Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын захын гэр хороолол өргөжин тэлж, цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом өссөнөөс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн 35 кВ-ын дэд станц, цахилгаан дамжуулах шугам, тоноглолууд хэт ачааллаж тухайн бүсэд суурьшсан хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдал алдагдах болсон. Мөн цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалтай байдлаас болж ийм бүсэд шинээр суурьшсан айл өрх, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг түгээх сүлжээнд шинээр холбох боломж хязгаарлагдмал байна.
2014 оноос 35/6 кВ-ын Баянхошуу дэд станцын хүчин чадлыг 2*10 МВА болгож, 2.4 км-ийн урттай хоёр хэлхээ цахилгаан дамжуулах агаарын шугам татах, хуваарилах байгууламжийн тоноглолыг шинэчлэх, 35/10 кВ-ын Дашчойнхор дэд станцын хүчин чадлыг 2*6.3 МВА, ил хуваарилах байгууламжийг хаалттай болгох, тоноглолыг шинэчлэх ажлууд хийгдэж эхэлсэн бөгөөд барилга угсралтын ажлыг “Да хот”, “Илч хангай” ХХК-иуд тус тус төлөвлөгөөт хугацаанд нь гүйцэтгэж дуусгаад улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.
Өнгөрсөн жилүүдэд 94.6 хувь хүртэл ачааллагдсанаас бага чадлын эх үүсвэр нэмж тавих аргаар түр арга хэмжээ авч, их ачааллыг давж байсан Баянхошуу дэд станц ийнхүү шинэчлэгдсэнээр 29.5 хувьтай хэвийн ачааллаж, шинээр 7000 орчим айл өрхийг нэмж холбох боломжтой 11.9 мВА-ын нөөц үүсч байна. Түүнчлэн өмнө нь холбогдсон 7714 айл өрх, 187 аж ахуйн нэгжийн цахилгаан хангамж сайжирсны зэрэгцээ 2300 орчим айл өрх нь цахилгаан халаагуур ашиглах эх үүсвэрийн нөхцөл бүрдлээ.
Харин Дашчойнхор дэд станц шинэчлэгдсэнээр өвлийн их ачааллын хэмжилтээр 103 хувь хүртэл ачаалж, хэрэглэгчдийн хэрэглээнд хязгаарлалт хийх хүртэл арга хэмжээ авдаг байсан бол хэвийн ачаалж эхэлнэ. Шинээр хэрэглэгчдийг нэмж холбох 10.1 мВА-ын нөөц үүсч байгаа тул 5900 гаруй айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбох боломж бий болж, өмнө нь холбогдсон 3014 айл өрх, 49 аж ахуйн нэгжийн цахилгаан хангамж найдвартай боллоо.
Мөн Баянхошуу, Дашчойнхор станцуудад өмнө нь гэмтэл гарсан тохиолдолд нөөц эх үүсвэр, шугамгүйгээс сэлгэн залгалт, шилжүүлэг хийх зэрэгт бүх хэрэглэгчдийнх нь хэрэглээ хязгаарлагддаг байсан бол хүчин чадлыг нэмж, техник шинэчилснээр энэ асуудал бүрэн шийдэгдэж байгаа юм гэж “УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-иас мэдээллээ.