Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд аймгуудынхаа эрүүл мэндийн газрын дарга нарын дунд харилцан туршлага солилцох, ур чадварыг нь нэмэгдүүлэх, ололт амжилтаа хуваалцах уулзалтыг өнөөдөр Эрүүл мэнд, спортын яам зохион байгуулж байна. Энэхүү уулзалтад Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, газрын дарга нарын хамт оролцож, эрүүл мэндийн салбарын бодлого, болоод цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр хэлэхдээ “УИХ-ын намрын чуулганаар энэ өдрүүдэд төсвийн асуудал хэлэлцэгдэж байна. Салбарынхаа хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын ажлынхаа төлөвлөгөөний төслийг Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын хөгжлийн бодлого чиглэлийг хэрэгжүүлэхэд та бүгдээсээ ирүүлсэн саналыг үндэслэн 2016 оны төсвийн төслөө боловсруулснаа батлуулахаар ажиллаж байна. Төсөвт хамгийн ихээр хүндрэлтэй байгаа асуудал бол эмнэлгийн их засвар. Өчигдрийн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан дээр хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулахаар төвлөрүүлсэн 6.7 тэрбум төгрөгийг аймгуудын хүүхдийн эмнэлгийн засвар, тоногт төхөөрөмжид шаардлагатай хөрөнгө оруулалтад зарцуулах нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд гаргасан байгаа. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль зэрэг хэд хэдэн реформын шинжтэй хуулийн төслүүдийг өргөн бариад ажиллаж байна. Эдгээр хуулиуд батлагдан гарснаар эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээ төлөвшиж эмийн хангамж хүртээмж сайжирхад чухал үүрэг гүйцэтгэх болно.
Мөн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар орж ирэх 50 сая ам.долларыг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж нийлүүлэхэд зарцуулахаар тусгасан ч албан ёсны хариу одоогоор ирээгүй байна. Бид хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэх өргөн боломж гэж харж байна” гэсэн юм.
Монгол Улсыг хепатитийн С вируст халдварын тархалтыг эрс бууруулсан Азийн анхын улс болох зорилтыг бид өмнөө тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Эрүүл мэнд, спортын сайдын энэ оны 196 дугаар тушаалаар С вирустэй хүмүүсийг нэн тэргүүнд оношилж эмчилэхээр болж уг өвчнийг 98 хувь анагаах үйлчилгээтэй Харвони эмийг ирэх сарын дундуур оруулж ирэхээр болж 11 дүгээр сард 1600 хүн, 2016 оны 2 дугаар сард 2000 хүн тус тус нийлүүлэхээр боллоо. Эм оруулж ирэхээс урьтаад улсын хэмжээнд хүн амыг элэгний В, С вирустэй эсэхийг оношилж бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж дуусаад байна гэдгийг уулзалтын үеэр хэлж байв.
Сайд мэдээллийнхээ төгсгөлд улирлын чанартай томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үе эхэлж байгаатай холбогдуулан тодорхой төлөвлөгөө гарган шуурхай ажиллахыг орон нутгийн удирдлагуудад анхааруулж энэхүү туршлага солилцох сургалтаар хувь хүнийхээ хөгжил манлайлалаа дээшлүүлж, харилцан биенээсээ туршлага солилцож, бусдадаа эерэгээр нөлөөлөх чадвараа шинээр нээж үр бүтээлтэй эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллахыг хүслээ.