. Тэр дундаа ард түмнийг чирч явдаг оюунлаг, хөрөнгөлөг, баялаг бүтээдэг хэсэг.
Монголчууд бид бусдаасаа илүү сайхан амьдарч байгаа хүнийг нийтээрээ үзэн яддаг. Баян хүнийг үргэлж муулна. Нөгөө ардчилал, хүний эрх, Үндсэн хуулийн үндсэн заалтуудыг хаанаа гээчихээд ингэж суудаг юм. Угтаа адлагдаад байгаа тэдгээр хүмүүс ялангуяа өршөөлд хамрагдахгүй үлдээх гээд байгаа цагаан захтнууд бусдаас илүү хөдөлмөрлөж, бусдаас илүү боловсорч, бусдаас илүү сэтгэсэн учраас л хөрөнгөтэй мөнгөтэй, өнгөтэй өөдтэй явсан.
Сүүлийн хэд хоног эрх баригчдын амнаас цагаан захтан-энгийн иргэд, авлигачид-ард түмэн, төрийн албан хаагч-хувь иргэд гээд л эсрэгцүүлсэн үгс их гарах болж. Авлигачдын толгой бөхийж ард түмний нуруу тэнийнэ, төрийн албан хаагчдыг өөд нь нар харуулж болохгүй, авлигачдыг цээрлүүлж, ард түмнээ аврах хэрэгтэй гэх мэтээр нийгмийг хагаралдуулж хоёр бүлэгт хуваалаа. Төр засгийн удирдлагууд, төр засаг нь иргэдээ ингэж хуваагаад байна. Яагаад ингэж хуваагаад байна. Үндсэн хуулийн 2.14.2-т зааснаар Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан. Энэ заалтыг хүн болгон зөрчдөг боллоо. Хүнийг үндэс угсаагаар гадуурхан ойрд, дөрвөд, халхаараа дуудалцан, эрлийз хурлийзаар нь доромжлох болов. Хүнийг хөгшин залуу, баян ядуугаар нь хэлэлцэн гутаана. Шашин шүтлэг, үзэл бодлоор нь байнга нэгийгээ ялгаж, буруу үзэл буруу номтноор дууддаг. Одоо хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал хашиж байснаар нь ялган цагаан захтан гэж цоллоод байгаа. Цагаан захтанг өршөөхгүй гэж байна. Харин хүн хутгалдгийг нь өршөөнө гэж байна. Энэ юу гэсэн үг вэ. Боловсролтой бол өршөөхгүй, боловсролгүй дээрэмчнийг өршөөнө гэдэг нь юу гэсэн үг вэ. Цагаан захтай хүн гэдэг нь хар цустай биш. Цагаан захтан гэдэгт бидний аав, ээж, үр хүүхэд, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, танил ч багтана. Хүчирхийлэл үйлдэж, олон хүнийг орох газаргүй болтол нь зовоож, амьтан хүнийг амьдрах аргагүй болгодог хүнээс төрийн алба хашаад, төрийн өмчийг идээд баяжчихсан цагаан захтан хэмээн ад үзэгдээд байгаа хүмүүс хамаагүй дээр байдаг. Явж явж төрийн өмч гэж хэний өмч юм. Хэдэн дарга нарын л өмч шүү дээ. Ард түмэнд ямар хүртээлтэй байдаг билээ. Төрийн юм гээд хэн нэг оноосон эзэн бий бил үү.
Төр ингэж иргэдээ алагчлан үзэж, нийгмээр нь талцуулан хагаралдуулж, байгаа нь саяхан батлагдсан Өршөөлийн хуулиар тод илэрлээ. Ингэж болдог юм уу. Цагаан захтай ч бай, хар захтай ч бай, адилхан Монгол Улсын иргэн. Монгол Улсын хуульд адилхан л захирагдах ёстой. Нийгмийн аль нэг давхаргад зориулж, хууль гаргаж, аль нэг давхаргыг нь бусдаас илүү эрх эдэлнэ гэж зарлан тунхаглаж байгаа нь ямар учиртай вэ. Үүний үр дүнд юу болохов. Өршөөлийн хуулийг хэлэлцэж байгаа байдлыг харахад Монгол Улсын төр нийгмээ яг ингэж хувааж хэн нэгнийг нөгөөгөөс нь илүү гэж тунхаглах нь нийгмийг хооронд нь дайсагнуулж байна. Ингэж бие биеэ үзэн ядах хэнд хэрэгтэй юм. Гаргаж байгаа хуулиуд нь үргэлж хооронд нь хагалан тэмцэлдүүлэх заалтууд их болж. Хэвлэлийн эздийг дайсан гэж сэтгүүлчид нь дарлагдсан ард түмэн гэсэн утга бүхий хуулийн заалт оруулж ирж байсан. Ингэж нийгмээр хагалан захирах гэсэн ганц нэг хүн эрх мэдлээ хадгалж нийтээр нь дарангуйлах гэсэн шиг л харагдаж байна. Үндэстнийг хагаралдуудах чигтэй үг, хуулийн заалт оруулж ирэхдээ төрийн зүтгэлтнүүд бодож баймаар. Зуун хүний хэргийг шийдэхдээ нэг хүнийг хэлмэгдүүлбэл 99 хүнд нь ял завшуулсан нь дээр гэж үг бий.
Хууль шүүхийн өмнө Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй. Хууль Доржийг танхай болохоор үйлчлээд Дулмааг цагаан захтай болохоор нь үйлчлэхгүй гэж яавч байж болохгүй. Тэр цагаан захтан гэж ангилаад байгаа хүмүүс юу ч хүртэх эрхгүй хүмүүс үү. Нэртэйгээр нь цагаан захтнуудын сонгох, сонгогдох эрхийг хасчихаач. Нэртэйгээр нь тэднийг хүн биш гээд зарлачихаач.