Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг оффис болгох шийдвэр гарган дуулиан тарьж байсан Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй холбоотой нэгэн ноцтой баримтыг хуульчид өөрсдөө дэлгээд байна. УИХ-ын эрхэм гишүүн Х.Тэмүүжин хууль зүйн сайд байхдаа хуулийг гууль болгон хувиргаж, эрх ашгийнхаа төлөө чамгүй зүйл хийж амжсан хэмээн тэд ярьж байгаа юм.
Төрсөн хүүхдээ гадаадад үнэгүй сургуульд сургахын тулд бусдын нэр дээр хүртэл шилжүүлж, хуурамч бичиг баримт бүрдүүлж чаддаг энэ эрхэм сайдын сэнтийгээсээ буухаасаа өмнөхөн Хууль зүйн яамны ажилтнуудад зориулсан байрыг хувиарлах тушаалд гарын үсэг зуржээ. Гэвч энэ тушаал өнөөдрийг хүртэл маш нууц байдалд байгаа бөгөөд Х.Тэмүүжин сайд өөрийнхөө ах дүү хамаатан саданг Хууль зүйн яаманд ажилладаг гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлж, найман орон сууцыг өөрийнхөө хамаатнуудад олгосон гэнэ.
Үүнээс гадна Х.Тэмүүжингийн ажлын албанд зүтгэсэн, хууль зүйн салбарт хоёр жил ч ажиллаагүй газрын дарга, хэлтсийн дарга, бодлогын дарга, сайдын туслах гэсэн хүмүүс нэг нэг байр аваад сайдтайгаа хамт огцорсон гэнэ.
Уг нь Хууль зүйн салбарт хууль сахиулахаар ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэ гэж хууль зүйн сайдын багцад хуваарилсан төсвийн хөрөнгийг Х.Тэмүүжин хууль бус тушаал шийдвэр, бас хуурамч бичиг баримтаар ах дүү нартаа тарааж өгсөн энэ хэргийг Хууль зүйн яамныхан ч өөрсдөө нууцлан хуулиа зөрчсөөр байна. Төрийн хуулийн бодлого боловсруулдаг, хууль бичдэг энэ яамны сайд, УИХ-ын эрхэм гишүүн Х.Тэмүүжингийн албан тушаалаа урвуулан ашигласан энэхүү хууль бус үйлдлийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж: tashuur.mn