Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр “Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхтгэл I боть” бүтээлийн нээлт боллоо. Энэхүү нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг, Б.Сарантуяа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгчид Шүүхийн сонгомол шийдвэр шалгаруулах ажлын хэсгийнхэн, номонд шийдвэр нь орсон шүүгч нар болон хууль зүйн сургуулиудын төлөөлөл эрдэмтэн багш, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны үндсэн нэгжийн дарга, ажилтнууд оролцсон юм. Мөн урилгаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүд, Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын Дээд шүүх, Тахарын ерөнхий газрын төлөөлөл тус тус оролцлоо.
Эрх зүй өндөр хөгжсөн улс орнуудад шүүхийн шийдвэр иргэд хоорондын маргааныг хянан шийдвэрлэсэн шийдвэр байхаас гадна хууль зүйн судалгаа шинжилгээний өргөн цар хүрээтэй обьект болж, шүүхийн шийдвэр гарсан даруйд судлаачид дүн шинжилгээ хийдэг туршлага бий.
Шүүхийн шийдвэрийг хэвлэн нийтэлж байсан өмнөх туршлага дээр тулгуурлаж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл I боть” бүтээлийг хэвлэн гаргалаа. Уг эмхэтгэлд бүх шатны шүүхээс нийт 390 гаруй шийдвэрт мэргэшсэн эрдэмтэд, судлаачид тодорхой шалгуурын дагуу үнэлгээ хийж, нийт 77 шийдвэрийг нь шалгаруулан оруулжээ.
Шүүхийн сонгомол шийдвэр шалгаруулах ажлын хэсэгт Улсын дээд шүүхийн шүүгч, Хууль зүйн ухааны доктор Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр, МУИС-ийн ХЗС-ийн багш Ж.Эрдэнэбулган, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн ухааны доктор Ж.Оюунтунгалаг, МУИС-ийн ХЗС-ийн багш Б.Буянхишиг, Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа, МУИС-ийн ХЗС-ийн багш, хууль зүйн ухааны доктор Г.Банзрагч нар оролцжээ. Үнэлгээний дүнг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач хуульч Л.Галбаатар эмхэтгэсэн бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн номын сан, мэдээлэл хариуцсан ахлах референт С.Билгүүн нар хянан тохиолдуулсан байна.
Номын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Н.Лүндэндорж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Энэ бол Монголын шүүхийн амьдралд болж байгаа түүхэн үйл явдал. Шүүх эрх мэдэл нь өөрийн шийдвэрийг батлан хадгалж, улираан судлуулж, үе үеийн шүүгч, хуульчдаа тэр шийдвэрээрээ хүмүүжүүлж, сургаж, үлгэр дуурайлал болох нь соёлт хүн төрөлхтний түүхэнд байдаг нийтлэг үзэгдэл. Монголын шүүхийн амьдралд хожуухан боловч орж ирж байна. Энэ бол бидний хийх ёстой ажил юм гэж харж байгаа. Энэ сонгомол шийдвэрт орсон 77 шийдвэр бол бүх шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс 390 гаруй шийдвэрээс сонгогдож, шигшигдэж гарсан учраас нэлээн өндөр түвшинд хэд хэдэн шалгуураар ажлын хэсгийнхэн шалгаруулсан байгаа. Эрх зүйн анализ хийж байгаа чадварыг болон шүүгч хүний хуулийг тайлбарлан хэрэглэж байгааг гол шалгуур болгосныг бас онцолж байна. Түүнээс гадна шүүхийн шийдвэр тусгай техниктэй байдаг. Энэ техникийг хэр хангасныг бас шалгуур болголоо. Энэхүү эмхэтгэл нь Үндэсний эрх зүйг хөгжүүлэхэд түүхэн ач холбогдолтой. Аливаа улсын үндэсний эрх зүй бол шүүхийн шийдвэрээр хөгжиж байдаг. Хоёрдугаарт манай шүүхийн шийдвэр эрдэмтдийн судалгааны эргэлтэд орох бололцоотой. Сонгомол шийдвэрээ Шүүхийн ерөнхий зөвлөл гаргалаа. Энэ сонгомол гэж байгаа шийдвэрт нь дүн шинжилгээ хийнээ гэж манай эрдэмтэд үзгээ барьж үүнд хандах учиртай. Дэлхийн улс орнуудад нэг дуулиантай шийдвэр гарахад их сургуулийн профессорууд нь тэрийг тал бүрээс нь шүүн хэлэлцээд ололттой сайн талыг нь төдийгүй анхаарууштай зүйлийг нь олон нийтэд хүргэж байдаг. Тиймээс Монголын шүүхийн шийдвэр судалгааны эргэлтэд орох түүхэн бололцоо бүрдлээ. Гуравдугаарт бид шүүхийг олон нийтийн хяналтад оруулж байгаа юм. Ер нь шүүхийн бие даасан хараат бус байдлыг хэдхэн байгууллагын хүчээр хангаж, хамгаалдаг ертөнц дэлхийд байхгүй. Хамгийн найдвартай хамгаалагч нь олон нийт байдаг учраас шийдвэрээ олон нийтэд хүргэж байгаа нь шүүхийг олон нийтийн хяналтад оруулж байгаа юм. Дөрөвдүгээрт эх газрын эрх зүйн тогтолцоотой улс орнуудад нэг бэрхшээлтэй асуудал байдаг нь яг ижилхэн үйл явц янз бүрээр шийдэгдэх тохиолдол гардаг. Үүнийг яаж жигдрүүлдэг вэ гэхээр шийдвэрээ ил болгож, шүүхийн хууль хэрэглээний практикийг нэвтрүүлдэг. Ийм хэд хэдэн чухал ач холбогдолтой учраас бид шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэлийг жил бүр гаргаж, та бүхний гар дээр тавьж байх ёстой юм. Дэлхийн хуулийн их сургуулиудын эрдмийн өргөөнд шүүхийн шийдвэрүүд хөглөрч байдаг. Хойч үеийн хуульч, ирээдүйн шүүгчид тэндээс суралцаж, хуулийг шүүгч ингэж мэргэн тайлбарладаг юм гэдгийг суралцаж, биеэ бэлтгэж байдаг. Хууль хэрэглээний сод жишээг, гайхамшгийг их сургуулийн эрдмийн танхимд шүүхийн шийдвэр ингэж харуулдаг. Энэ утгаараа чухал ач холбогдолтой юм. Тийм учраас амьд эрх зүй гэж бодит агуулга байдаг бол энэ шүүхийн шийдвэрийг жинхэнэ амьд эрх зүй гэж хэлмээр байгаа юм. Тийм учраас шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл, шүүхийн шинэтгэлийн үр дүн, цагийн аяс, хөгжлийн эрхээр улам чанаржиж, сонгомолоос сонгомол болж, улмаар сонгодог шинж чанартай болно гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Энэхүү эмхэтгэлийг хийхэд гар бие оролцож, сонгон шалгаруулсан, өөрсдийн шийдвэрээ ирүүлж, сонгон шалгарсан нийт шүүгчид, шүүхийн захиргааны ажилтан, эрдэмтдэд МУ-ын Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гэв.
Сонгомол шийдвэрийг шалгаруулсан ажлын хэсгийг төлөөлж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн ухааны доктор Ж.Оюунтунгалаг үг хэллээ. Тэрээр “Сонгомол шийдвэрүүд маань явцдаа сонгодог шийдвэр болон хөгжиж, энэ эмхтгэлийн ач холбогдол улам бүр нэмэгдэх байх гэдэгтэй санал нэгтэй байна. Иргэний хэргийн хувьд шүүхийн практик гэдгийг Англи, Америкийн тогтолцоотой адилхан шүүхийн жишиг гэдэг ийм утгаар шууд ойлгож болохгүйг манай эрх зүйчид бүгд мэдэж байгаа байх. Тийм учраас шүүхийн практик гэж юу байна гэдэг асуудлыг судлаачдын хувьд тавихад энэ эмхэтгэл чухал ач холбогдолтой. Нэг үйл баримт дээр хуулийг хэд хэдэн янзаар тайлбарлан хэрэглэх нь шүүгчийн эрх чөлөөний асуудал байдаг. Тэгэхээр энэ шийдвэр бол сонгомол гэдэг утгаар гарч байгаагийн нэг гол ач холбогдол нь юу вэ гэхээр шүүхийн шийдвэр гаргахдаа шүүгч хуулийг хэрхэн тайлбарлан хэрэглэж байгаа одоогийн бодит байдал, хуулийг тайлбарлан хэрэглэх, тэр хүрсэн түвшинг илэрхийлж байгаа нэг хэлбэр гэдэг үндэслэлээр авч үзсэн. Үйл баримтын маргааны хувьд бид хэргийн баримттай танилцаагүй учраас үйл баримтаа шүүгч шийдвэртээ хэрхэн ойлгомжтой хэрхэн уялдуулан тодорхойлсон байдлыг харгалзан үзэж, шалгаруулсан учраас сонгомол шийдвэр гэж үзэж болно. Шүүхийн шийдвэрийг зөв буруу гэдгийг бид шүүн хэлэлцэх эрх байхгүй. Шүүхийн шийдвэрийг хянахдаа энэ үйл баримтыг ингэж хэрэглэх нь зөв байна, хуулийг ингэж хэрэглэх нь зөв байжээ гэх үндэслэлүүдийг заадаг боловч энд орсон шийдвэрүүд бол хамгийн эцсийн зөв шийдвэр юмаа гэдэг зүйлийг тогтоохгүй. Энэ нь эргээд шүүхийн шийдвэрийг байр эзлүүлэх утга агуулаагүй юм гэдгийг ажлын хэсэгт ажилласны хувьд онцолж хэлэх нь зүйтэй. Хууль хэрэглээний нэгдсэн практик, хуулийг хэрэглэж буй одоогийн хүрсэн түвшинг илтгэх гэдэг агуулгаар дүгнэсэн юмаа” гэв.
Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийхийн ач холбогдлын талаар МУИС-ийн ХЗС-ийн багш О.Мөнхсайхан үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Монголын шүүгч нартай ярилцахад тэд шийдвэр гаргахдаа тухайн жилийн чухал чухал шийдвэрүүдийг хардаг гэж байгаа юм. Хуульч нартай ярихаар тэд бас сайн шийдвэрүүд болон эсвэл Дээд шүүхийн шийдвэрийг хардаг гээд байгаа. Тэгэхээр шүүхийн шийдвэрийг жишиг Монголд байгаа юм байна гэж миний хувьд харж байгаа. Хуульд ерөнхий заалтууд орохоос аргагүй байдаг. Нийгмийн харилцаа баян учраас хуульд байгаа ерөнхий заалт, зарчмыг шүүгч нар тухайн амьдралд хэрэглээд маш үндэслэлтэй тайлбарлах замаар эрх зүйн харилцааг зохицуулдаг. Энэ бол ямар эрх зүйн бүл байхаас үл хамаардаг нийтлэг зүйл. Шүүхийн шийдвэрийн анализ бол маш чухал зүйл. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэр сайн байгааг тухайн шийдвэрт анализ, судалгаа хийсэн судлаачдын өгүүлэл, ном зохиолуудаас тодорхой харагддаг. Үүгээр шүүгч нар аливаа асуудлыг дур зоргоороо шийдвэрлээгүй хуулийн хүрээнд шийдвэрлэжээ гэдгийг гаргаж ирдгээрээ ач холбогдолтой. Шүүхийн шийдвэр хэвлэгдээд олон нийтэд хүрснээр иргэдийн шүүхэд итгэх итгэл, шүүхийг хүндэтгэх хүндлэлийг бэхжүүлдэг” гэдгийг онцоллоо.
Ийнхүү шүүхийн шийдвэрийг эмхэтгэн гаргаснаар шүүхийн шийдвэрийг судалгааны ажлын эргэлтэд оруулах, шүүхийн шийдвэрийг боловсруулах арга зүй, шүүхийн практикийг судалж мэдэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм. Цаашид энэ эмхэтгэлийг жил бүр ийнхүү цуврал байдлаар хэвлэж байх юм.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс