600 гаруй ахмадын төлөөлөл Төрийн ордонд чууллаа

DSCN8739Монгол Улсын нийт хүн амын 10 шахам хувийг эзэлдэг ахмадуудын төлөөлөл өнөөдөр Төрийн ордонд чуулж байна. ХАХНХЯ-наас зохион байгуулж буй “Ахмад настны хөгжил хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” Үндэсний хоёрдугаар зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргийн 700 гаруй төлөөлөгч оролцож байна.

Анхдугаар зөвлөгөөнийг 2013 онд Дархан хотноо зохион байгуулж байсан бол энэ удаад хоёрдугаар зөвлөгөөнийг Хөдөлмөрийн яам, ЭМСЯ, нийслэлийн ЗДТГ, Төрийн банктай хамтран зохион байгуулж буй нь энэ юм.

DSCN8731Үндэсний зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ: “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг баталснаар ахмад настан бүрт олгогдох суурь тэтгэвэр, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн жил, тэтгэврийн даатгалын шимтгэлтэй уялдаатай тогтоох тэтгэвэр, сайн дурын үндсэн дээр даатгуулж тогтоох нэмэлт тэтгэвэр гэсэн 3 давхар тогтолцоонд шилжүүлэхээр болсон. Мөн Хүн амын асуудлаархи үндэсний хороог байгуулж, энэ талаар төлөвлөгөө гарган, “Эрүүл насжилт-настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталлаа” гэсэн юм.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан зөвлөгөөний эхэнд хэлсэн үгэндээ: “Өнгөрсөн онд улсын хэмжээнд 999 зөвлөх багийн төсөлд 984,7 сая төгрөгийн санхүүжилт олгож, 3000 гаруй тэтгэврийн насны ахмад иргэдийг түр ажлын байраар хангасан байна. Цаашид зөвлөх үйлчилгээг нэмэгдүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ онцлоод зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүслээ.

DSCN8741Мөн үндэсний чуулганд оролцогчдод зориулж Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас мэндчилгээ, илгээлт ирүүлснийг уншиж танилцууллаа.

Яг өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас 345,8 мянган хүн тэтгэвэр авдаг байна. Эдгээрийн 50-аас илүү хувь нь 64 хүртэл, 17 хувь нь 65-69, 31 хувь нь 70-аас дээш насныхан байна. 60-аас дээш насны нийт ахмад настны 60-аас илүү хувь нь Улаанбаатар хотод амьдардаг судалгаа гарчээ. Тэгвэл нийслэлд амьдарч буй 109 гаруй мянган ахмадуудын хөгжил, хамгааллын бодлогын хэрэгжилтийн талаарх тайлан мэдээллийг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай танилцуулав.

Энэ удаагийн зөвлөгөөнөөс 2013 онд болсон анхдугаар зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж, санаачилгын хэрэгжилтэнд үнэлэлт, дүгнэлт өгч, ахмад настны талаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн уриалга гаргах юм.

Үндэсний зөвлөгөөний талаар салбарын сайд С.Эрдэнийн сэтгэгдлийг сонслоо.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Ахмадуудынхаа хамгаалал, эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр өнгөрсөн 3 жил ихээхэн чармайлт гаргаж ажилласан

-Гурван жилийн өмнө анхдугаар зөвлөгөөнөө Дархан-Уул аймагт хийж 600 гаруй төлөөлөгчдийг оролцуулж байсан. Тэндээс нэн тэргүүнд ахмад настны нийгмийн хамгаалал, эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилт дэвшүүлсэн. Энэ чиглэлээр өнгөрсөн гурван жил чамгүй ажлууд хийлээ. Өнөөдөр улс орны эдийн засаг, нийгмийн байдал хүнд байгаа ч гэсэн бид ахмадууд руугаа чиглэсэн ажлуудад анхаарч ирсэн.

DSCN8776Тухайлбал ахмад настны нийгмийн хамгааллын асуудал байна. Өнөөдөр ахмад настны эрүүл аюулгүй амьдрах, хөгжих, мөн эрхээ хамгаалуулах тэр боломжийг бүрдүүлэх, хоёрдугаарт ахмад настны нийгмийн хамгааллын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хэд, хэдэн хуулийн төслүүдийг гаргасан. Тэтгэврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлуулсан. Өнөөдөр нэг шатлалтай тогтолцоо маань ахмадуудын нийгмийн шаардлага хэрэгцээг хангаж чадахгүй байгааг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс одоогийн байгаа тэтгэврийн бодлого, тэтгэврийн хуулийг өөрчлөх, нэг шатлалтай тогтолцоог, олон шатлалтай тогтолцоо руу шилжүүлэх суурь тэтгэврийг бий болгох гээд олон алхмуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн  ахмад настны эрхийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Ахмад настны эрх хамгийн их зөрчигдөж байгаа. Тиймээс ахмад настны эрхийг хамгаалах тухай хууль зайлшгүй шаардлагатай байна. Насан туршийн боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх зэргийг хуульчилж өгөх ёстой.

DSCN8743Түүнчлэн ахмад настны эрүүл мэндийг нөхөн сэргээх чиглэлээр чиглэлд ихээхэн хөрөнгө гаргасан. Хуучин Батсүмбэрийн ахмадын асрамжийн газрыг Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв болгон өөрчилж, тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийлээ. Үүний үр дүнд хуучин ахмадын асрамжийн газар бүрэн шинэчлэгдэж ахмад маань аятай, тухтай амьдрах бололцоог бүрдүүлж өгч чадсан. Мөн дэргэд нь нөхөн сэргээх, эмчилгээ, сувилгааны төвийг бүсчилж байгуулахаар төлөвлөсөн. Үүний үр дүнд 350-450 ортой сувиллын төвийг 12 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цаашдаа ч  бүсчилсэн сувиллын төвийг таван газар байгуулахаар төлөвлөж байна. Дээр нь ахмад настны насан туршийн хуримтлалыг гэр бүлд нь үлдээх эрхзүйн зохицуулалтыг хийх зорилгоор Хамтын тэтгэврийн тухай хуулийг өргөн барьсан. Удахгүй энэ хууль маань хэлэлцэгдэх юм.

ХАХНХЯ-ын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан: Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

DSCN8753Энэ удаагийн үндэсний хоёрдугаар чуулганд 21 аймгийн есөн дүүргийн 700 гаруй ахмадууд хүрэлцэн ирж оролцож байна. Хууль эрхзүйн орчин, хөрөнгө оруулалт, нийгмийн халамж, хамгааллын хүрээнд багагүй ажлууд хийгдлээ.

Эрхзүйн орчны хүрээнд 2012 онд ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцогдох тухай хууль батлагдсан. Энэ хуулийн хүрээнд 60 гаруй мянган ахмад хамрагдсан. Мөн нийгмийн даатгалын багц хуулинд нэмэлт өөрчлөлт орсон. Тэтгэврийн талаар баримтлах бодлогыг батласан.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ахмад настнуудын үндэсний сүлжээ байгуулах, тэдэнд зөвлөгөө өгөх зорилт дэвшүүлэгдсэн. ХАХНХЯ, Хөдөлмөрийн яамтай хамтран энэ хөтөлбөрийг батлаад хэрэгжүүлж байна.

Хөдөлмөрийн бирж дээр сүлжээ бий болгосон. Өнөөдөр 240 гаруй мянган ахмад настан байгаагаас 30-40 хувь нь хөдөлмөр эрхлэх боломжтой байдаг. 12 гаруй мянган ахмад хөдөлмөр эрхлэж байгаа гэсэн судалгаа бий. Цаашид энэ асуудлыг улам боловсронгуй болгохын тулд тэтгэвэрт гарах нас нь болж байгаа хүнийг тухайн байгууллага нь Хөдөлмөрийн төв биржийн сүлжээнд бүртүүлбэл илүү олон ахмад тэтгэвэрт гараад ажлын байртай болох боломжтой гэж төлөвлөж байна даа.

DSCN8737

“Ахмад настны хөгжил хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” Үндэсний хоёрдугаар зөвлөгөөнд “Ахмадуудын нийтлэг эрх ашиг” сэдвээр МАЧХ-ны тэргүүн Г.Баасан илтгэл тавьлаа.

Ийнхүү эх орныхоо өнцөг булан бүрээс ирсэн ахмадуудын төлөөлөл бүтэн өдрийн турш өнөөгийн нөхцөл байдал, төр засгаас хэрэгжүүлсэн бодлогын үр дүн, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлж, төрийн болон ТББ, ХМБ-уудад хандсан уриалга гаргаж баталсан юм.

Тус уриалгад УИХ-д:

-Ахмад настны эрхийн тухай хуулийг боловсруулж батлах

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн талаар нэмэлт, өөрчлөлт оруулах

Засгийн газарт:

-Настанд чиглэсэн бодлогын салбар дундын уялдааг сайжруулах, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбараас бусад салбарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, идэвхижүүлэх хөшүүрэг бий болгох

-Настанд үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, хэвтрийн, хөгжлийн бэрхшээлтэй болон бусад эрүүл мэндийн хувьд байнгын асаргаа сувилгаа шаардлагатай настнуудад гэрээр үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг бий болгох

-Ахмад настныг тэтгэвэрт гарахад нь бэлтгэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

-Настанд сэтгэлзүйн хувьд дасан зохицох чиглэлээр сургалт, зөвлөгөө өгөх, настны асаргаа халамжийн мэргэжилтэн болон сайн дурын ажилтнуудыг бэлтгэх, тэднийг урамшуулах тогтолцоог бий болгох

Орон нутгийн өөрөө удирдах ёсны болон төрийн захиргааны байгууллагуудад:

-Ахмад настны мэргэжлийн холбоо, зөвлөл, клубуудыг хөрөнгө санхүүгээр дэмжих

-Сэтгэлзүйн болох хууль зүйн зөвлөгөө өгөх төвүүдийг бий болгох

-Эрүүл насжилтын талаар мэдлэг өгөх сургалт, сурталчилгааны ажлыг өрхийн эмнэлгүүдийг түшиглэж зохион байгуулах зэргийн олон талын санаачилга, уриалга гаргаж баталлаа.

DSCN8734 DSCN8735 DSCN8738 DSCN8740 DSCN8744 DSCN8776 DSCN8780 DSCN8771 DSCN8769 DSCN8772

Г.Эрдэм

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …