Залуус намрын ургац хураалтын ажилд оролцлоо

9bb8c34d-ae05-44e7-9934-d45779af6ed4Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж, Ерөө сумын Залуучуудын Холбоо хамтран “Намрын ажил” төслийн хүрээнд ургац хураалтын ажлыг зохион байгууллаа.  Ургац хураалтын ажилд “Хөдөлмөрч залуус” клубийн 30 гаруй  залуу оролцож Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сангийн аж ахуйн нарийн ногоон талбай дээр болон тариан талбай, үтрэм  дээр гурав хоног ажилласан юм. Энэ хугацаанд намрын ургац хураалттай танилцаж, байцаа, лууван, төмс хураах ажилд гар бие оролцон нэг тонн орчим ногоо хураалаа.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хувьд мал ахуй, газар тариалан хосолсон бүс нутаг бөгөөд сүүлийн үед уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа аж. Тус сумын нийт хүн амын 60 орчим хувийг залуучууд эзэлдэг, тэдний дийлэнх нь уул уурхайн салбарт ажиллан газар тариалангийн салбар руу орж ажиллах нь багассан байна. Тиймээс оюутан залуучуудыг зуны амралтаар нь ногооны талбайд цалинтай ажиллуулах, мөн ажилгүй байгаа залуучуудаа уг салбар руу татан оролцуулах тал дээр түлхүү анхаарал хандуулж байгаа тухайгаа Ерөө сумын залуучуудын холбооны тэргүүлэгчид онцолж байсан юм. Мөн 9, 10-р сар бол тарианланчдын хувьд хамгийн ачаалал ихтэй оргил үе байдаг бөгөөд энэ үед залуус нэгдэн ургац хураалтын ажилд нь хүч нэмэн тусалж байгаад баяртай байгаагаа тарианланчид илэрхийлж байлаа.

c1856d62-b0bd-4ec7-a3b1-948702d675c9Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү “Намрын ажил” төсөл юм. Төслийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж, нийт 1000 орчим залуус хамрагджээ. Энэ жилийн хувьд дотоодын оюутан залуусыг оролцуулахаас гадна Монголд суралцаж байгаа гадаад оюутнуудыг  ургац хураалтын ажилд хамруулж буйгаараа онцлогтой юм. 

Ийнхүү залуус ургац хураалтын ажилд хамт олноороо оролцож эх орныхоо хөгжил цэцэглэлтэд бага ч болов хувь нэмрээ оруулдаг байсан хуучны сайхан уламжлалыг дахин сэргээж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээд ирлээ.

06323a2c-cd48-4bc4-9f0b-7546e18214e9 7c1553db-a69f-4588-97dd-b39ffd8e8c95

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …