Монгол Улсын иргэн бүрийн нийгмийн хариуцлага, ухамсрыг дээшлүүлэх, гэр бүлийн харилцаанд амьдралын зөв хэвшил, эерэг нөлөөллийг төлөвшүүлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газраас санаачлан “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аяныг Нийслэлийн хэмжээнд энэ оны 9 дүгээр сараас зохион байгуулж эхлээд байна.
Улаанбаатар Цагдаагийн хүрээний анги байгууллагуудын эмэгтэй алба хаагчид “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аяныг өөрсдийн анги, байгууллагад зохион байгуулах юм.
Аянд төрийн болон төрийн бус байгууллага, үндэсний үйлдвэрлэгч компани, дуучин, жүжигчин, соёл урлаг, хэвлэл мэдээлэл, боловсролын байгууллага зэрэг 26 аж ахуйн нэгж, байгууллага сайн дурын үндсэн дээр нэгдэж, дэмжин оролцоно.
Дээрх байгууллагууд өөрсдийн чиг үүрэг, үйл ажиллагааныхаа хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт компанит ажлыг өрнүүлж, олон нийтийг уриалж, ажиллах юм.
Мөн Улаанбаатар хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хамгийн ихээр бүртгэгдсэн 33 хороог сонгон авч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх сургалтанд хамруулах, гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрх ашиг нь хохирсон иргэдийг хамтарсан багийн хяналтад авч, эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх ажлуудын зохион байгуулах юм байна.