Өнөөдөр Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөны удирдагчдын нэг, улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэх өдөр.
Одоогоос 17 жилийн өмнө буюу 1998 оны 10 дугаар сарын 02-ны эл өдөр тэрээр бусдын гарт хорлогдож амиа алдсан хар өдөр юм.
С.Зориг 1962 онд төрсөн. 1989 онд МУИС-ийн магистрант байхдаа ардчилсан хувьсгалд оролцож, лидерийн үүрэг гүйцэтгэсэн. Сүхбаатарын талбай дээр болж байсан цуглаануудад Монголын ардчилсан холбооны зохицуулагчийн хувиар микрофон барин үг хэлж, иргэдийг өөрчлөлтөд уриалж байв. 1990 оны 3 сард түүний хүчин зүтгэлээр тэр үеийн эрх баригч МАХН-ын Төв Хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн билээ. 1990 оны 6 сард Монголд явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Ардчилсан намаас нэр дэвшиж байжээ.
Тэрээр 1992, 1996 оны сонгуулиар УИХ-д сонгогдож, Ардчилсан Холбоо эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байв.
1998 оны 6 сард банкны хямралыг гэтлэхийн тулд улсын өмчийн Сэргээн босголт банкийг хувийн Голомт банктай нэгтгэх шийдвэр гаргасан хэмээн сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж, Элбэгдоржийн Засгийн газар огцорлоо. Дараагийн ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Багабанди тухай бүрт нь янз бүрийн шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд ерөнхий сайдыг томилж чадаагүй юм.
Ц.Элбэгдоржийн засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголтойгоор 4 сар ажиллаж байсан тэр үед буюу 1998 оны 10 сарын02-нд Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэсэн аймшигт хэрэг гарч, Монголын нийгмийг цочроосон билээ. 3 хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.
Түүнийг эрх баригч эвслийнхэн Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр Ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэж байсан гэсэн яриа бий. Ямартай ч Монголын ард түмэн энэ хэргийг улстөрийн аллага байсан гэдэгт итгэлтэй байдаг. Уг хэрэг нь амьд гэрч (эхнэр Булган) үлдээсэн боловч өдийг хүртэл илрээгүй. Зоригийн аллагатай холбогдуулж олон хүнийг сэжигтнээр татаж байсан боловч хэн нь ч тус хэрэгт холбоотой нь нотлогдоогүй аж.
Түүний амиа алдсан энэ өдрийг Монголчууд жил бүр дурсан санаж, гэрэлт хөшөөнд нь цэцэг өргөн хүндэтгэдэг.
Ямартай ч Монгол төрийн нэрт зүтгэлтний аймшигт аллагын хэрэг 17 жил дарагдаж өнгөрлөө.
Түүний дурсгалыг хүндэтгэж, түүх өгүүлсэн ховор нандин зурагнуудаас хүргэе.
Г.Эрдэм