УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр 9-р сарын 30-ны өдөр Ховд аймгийн боловсрол, соёлын байгууллагын дарга, эрхлэгч нар, төрийн албан хаагчидтай уулзав.
Уулзалтад аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан оролцож олон улсын болон монголын багш нарын өдрийн баярын мэнд дэвшүүллээ. Тэрээр аймгийн цаг үеийн ажлыг танилцуулж, аймаг орон нутгийн ажил бүх салбарт өөдрөг байгааг дурьдаад боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буйг тэмдэглэв.
Мөн Ховд аймгийн боловсролыг дэмжиж сургалтын хэрэглэгдхүүнд жилд 300 сая төгрөг зарцуулдаг болсноо дуулгав. Элсэлтийн ерөнхий шалгалтад Ховд аймаг улсдаа 3 дугаар байр эзэлсэн сайхан амжилтыг дурьдаж нийт багш нарт баяр хүргэлээ. Л.Гантөмөр сайдтай хийсэн уулзалт дээр Ховд аймгийн Боловсрол соёлын газрын дарга Б.Ундрах 2013-2014 оны хичээлийн жилд хийсэн ажлаа товч танилцууллаа. Б.Ундрах “Өнөөдөр хүүхэд бүр өөртөө итгэлтэй,өөрийгөө илэрхийлэх чадвартай болж байна. Нэг ангийн 2-3 хүүхэд л дуулдаг, шүлэг уншдаг бус нийтээрээ дуулдаг, бүжиглэдэг хэлэх үгээ хэлдэг болсон. Багш өөрөө хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ гэдэг итгэлтэй ажлын байранд багш, хүүхэд хамтдаа хөгжиж байна” гэж онцлов. Энэ үеэр “Ховддоо сайхан амьдарцгаая” сангийн тэргүүн Б.Пүрэвдорж багш нарын гарын авлага номыг ивээн тэтгэж, хэвлүүлснээ үнэгүй хандивлав.
УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр Ховдод ирээд сайхан мэдээ сонссон “Ховдын хүүхдүүд элсэлтийн шалгалтад 596 оноо авч улсдаа дээгүүрт орсон. Тэр дундаа Прогресс сургууль сүүлийн 10 жил улсад тогтвортой яваа сайн туршлага бидний хажууд байна” гэв. Мөн уулзалтын үеэр Ховд аймгийн боловсролын салбарт ажиллаж буй шилдэг 19 багш Боловсролын тэргүүний ажилтнаар, 33 багш БСШУЯ-ны жуух бичгээр, 3 багш Соёлын жуух бичгээр шагнагдлаа.