Хотын албан татварын хувь хэмжээг өнөөдөр шийднэ

DSCN8142

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал яг одоо Хангарьд ордонд хуралдаж байна.

Энэ удаагийн хуралдаанаар маш чухал асуудлыг хэлэлцэж буй нь “нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам батлах тухай” юм.

Өнгөрсөн 25-ны өдөр МАН-ын бүлгийн зүгээс “хотын албан татварын хувь хэмжээг тогтоох асуудалд төсвийн ерөнхийлөн захирагч заавал байх ёстой” гэсэн шалтгаанаар завсарлага авсан юм.

Тэгвэл өнөөдөр ирц бүрдэж хуралдаан өглөөний 09 цаг 45 минутанд албан ёсоор эхэлсэн юм.

Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг УИХ-аас 2015 оны 06 сарын 19-ны өдөр баталсан. Хууль 10 сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжихтэй холбогдуулан өнөөдөр ИТХ-аар эл асуудлыг хэлэлцэж буй. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хуулийн талаар болон дэлхийн бусад хотуудад хэрхэн татвар ногдуулдаг талаар товч мэдээлэл хийсэн юм.

DSCN8146Тэрбээр: “Хотын татвараар эргээд бизнесийг дэмжсэн үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн татварт нийслэлийн бүх иргэн хамаарахгүй. Харин хуулинд заагдсаны дагуу 2 төрлийн бараа, тодруулбал архи, тамхи, 4 төрлийн үйлчилгээнээс л энэ татварыг авна” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл нийслэл хотын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заагдсаны дагуу хотын нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн 4 төрлийн үйлчилгээ, бүх төрлийн архи, тамхины жижиглэн худалдаанд хотын албан татварыг авах юм. Гэхдээ хувь хэмжээг хуулинд байршил, хүн амын төвлөрлийг харгалзан 0-1 хувь байна гэж заасан. Харин энэ хязгаарыг нийслэлийн ИТХ батлах юм. Хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, тооцоо судалгаа хийн нийслэл хотын албан татварыг 1 хувь байна гэсэн дээд хязгаар бүхий журмыг иргэдийн хуралд санал оруулж байгаа юм.

Үүний дараагаар хороод санал дүгнэлтээ танилцууллаа. Нийслэлийн ИТХ дахь Хууль зүйн төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо танилцуулав. Тус хорооны зүгээс хотын татвараас ахмад настны авсан үйлчилгээг чөлөөлж өгөх талаар санал гаргалаа.

DSCN8136ИТХ дахь намын бүлгүүд хэлэлцэж буй асуудалд байр сууриа илэрхийллээ. АН-ын бүлгийн зүгээс 1 хувиар тогтоох болон, журам батлахыг бүрэн дэмжсэн бол МАН-ын бүлгийн зүгээс 0 хувиар тогтоох саналтай байгаагаа илэрхийллээ. МАН-ын бүлгийн дарга Амарбаясгалан хэлэхдээ: “Хот татвартай байх нь зөв юм. Гэхдээ хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, эдийн засгийн уналт, иргэдийн худалдан авах чадвар зэрэг олон асуудлуудыг үндэслэж тооцсон. Сүүлийн 3 жилд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30 хувиар өссөн байна. МАН-ын бүлгийн зүгээс хотын татварыг хамгийн өндөр буюу 1 хувиар тогтоосон нь цаг үеэ олоогүй, иргэдээ бодоогүй шийдвэр гэж үзэж байна. Тиймээс иргэдийн ахуй амьдрал сайжиртал 0 хувиар тогтоох хүсэлтэй байна” гэсэн юм.

Үүний дараагаар асуулт, хариулт явагдсанаар хуралдаан түр завсарлалаа. Үдээс хойш төлөөлөгчдийн саналыг авснаар эл асуудлуудыг батлах юм.

Энэ талаар дахин мэдээлнэ.

 

Г.Эрдэм

Ugluu-logo

 

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …