Р.Чингис ЭЦГ-ын удирдлагуудыг цалингийн хувиар торгох шийдвэр гаргалаа

1444663242561bcfca0c723“Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг мэргэн үг байдагсан. Хууль хэрэгжүүлж, төр түмнийхээ энхийн манаад зогсож байдаг цагдаагийнханы талаар тун ч базаахгүй мэдээ өнгөрсөн өдрүүдэд сонсогдлоо.

Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид салхинд гарч амрахаар Налайх дүүргийн зургадугаар хороонд байрлах “Горхи-Тэрэлж” амралтын газарт очсон байдаг. Улмаар хоорондоо маргалдаж, тус хэлтсийн албан хаагч Х харамсалтайгаар хорвоог орхисон юм. Харин Х-гийн аминд хүрсэн гэх Ө-г саатуулан, УМБГ-ын Тусгай субьектийг шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мэдээж ноцтой зөрчил гаргасан албан хаагчдыг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтэст шалгасан. Уг шалгалтын дүнг өчигдөр ЦЕГ-ын даргын зөвлөл ээлжит бусаар хуралдаж хэлэлцсэн байна. Ээлжит бус зөвлөлийн хурлаар Эрүүгийн цагдаагийн газрын дарга Б.Буянтөрд 6 сарын турш цалингийн 20 хувь, тус газрын дэд даргад 3 сарын турш цалингийн 20 хувиар торгох шийтгэл ногдуулсан бол харин Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн даргыг ажлаас нь халах арга хэмжээ авах шийдвэрийг гаргажээ.

Сахилга алдсан цэргийн хариуцлагыг даргатай нь ярьдаг номтой. Гэтэл бие бүрэлдэхүүнийхээ зан төлөв, ёс суртахууныг нь төлөвшүүлж чадаагүй цагдаагийн дарга нарт ердөө л цалингийн шийтгэл ноогдуулсан нь чамлалтай ч юм шиг. Хайран сайхан хань, аав, ах дүүгээ алдсан ар гэрийнхэнд нь дэндүү харамсалтай. Нэгэнт болоод өнгөрсөн хэрэг явдлыг эргүүлэн сөхөж хэн нэгний мууг үзэх гээгүй ч цалингаараа торгууллаа, ажлаасаа халагдлаа гээд нас барсан хүн эргэн ирэхгүй нь харамсалтай. Тиймээс дахин ийм хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл гаргуулахгүйн тулд ЦЕГ-ын удирдлагууд анхааран ажиллах хэрэгтэйг энэхүү хэрэг явдал харууллаа.

Төрийн албанд, тэр дундаа төрийн төлөө тангараг өргөдөг цагдаагийн албанд тохирох хүнийг томилж чадаагүй нь цагдаагийн удирдлагуудын буруу. Тэр тусмаа ЦЕГ-ын дарга Р.Чингис та энэ асуудал дээр хариуцлага хүлээх ёстой. Албан хаагчдынхаа сахилга бат, аж амьдрал, нийгмийн байдалд нь хамгийн түрүүнд анхаарал хандуулж, арга хэмжээ авч явах ёстой хүн бол та. Таны удирдлага тэдгээр хүмүүсийн хэн байх, хэрхэн яаж биеэ авч явахыг зааж, чиглүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр монголын түүхэнд анх удаа цагдаа цагдаагаа хөнөөсөн жигшүүрт хэрэг гарлаа. Урд хожид цагдаагийн албан  хаагч эх орон, ард түмнийхээ амар тайван байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байхын тулд алтан амиа алдсан гэж сонссоноос амарч зугаалж явахдаа цагдаа цагдаагаа хөнөөсөн гэж нэг ч удаа дуулж байсангүй. Энэ бол юун нөгөө цагдаагийн албан хаагч хүн зодох, иргэдтэй зүй бусаар харьцах, архидан согтуурахаас ч илүүтэй эмгэнэлтэй явдал.

Таны үед л цагдаагийн албан хаагч эмэгтэй хүнд гар хүрч, олон нийтийн газар танхайран, нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэргүүд шилээ даран гарч байна. Иймд цагдаагийн байгууллагад үүсээд буй энэ эмгэнэлт хэрэг явдлууд дахин давтагдахгүй, төрийн цагдаа гэх нэр дахин сэвтэхгүй байгаасай. “Төрийн цагдаа” гэх эрхэм нэрийг шавартай нь хутгахгүй мандуулж яваасай гэж олон түмэн хүсч байна.

Б.Анир

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …