Су.Батболд: Сонгуулийн хуулийн төсөлд улс төрийн намууд, иргэд, судлаачдын саналыг тусгасан

_DSC0008УИХ-ын гишүүн Су.Батболд, С.Дэмбэрэл, Д.Сумъяабазар, А.Тлейхан, Ч.Улаан, Ж.Эрдэнэбат, Л.Цог нар санаачлан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Засгийн газар болон СЕХ-ноос санал авахаар илгээж буй талаар мэдээлэл хийлээ.

             МАН 27 дугаар Их хурлаасаа  улс орныхоо язгуур эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэж,  эх орноо хөгжүүлэхийн тулд улс төрийн бүх нам, иргэний нийгмийн байгууллагуудтай  үндэсний зөвшилцөлд хүрч хамтран ажиллах санаачилга гаргасан билээ. Энэ хүрээнд МАН-ын дарга М.Энхболдын санаачилгаар улс төрийн намуудын дарга нарын төвшинд таван удаа, ерөнхий нарийн бичгийн даргын төвшинд зургаан удаагийн уулзалт зохион байгуулаад байна.

               2012 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа улс төрийн намууд, иргэд, сонгогчид, судлаачдын зүгээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчимд нийцүүлэн шинэчлэх, боловсронгуй болгохыг шаардах болсон. Тухайлбал, тойргийн хуваарилалт, сонгуулийн байгууллагын бүрэлдэхүүн, саналыг гар аргаар тоолж баталгаажуулах, санал тоолох ажиллагааг техник хэрэгсэл ашиглаж ил тод нээлттэй болгох, сонгуулийн хууль тогтоомжтой холбоотой гомдол маргааныг түргэн хугацаанд шийдэх, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх талаар олон санал, томъёолол ирүүлсээр байна. Иймд МАН-ын даргын санаачилгаар улс төрийн 22 нам оролцсон “Үндэсний зөвшилцөл” уулзалтыг есдүгээр сард зохион байгуулж, Сонгуулийн хуулийн төсөл дээр хамтран ажиллахаар санал нэгдэн 32 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Үүний үр дүнд Монголын улс төрийн намууд, иргэд, судлаачдын саналыг нэгтгэж, Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байна. Гэхдээ энэхүү хуулийн төслийг боловсруулахад АН-аас бусад бүх намууд оролцсон аж.

             Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг оруулахаар тусгалаа. Үүнд:

             -Хуулийн төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсан.

           -Төсөлд сонгуулийн одоогийн тогтолцоог хэвээр хадгалж, харин сонгуулийн нутаг дэвсгэрийг 26 тойрогт хуваан нэр дэвшигчдийг өрсөлдүүлсэн нь нэг нам, эвслийн нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх, энэ нь намын эв нэгдэл, зохион байгуулалт, сахилга бат болон хүн хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлөх болсныг өөрчлөхөөр тусгав.

            -Төсөлд сонгуулийн тойргийг нэг мандат бүхий 48 тойрог байхаар өөрчилж, нам, эвсэл УИХ-ын сонгуульд 48-аас илүүгүй хүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан тойрогт нэр дэвшүүлж, тойргийн дугаараар эрэмбэлэх эрхтэй болсноор дээрх байдал засагдах эрх зүйн боломж хангагдана гэж үзлээ.

              -Сонгуулийн хоорондын бүрэлдэхүүнийг зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаар бүрдүүлж байсныг өөрчилж, тухайн тойрогт нэр дэвшигчээ дэвшүүлсэн улс төрийн нам, эвслийн төлөөллийг тэгш оролцуулан томилохоор тусгасан байна.

              -Сонгуулийн хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон хуралдаанаас гаргасан тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргын аль нэг нь гарын үсэг зураагүй нь уг тогтоолыг хүчингүй, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй гэх зохицуулалтыг тусгав.

               -Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийн санал өгөх боломжийг нэмэгдүүлж цахим хэлбэрээр бүртгүүлэх, саналаа өгөх зохицуулалтыг тусгасан.

              -Санал тоолох автомат төхөөрөмжөөс гарсан дүнг гар аргаар давхар тоолж баталгаажуулах бөгөөд саналын хуудсыг гар аргаар тоолж байгаа процессыг илүү хяналт, ажиглалт дор явуулах, техник хэрэгсэл ашиглан дэлгэцээр шууд ажиглагч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад ил тод нээлттэй харуулах зохицуулалтыг тусгасан.

              -Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах хариуцлагыг холбогдох зүйл, заалтад шинээр оруулсан.

           -Сонгуультай холбоотой маргаан гомдол, нэхэмжлэлийг тухайн нутаг, дэвсгэрийн харьяалах захиргааны хэргийн шүүх зөвхөн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх, энэ шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх тус бүр 21 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулав.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …