НИТХ дахь МАН-ын бүлэг намайг огцруулахыг шаардсантай зэрэгцэн санаанд багтамгүйгээр Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж, миний нэр хүндэд халдсан мэдээллийг тараах боллоо.
МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэл болон цахим сайтад өгсөн ярилцлагадаа “Э.Бат-Үүл дарга 410 тэрбум төгрөгөөр гараа угаалаа. Хүүгийнхээ компанийг 5.1 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт ялууллаа” гэх мэтээр асар их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэмээн намайг гүжирдэж байна.
Тиймээс хууль хяналтын байгууллагад хүсэлт гаргаж, шалгуулах болно. Мөн хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл, цахим ертөнцөөр тарааж буй гүжир гүтгэлгүүд нь манай гэр бүлийнхэнд сэтгэл санааны болоод эдийн бус хохирол учруулсан гэж үзэж байгаа тул хохирлын хэмжээг тогтоолгох асуудлаар шүүхэд хандахаа мэдэгдье.
Энэ дашрамд хэлэхэд бусадтай адил захиалгаар, хөлс мөнгөөр жиргэдэг твиттерчид, фэйсбүүкчид, комментчид, вэб сайт ажиллуулагсдын баг надад байхгүй. Тийм учраас хэвлэл мэдээллийнхэн болон цахим ертөнцийн твиттерч, фэйсбүүкч, комментчидэд хандаж олон нийтэд тэнцвэртэй мэдээлэл өгөхийг уриалж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Э.БАТ-ҮҮЛ
Э.БАТ-ҮҮЛ