Уул уурхайн сайд Р.Жигжид энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших “Дууш мандал хайрхан” ТББ-ын хүдэр баяжуулах бичил уурхайн үйл ажиллагаа болон Гацууртын ордтой танилцжээ. “Дууш мандал хайрхан” төрийн бус байгууллага нь 400 гаруй гар аргаар алт олборлогчийг эгнээндээ нэгтгэж, нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон бөгөөд Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлд хамрагдаж алтны баяжуулах цехийг байгуулжээ. Мөн тэд өөрсдийнхөө олборлосон хүдрийг баяжуулдаг аж.
Гар аргаар алт олборлогчдын хувьд мөнгөн ус ашиглах нь түгээмэл байдаг. Тиймээс тус цехэд хүдэр баяжуулснаар хүний эрүүл мэнд болон байгаль орчонд ээлтэй төдийгүй эдийн засгийн хувьд үр ашигтай болох нь тогтоогджээ. Харин Гацууртын ордын тухайд УИХ-ын тогтоол гарч стратегийн ордод хамааруулсан. Харин төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцсэн боловч дэмжлэг аваагүй учир үйл ажиллагаа нь зогсонги байдалд бий. Уул уурхайн сайдын хамтаар Түүх, археологийн болон Газар зүй, геологийн цэвдэг судлалын хүрээлэнгийн мэргэжлийн хүмүүс Гацууртын ордтой танилцсан байна. Холбогдох мэргэжилтнүүд түүх дурсгалын зүйлс, цэвдэгийн судалгааг дахин нягталж үзжээ. Энэ үеэр ордын ойр орчимд хууль бусаар ашигт малтмал олборлогчид цөөнгүй байсныг хэлэв. Гацууртын ордод энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнө 300 гаруй хууль бус алт олборлогч дайран орж, нэг хүн шороонд дарагдаж эмнэлэгт хүргэгдсэн. Иймээс тус сумын цагдаагийн бие бүрэлдэхүүн ажиллаж нинжа нарыг орд газраас албадан гаргасан байна.
Эх сурвалж: times.mn