Л. Бор: Хүнтэй мэндэлж, хүндэлж харьцвал эвлэрэл амжилттай явагдана

1444038721_1Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлагч Л.Бор улсдаа эвлэрэлээрээ тэргүүлж яваа арвин туршлагатай нэгэн. Шүүхийн байгууллагатай 30 жил амьдралаа холбож яваа Л.Бор он гарснаас хойш 400 гаруй хэргийг эвлэрлийн шугамаар шийдэж, шүүхийн ачаалал болон иргэдийн цаг, мөнгийг хэмнэжээ.Түүний амжилтын нууц нь шүүхийн байгууллагад хуримтлуулсан олон жилийн туршлагаас гадна ажилдаа, үйлчлүүлэгчиддээ хандсан чин сэтгэл, халуун дулаан хүндлэл нь. Амьд цэцэгсээр гоёсон ажлын өрөөндөө тэрбээр эвлэрүүлэн зуучлалыг зорин ирсэн үйлчлүүлэгчдээ хүлээн авч, аминчлан ярилцдагаа бидэнтэй ийнхүү хуваалцсан юм. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан эвлэрүүлэн зуучлагчийн давтан сургалтанд Л.Бор гуайг хамрагдаад байхад нь ярилцлаа.

Сургалт амжилттай болж байна уу? Юугаараа онцлог авууштай гэж та үзэж байна вэ?

– Жил бүр эвлэрүүлэн зуучлагчдын давтан сургалтыг хийснээр бидний ажлын алдаа, оноог хэлж өгч байдгаараа энэхүү сургалт бидэнд маш их зүйлийг шинээр зааж, сургаж байдаг. Ер нь хичнээн амжилттай байсан ч хүн сурахад хэзээ ч илүүддэггүй. Тиймээс би хувьдаа эндээс сурч сонссон бүхнээ ажилдаа цаг үргэлж ашигладаг.Ялангуяа сургалтаас сэтгэл судлалын хичээлүүд илүү ач холбогдолтой байлаа.

Та амжилттай эвлэрүүлэн зуучлалын туршлагаасаа бага боловч хуваалцаач?

– Олон жил шүүгчээр ажилласан маань амжилттай эвлэрүүлэн зуучлах суурь болдог байх. Би сум дундын шүүх, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж, 30 гаруй жил шүүхтэй амьдралаа холбож яваа хүн. 1976 оноос хойшхи шүүхийн үйл ажиллагааг мэднэ гэж хэлж болно. Нөгөө талаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ирсэн өргөдлийг маш хурдан, бараг өдөрт нь биш юм гэхэд 3 хоногийн дотор шуурхай шийдвэрлэж өгдөг маань хүмүүсийн ам дамжин үйлчлүүлэгчдэд “Шуурхай үйлчилгээ байдаг юм байна” гэсэн мэдээллийг хүргэдэг байж мэднэ. Мэдээж хүнтэй харьцах харьцаа эвлэрүүлэн зуучлагчид маш чухал.Мэндлэх, хүндлэх ёс гэж байна. Иргэдийг шүүхийн үүдээр орж ирэхэд тосч байгаа харьцаа үр ашигтай харилцааг бий болгодог. Үйлчлүүлэгчдээ сайхан хүлээн авч, мэнд усаа мэдэлцээд, орон нутгийнхаа онцлог, цаг агаарын байдлыг ярилцаж, санаа бодлоо хуваалцсаны дараа ажиллагаагаа эхлэх нь амжилттай, итгэлцэл дүүрэн явагдахын эхлэл тавигддаг гэж боддог. Энэ ажиллагааг нэн түрүүнд хийх хэрэгтэй. Би цэцэг тарих, арчлах дуртай хүн. Аймагтаа ховор цэцэг ч их тарьдаг. Энэ маань хүмүүсийн таашаалыг их хүртдэг. Манай өрөөнд орж ирсэн хүн болгон хамгийн түрүүнд цэцэгнүүд рүү маань хараад “Ямар гоё юм бэ? ” гэж дуу алддаг. Өөрийн эрхгүй цэцэгний тухай яриа надтай их өрнүүлдэг. Энэ маань ч уулзалт амжилттай болоход их нөлөө үзүүлдэг гэж боддог. Би өөрөө ч хүнтэй ямагт зөв боловсон харьцахыг хичээдэг.

– Олон жил шүүгч хийсэн хүн үйлчлүүлэгчээ амархан “уншдаг” байх.Эвлэрүүлэн зуучлагчид сэтгэл зүйн мэдрэмж их шаардагддаг гэдэг?

– Тийм. Эвлэрүүлэн зуучлагчид хүнтэй хөндий, хүйтэн сэтгэлээр харьцах юм бол эвлэрэл хэзээ ч амжилттай явагдахгүй. Манайх 2015 оны 1 сарын 1-нээс хойш 540 гаруй хэрэг хүлээж авснаас 400-гаад өргөдөлд эвлэрүүлэн зуучлал хийсэн. Хүний сэтгэлд хүртэл богино хугацаанд шуурхай үйлчилнэ гэдэг бол эвлэрүүлэн зуучлалын давуу тал.

– Таны шийдсэн хэргүүд дунд гэр бүлийн маргаан ямар хувийг эзэлдэг вэ? Ихэвчлэн ямар шалтгаанаас болж энэ маргаан ихэсч байна гэж та үзэж байна вэ?

– Орчин үед залуучууд гэр бүлээ, нэгнийхээ ажил албыг хүндэтгэж ойлгодоггүй. Хувийн хардах сэтгэлээс үүдсэн гэр бүлийн маргаан их байдаг. Би 30 гаруй гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэсэн. Ирсэн өргөдлийн 2-оос бусад эвлэрэл амжилттай болсон. Манай Баянхонгор аймаг алтны уурхай ихтэй.Алтаа хөөцөлдөөд хүмүүс нь явчих тал бий учраас хариуцагч олдохгүй, хүлээн авахаас татгалзах тохиолдол байдаг.

– Шүүхэд хандаж байгаа иргэдийн итгэл ямар түвшинд байна гэж та дүгнэх вэ?

– Шүүхэд хандаж ирж байгаа иргэдийг ажиглаж байхад жаахан охин сууж байвал тоохгүй хирнээ нас тогтсон, дадлага туршлагатай хүмүүстэй харилцах сонирхол илүү байх шиг санагддаг. Энэ хүн л миний асуудлыг тулхтай зөв шийдээд өгчих юм болов уу гэсэн найдлага байдаг байх. Намайг танихгүй хүн гэж Баянхонгорт бас цөөхөн. Энэ нь ч нөлөөлдөг байж болох талтай. Би үйлчлүүлж байгаа иргэдийн дунд сэтгэл ханамжийн дэвтэр ажиллуулдаг.Тэдний сэтгэгдлээс харахад маш их туршлагатай хүн богино хугацаанд асуудлыг маань эвлэрүүлэн шийдэж өгсөнд баярлалаа хэмээн бичсэн зэрэг нь шуурхай хугацаанд хүссэн үр дүндээ хүрч байгаадаа сэтгэл дүүрэн байна.Тиймд шүүхийн үйлчилгээнд шуурхай байдлыг улам нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг дурьдах нь зүйтэй.

– Шүүхийн шинэтгэлд иргэд ямархуу сэтгэгдэл, үнэлэмжтэй байна вэ?

– Шүүхийн шинэчлэл маш сайн хийгдэж байна. Шүүхийн тухай багц хууль гараад шүүхийн үйл ажиллагаанд шинэлэг олон өөрчлөлт орж байгаа. Шүүгч, шүүхийн ажилтнуудын сэтгэхүйд ч их өөрчлөлт гарсан гэж үзэж байна.

– Цаашид эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилттай явуулахын тулд юуг илүү анхаараасай гэж та хүсч вэ?

– Шүүхийн Тамгын газар эвлэрүүлэн зуучлагчдын ажиллах нөхцлийг сайн хангаж ажиллах шаардлагатайг би энэ хугацаанд мэдэрлээ.

– Ярилцсанд баярлалаа.

Ш.Отгонцэцэг

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …