Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн урилгаар Бүгд Найрамдах Итали Улсын Шүүхийн дээд зөвлөлийн Дэд ерөнхийлөгч ноён Мичелли Виетти Монгол Улсад 2014 оны 06 дугаар сард албан ёсоор айлчлан ирж, хоёр улсын шүүх захиргааны дээд байгууллагуудын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ.
Тухайн санамж бичигт мэдээлэл, сайн туршлага харилцан солилцох, харилцан айлчлах, ажилтан солилцож туршлага судлуулах, Эрдэм шинжилгээ, судалгааны материал солилцох, Техникийн харилцан туслалцаа үзүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулах талаар дурдсан.
Хамтын ажиллагааны санамж бичигт заасны дагуу Монгол Улсаас анх удаагаа 10 шүүгч 2015 оны 10 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд сургалтад хамрагдахаар болсон бөгөөд тухайн өдрүүдэд БНИУ-ын Италийн Шүүхийн дээд зөвлөл (ИШДЗ), ИШДЗ-ийн 6 дугаар Хороо, Ром хотын анхан шатны шүүх, Ром хотын Давж заалдах шатны шүүх зэрэг байгууллагуудаар зочлохын зэрэгцээ Иргэний хэргийн шүүгч нарын үүрэг хариуцлага, Шүүхийн үйл ажиллагааны систем, шүүгчдийн шүүхэд өгсөн хэргийн шийдвэр, Анхан шатны шүүх болон Хоёр дахь шатны шүүхийн шийдвэрийн хоорондын ялгаа, Өмгөөлөгчдийн ерөнхий зөвлөлийн газрын өөрийн үйл ажиллагаа, бүрэн эрх, шийдвэр гаргалт зэрэг сэдвээр газар дээр нь танилцаж, сургалтад хамрагдах юм.
БНИУ-д сургалтад оролцох төлөөлөгчдийг ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч уулзан сургалтад оролцогчдод хандан энэ удаагийн сургалт нь Монгол Улсын Ерөнхийлөгч болон Төрийн өндөрлөгүүдийн БНИУ-ын Милан хотод хийж буй албан айлчлалтай давхцаж байгааг онцлоод сургалтад амжилт хүслээ.