ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн Монгол дахь айлчлалын үеэр МХБХ-ын хүсэлтийн дагуу Герман улсын Хөлбөмбөгийн Холбооноос санал болгосон дасгалжуулагч болох Hans Micheal Weiss хүрэлцэн ирлээ. Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар өнөөдөр Герман улсын багш дасгалжуулагчийг хүлээн авч уулзсан бөгөөд Монголын хөлбөмбөгийн хөгжил ямар шатанд явж байгааг тэд өнөөдөр өөрийн нүдээр үзлээ. Энэ үеэр Монголын 16 хүртэлх насны шигшээ баг болон Монголын үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлтэй танилцлаа.
УЕФА буюу Европын Хөлбөмбөгийн Холбооны мэргэжлийн лицензтэй Hans Micheal Weiss-ийн хувьд 1965 оны 3 дугаар сарын 11нд Герман улсын Данненфельс хотноо төрсөн. Түүний хувьд 2004 онд УЕФА-аас мэргэжлийн лиценцээ /зэрэглэл/ гардан авсан чадварлаг нэгэн бөгөөд Англи болон Япон, Франц, Испани хэлээр ярьдаг юм.
Дасгалжуулагчийн карьераас товчхон дурьдвал:
2001-2004 онд Япон улсын Kyoto Sanga F.C багийн туслах менежер
2004-2006 онд БНХАУ-ын 20 хүртэлх насны шигшээ багийн туслах менежер
2007-2010 Рванда улсын техник хариуцсан захирал, 20 хүртэлх насны шигшээ багийн дасгалжуулагч
2011 онд Филлипин улсын 23 хүртэлх насны шигшээ багийн дасгалжуулагч
2011-2014 онд Филлипин улсын насанд хүрэгчдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч
2014 онд Румын улсын 2-р лигийн Oțelul Galați багийг дасгалжуулж байсан билээ.
МХБХ-той хамтран ажиллаж шигшээ багийг дасгалжуулах ажил одоогоор хэлэлцэж байна.
Спорт гэдэг өөрөө улс үндэстэн хоорондын эв найрамдлыг бэлгэддэг. Хоёр орны хөлбөмбөгийн харилцаа сайжрах нь цаашлаад улс үндэстний эв нэгдэл хамтын ажиллагаанд чухал нөлөөг үзүүлэх юм.
Монголын Хөл бөмбөгийн холбоо