Тутанхамон хааны төрх бол хүн төрөлхтөнд цус ойртолтын гамшгийг мэдрүүлэх том сануулга болох учиртай. Түүний эцэг эх хоёр нь төрсөн ах дүүс билээ. Мумийн анатомийн онцлогийг нарийн судалсны үндсэн дээр компьютер загварчлалын аргаар Тутанхамон хааны гадаад төрхийг шинээр зураглан бүтээсэн байна. Тутанхамон маш хурц илэрц бүхий гормоны гажигтай байснаар түүний бие махбодийн тэнцвэргүй бүтэц, мөн эрт хорвоог орхисны учир тайлагдаж байна.
Энэ фараоны мумийг томографийн аргаар судалсан юм. Бараг 2000 гаруй зураг авсан байна. Түүнээс гадна Тутанхамон болон түүний хамаатнуудын генетикийн ДНК анализийг хийжээ. 10 жил гаруй хийгдсэн нүсэр ажлын үр дүнд фараон амьд ахуйдаа хэрхэн харагдаж байсан дүр төрхийг босгож чаджээ.
Италийн Муми судлалын институтын эрдэм шинжилгээний баг анх Тутанхамоныг цус ойртолтын золиос гэсэн таамаглал дэвшүүлсэн билээ. Тэд эхийн талаас удамшсан митохондр ДНК-г ялган авч чадсан байна.
19 настайдаа таалал төгссөн Тутанхамон хаан тун ч үзэмж муутай нэгэн байсан нь илэрхий болжээ. Түүний шүдний байрлал буруу, доод эрүү нь урагш огцом түрж гарсан байж. Зүүн хөл нь шагай, тавхайгаараа хүчтэй нумран эргэсэн учир хөл дээрээ арай ядан тогтдог, доголон, таяг тулж явахаас өөр аргагүй байх ёстой. Мөн хавчиг чээж, өргөн бэлхүүстэй байжээ.
Тутанхамон эртний Египтийн фараонуудын гэр бүлд өргөн тархсан цусан төрлийнхний гэрлэлтээс үүдэлтэй генетикийн өвчинд нэрвэгдсэн болохыг эрдэмтэд нотолж байна. Энэ угсааныханд идэр залуу ахуйдаа нас барах тохиолдол цөөнгүй гарч байжээ.
“Тэдний өвөг дээдэс, үр хойч нь ч гэсэн хорвоог эрт орхидог байв. Үеэс үед үхэгсэд нь улам л залуужих болжээ” гэж Лондон хотын Эзэн хааны Анагаах ухааны коллежийн багш Хутан Ашрафьян тайлбарлаж байна.
Тутанхамоны авснаас 130 таяг олжээ. Ах дүү хоёрын дундаас гарсан энэ хүүхдийн төрөлхийн хөлийн эмгэг л амь насыг нь авч одсон бололтой. Тутанхамон бол Эхнатоны үе залгамжлагч фараон Сменхкарын хүү юм. Тэр өөрийн эгч, эсвэл дүү бүсгүйтэйгээ гэрлэсэн байна. Харин Тутанхамоны эхнэр Анхесенамон бол Эхнатон, Нефертити хоёрын охин байжээ.
1922 онд Египтийн хаадын хөндийд фараоны огт хөндөгдөөгүй бунхан шарил олдсон нь Тутанхамон хааных байж археологийн түүхэнд ховор тохиолдох том завшаан болсон билээ. Бунхныг чулуугаар даран хамгаалсны хүчинд манай үеийг хүртэл бүтнээрээ хадгалагдаж чадсан юм.
Бунханд төрөх үедээ нас барсан фараоны 2 хүүхдийн шарил бас байжээ. Эндээс 110 кг цэвэр алтан авс тэргүүтэй маш их хэмжээний эрдэнэс гарсан байдаг.
Эх сурвалж: Viva.mn