Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан. Улсын хэлэлцээрийг байгуулсан өдрөөс хойш есөн сарын хугацаа өнгөрөөд байна.
Хэлэлцээрийн дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хороо удаа дараа хуралдаж, Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 5 дугаар сарын 1-нээс, Төрийн тусгай албан хаагчдын цалин хөлсийг 7 дугаар сарын 1-нээс, төрийн бусад албан хаагчдын цалин хөлсийг 10 дугаар сарын 1-нээс тодорхой мөнгөн дүнгээр нэмэгдүүлэхээр тохиролцсон билээ.
“Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2015 оны 9 дүгээр сарын 14-нд жагсаал цуглаан зохион байгуулж Засгийн газарт Шаардлага, УИХ-д Мэдэгдэл хүргүүлсэн. Засгийн газраас “Цалин нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн хүндрэл, төсвийн алдагдлаас үүдэн шийдвэрлэх боломжгүй болоод байна. Иймд нэмэлт хэлэлцээр хийхийг санал болгож байна” гэсэн хариу ирүүлсэн. Гэвч нэмэлт хэлэлцээр өнөөдрийг хүртэл хийгдээгүй байна.
Мөн Монгол Улсын Засгийн газраас 2015 оны Улсын төсвийн тодотгол, 2016 оны Улсын төсвийн төсөлд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх ямар нэг эх үүсвэрийг тусгалгүйгээр УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байгаа тул МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаас Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтын хэрэгжилтийг шаардаж Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх шийдвэрийг гаргалаа.
Хамтын маргаан үүсгэх тухай шаардлагаа 10 дугаар сарын 14-нд Монгол Улсын Засгийн газар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарт тус тус хүргүүлсэн. ҮЭ-ийнхэн Хамтын маргааныг хуульд заасан үе шатаар зохион байгуулахаа мэдэгдээд байна.
Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед хамтын маргааныг даамжруулалгүйгээр асуудлыг зохицуулах нь зүйтэй хэмээн олон нийт үзэж байна.
Украйн, Сири зэрэг орны нийгмийн тогтворгүй байдал, хямрал дээрх шалтгаанаас үүдсэн гэдгийг санахад илүүдэхгүй. Талууд гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ ухамсарлаж, аль болох зөвшилцлийн журмаар шуурхай шийдвэрлэн ажил хаялт зэрэг тэмцлийн хүнд хэлбэрт хүргэхгүй байх нь чухал юм.
Mонголын Үйлдвэрчний Эвлэл