БНСУ-ын Мүнген хотод Дэлхийн цэргийн Олимп гэгдэх Цэргийн их наадмын 6 дах удаагийн тоглолт “Нөхөрлөл, эв нэгдэл” уриан дор энэ сарын 2-нд нээлтээ хийлээ.Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 117 орны 7045 тамирчин цэргүүд 24 спортын төрлөөр 10 хоногийн хугацаанд өрсөлдөж байна. Нээлтийн ажиллагаанд БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Баг Гин Хэ болон БНСУ-ын Батлан хамгаалахын сайд, Жанжин штабын дарга болон бусад оролцогч орнуудын тэргүүнүүд оролцсон юм. Монгол Улсаас Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр багийг ахлан оролцож байна.
Тэмцээн эхэлсэний маргааш буюу өнгөрсөн бямба гаригт манай Зэвсэгт хүчний “Алдар” спортын эрэгтэй жудо бөхийн тамирчид багийн тэмцээнд мөнгөн медаль хүртсэн сайхан мэдээ ирүүлсэн юм. Ингэснээр 10 өдрийн туршид үргэлжлэх энэ удаагийн Дэлхийн цэргийн олимпоос Монголын тамирчид анхны медалиа мөнгөн медалиар эхлүүлж байна. Тэмцээний үеэр Дэлхийн спортын холбоо /CISM/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын баг тамирчдын багийн ахлагч, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр, Жудо бөхийн багийн ахлагч Б.Ганбаатар нарийг хүлээн авч уулзаж цаашид хамтран ажиллах олон улсын тэмцээн уралдааныг өөрийн орондоо зохион байгуулах асуудлаар санал бодлоо солилцсон байна. Манай тамирчид спортын найман төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх бөгөөд байт харваа, бокс, буудлага, чөлөөт бөх, жүдо бөх, хөнгөн атлетик, таеквондо, дугуйн төрлөөр оролцоно.