УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр 2015 оны аравдугаар сарын 01-ний өдөр Зэрэг суманд ажиллав. Уулзалтын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэгдэж, УИХ-ын чуулганаар батлагдсан хуулиуд болон 2015 оны УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх зарим хууль тогтоомжийн талаар танилцууллаа.
Тус сумын засаг дарга Д.Октябрь, хууль сурталчилах ажлыг сумын хэмжээнд графикийн дагуу хийж байна. Түүнээс гадна орон нутгийн иргэд телевизийн 78 сувгийг үзэж тогтмол мэдээ, мэдээлэл авч буй.УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа хууль, тогтоомжийн талаарх мэдээллийг малчид төрийн албан хаагчдааас илүү мэдээлэлтэй байдаг тухай ярьж байлаа.
Энэ үеэр сумын төвийн болон Бургасан багийн ахмад настнуудтай уулзаж ахмадын баярын мэнд хүргэсэн юм. Зэрэг сум 3100 хүн амтай, 300 орчим ахмадтай. Тэдгээрийн гурван ахмад нь 90-ээс дээш настай, 19 нь 80-аас дээш настай, 59 нь 70-аас дээш настай, нийт ахмадуудын 50 хувь нь өндөр настан байдаг байна. Хөдөөгийн аль ч сумын ахмадуудын дунд тэтгэврийн асуудал бага байгаа, залуус нь аав, ээж, эмээ, өвөөгийнхөө тэтгэврийг урьдчилан зээлдэж, тэтгэврээр нь амьдардаг гээд олон бэрхшээл тулгамдаж буй. Малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулах, Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталж өгөхийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргад танилцуулав.
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл өргөн баригдаад хоёр жил гаруй хугацаа өнгөрч буй. УИХ-ын 2015 оны намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Ахмадуудад нэн шаардлагатай энэхүү хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэнэ хэмээн тайлбарласан юм.