ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ
ТАНАА
Ил захидал
Харамсалтай нь ардчиллаар овоглосон ч ардчиллын тухай огтхон ч ойлголтгүй зөвлөлт маягийн сэтгэлгээнээсээ салаагүй эрх мэдлийн шуналтай зарим сайд нар алхам бүртээ эрх мэдэл цуглуулахаар улайрах нь хэрээс хэтэрлээ.
Тэд өөрсдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхдээ нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг булааж, хуулиар олгогдсон үүргээ зөрчиж, төсвийнхөө ачааллыг нутгийн өөрөө удирдах байгууллагад үүрүүлэх асуудлыг “хуульд нэмэлт өөрчлөлт оруулах”, төсөв санхүүгийн эрхийг нь хязгаарлах замаар шийддэг муу зуршил тогтлоо. Ийм хэдэн жишээ дурдья.
2012 онд орон нутгийн байгууллагын үндсэн үүргийн нэг болох хүн амын хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог босоо удирдлагад шилжүүлж, ажлын байр, иргэдийн амжиргааны орлогын түвшинг нэмэгдүүлэх ажлыг нэгдсэн бодлогоор хангах бололцоогүй болгосон.
2013 оноос өмнө Хүн ам, нийгмийн хөгжлийн сайдын багцад тусган баталдаг нийгмийн халамжийн сангийн зардлаас 2013 онд 76.6 тэрбум, 2014 онд 83.8 тэрбум, 2015 онд 92.2 тэрбум төгрөгийг хуульд өөрчлөлт оруулах замаар нийслэл рүү шилжүүлж, жилээс жилд өсөн нэмэгдэх нүсэр зардалтай салбарын санхүүжилтийг орон нутагт үүрүүлсэн.
2014 онд салбар бүрийн сайдын багцаас санхүүждэг байсан оюутан, сурагч, цагдаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардлын нөхөн олговор болох 53.1 тэрбум төгрөгийг 2015 оны нийслэлийн төсвөөс гаргуулах болсон.
2015 оны төсөв хэлэлцэх явцад боловсрол, соёл, биеийн тамир, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд зориулан баталдаг 280.4 тэрбум төгрөгийг мөн л нийслэлийн төсвийн суурь зардалд тусгаж, нийслэлээс санхүүжүүлэхээр Засгийн газраас оролдож, эцсийн мөчид арга буюу больсон билээ.
Засгийн газрын энэ мэт санаархал нь даамжирсаар эцэстээ орон нутгийн өөрөө удирдах ёс, бие даасан байдлын эдийн засгийн үндэс болсон орон нутгийн өмчийг үгүй болгож зөвхөн төрийн өмч болгох зорилго бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болж байна. Монголчууд бид “амины малыг нийгэмчилж, артель, хоршооллын өмчийг улсын болгосныгоо социалист өмчийн харилцаа яллаа” хэмээн тунхаглан зарлаж, эдийн засгийн хамгийн үр ашиггүй, үрэлгэн тогтолцоог бүрдүүлсэн хуучин цагийн гашуун туршлагаа мартах учиргүй.
Аливаа өмч хувь эзэнтэй байж, олон газар, олон цэгт зөв оновчтой бизнесийг үүсгэж, тэр талбартаа өрсөлдөөн бий болгож, төдий чинээгээр ард иргэдийн амьжиргаа, амьдрал ахуйд тус нэмрээ өгдөг нь маргашгүй үнэн билээ. Орон нутаг ил тод ажиллаж, иргэддээ төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлж, иргэдийнхээ оролцоотойгоор тулгамдсан асуудлаа шийдвэрлэдэг чадавхиараа өрсөлддөг байх учиртай.
Хэрэв та бүхний энэ “санаачилга” үр дүнгээ өгөхгүй бол дараагийн алхам нь хувийн өмчийг төрийн болгох арга зам руу шилжих үү.
Засгийн газрын санаачилсан энэхүү хуулийн төсөлд төрийн өмчийг Засгийн газар өмчилнө, харин аймаг, нийслэл зөвхөн өмчийг ашиглах, эзэмших эрхтэй байхаар заажээ. Энэ тохиолдолд аль нэг сум, хорооны цэцэрлэг, сургуулийг засварлъя, ажиллахгүй зогссон худгийг акталъя, худалдъя, ажилд оруулъя гэх тоолонд Засгийн газрын зөвшөөрлөөр хөдөлдөг болох юм байна. Нэг ёсондоо Засгийн газрын “амыг” харж суудаг, хүнд суртлыг даамжруулсан тогтолцоо үүнээс үүдэн дахин сэргэх нь.
Ийм төрийг иргэд хүлээн зөвшөөрөхгүй. Ухаалаг, хүнд сурталгүй, түргэн шуурхай ажилладаг, иргэд, орон нутгийн идэвх санаачилгыг дэмждэг, сайн засаглалтай төр гэж үзэхгүй нь лавтай.
Төрийн өмчийг хумьж нэгтгэх бус харин улам задлах ёстой. Цаашлаад аймаг, нийслэл, хот суурин, дүүрэг, хороо өөрийн өмчтэй, хөгжлийн бодлоготой, нэрээрээ хаяглах брендтэй байсан цагт хөгжлийн зөв гарц нээгдэнэ. Үүний төлөө хүмүүсээ сургах, чадавхжуулах нь төр засгийн өмнө тулгамдсан гол асуудал болоод байна.
Тиймээс хүндрэл бэрхшээлийг өнгөрсөн үе рүүгээ ухрах замаар бус, шинийг эрэлхийлж, орон нутаг, иргэдийнхээ идэвх санаачилгыг хөхиүлэн дэмжих аргаар давах нь зөв шийдвэр бус уу.
Иймд Та бүхнийг “ТӨРИЙН ӨМЧИЙН” тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаасаа өмнө аймаг, нийслэл болон бусад орон нутгийн ИТХ, нутгийн захиргааны байгууллагуудаас саналыг нь авч тусгахыг шаардаж байна.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ДАРГА Д.БАТТУЛГА ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ