“Тэс Петролиум” ХХК компанийн хуулийн зөвлөх Ж.Гансүх шүүхээр үйлчлүүлж, талархсан сэтгэгдлээ ийнхүү илэрхийллээ.
- Та ямар хэргийн улмаас шүүхэд хандах болов?
- Манай компани гагцхүү төрийн захиргааны байгууллага түүний албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагааны улмаас Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандах болсон.
Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/71 тоот захирамжийн “Тэс Петролиум” ХХК-д холбогдох хэргийг хүчингүй болгуулах, Багануур дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн А/172 тоот захирамжийг сэргээж, “Тэс Петролиум” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Өмнөх засаг даргын тушаалаар манай компанид газар олгосон байдаг юм. Гэтэл шинээр томилогдсон засаг дарга тус олгогдсон газрыг цуцалсан. Засаг дарга нар улс төрийн шалтгаанаар нэгнийхээ хийсэн ажлыг нурааж байгаа нь аж ахуй нэгжүүдийг хохироож, чирч байна. Хоёр намын хоорондын л албан тушаалын асуудлаас болж ийм асуудал үүсэж байна.
Манай компани хуулийн дагуу газрын албанд, засаг даргад хүсэлтээ гаргасан. Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан тухайн газарт нь газар эзэмших хүсэлтээ гаргасан. Зориулалтын дагуу шатахуун түгээх станцыг тухайн газарт байршуулж, ашиглах төслөө өгөөд байж байтал хүчингүй болгочихсон.
Үүнээс болоод аж ахуй нэгж байгууллагууд зөндөө чирэгдэж, хохирч байна. Энэ асуудал чинь бүүр хоёр жил шахуу дамнаад эрүүгийн хэрэг үүсгэгдэж, иргэний хариуцагчаар бид нарыг татаж чирэгдүүлээд, дараа нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж энэ асуудлаа шийдвэрлүүлсэн. Тус шүүх энэ асуудалд хууль зүйн үндэслэлтэй, нухацтай хандаад, бидний асуудлыг хуулийн дагуу шийдэж өгсөн.
Энэ асуудал дээр төрийн захиргааны байгууллагын болон түүний эрх бүхий албан тушаалтнуудын хариуцлагагүй, хууль зөрчсөн ийм ажиллагааны улмаас аж ахуй нэгжүүдэд маш их чирэгдэл үүсэж байна. Хоёр жилийн хугацаанд бид нар үйл ажиллагаагаа явуулаад шатахуун түгээх станцаа ашиглалтад оруулаад ажиллаж байх ёстой бизнесийн байгууллага шүү дээ. Төрийн захиргааны байгууллагын буруутай эрх бүхий албан тушаалтнуудын балгаар ингээд хоёр жил алдаж байгаа юм. Мөн энэ хугацаанд өчнөөн чирэгдэл наашаа, цаашаа явах, өчнөөн зардал гарч байгаа юм л даа.
Харин Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр бол маш зөвөөр авч үзэж, хуулийн дагуу шийдэж, манай аж ахуй нэгжийн эрх ашгийг хамгаалж өгсөнд бид бүхэн маш их баяртай байна. Шүүх бол зохих ёсны дагуу бүх асуудалд маш нухацтай хандсан. Нэг тушаал нь л гэхэд газар олгосон тушаалыг хүчингүй болгосон тушаал гээд гаргачихсан. Мөн бичиг хэрэгтээ албан ёсоор бүртгэгдээгүй байдаг. Ийм ноцтой зөрчлүүд захиргааны хэрэг маргаан хянан шийдвэрлэх явцад илэрсэн. Шүүгч үүнийг соргог хүлээж аваад тодруулахад манайхыг цуцлах тушаал гарсан нь албан ёсоор бүртгэгдээгүй байдаг.
Энэ бүх нотлох баримтыг захиргааны хэргийн шүүх татаад авчихдаг шүү дээ. Энэ асуудлыг шүүгч татаж аваад, энэ асуудлуудыг бүгдийг тодруулаад маш зөвөөр шийдэж өгсөнд бид бүхэн маш их баяртай байгаа.Тиймээс шүүхэд баярлалаа хэмээн уламжилья.
Багануур дүүрэгт улс төрийн асуудал, төрийн захиргааны байгууллага, эрх бүхий албан тушаалтны буруугаас бид нарт маш их чирэгдэл учирсан. Нөгөө талаар орон нутгийн хөгжилд маш их саад болж байна. Шатахуун түгээх станц бол жил бүр орчин үеийн шаардлага, стандартыг хангасан аль болох цогцолбор үйлчилгээ үзүүлэхийг зорьж, төслөө явуулдаг. Зөвхөн шатахуун, бензин, дизель түлш биш, одоо хийн шатахууныг бид нар Багануурт бас хийх тийм төсөл байгаа. Давхар хийн хэрэглээг нь хангая, мөн авто үйлчилгээг нээх боломж байна.
Б.Хос-Эрдэнэ