Ямарваа нэг зүйлийг нүдээр үзэх, сонсох хоёрын хооронд асар том ялгаа байдаг. Манай улсын мөнхийн хөрш, интернэт худалдаанаас олох орлогын өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж буй Хятад улсад очиж интернэт худалдааны талаар олж мэдсэн зүйлээ та бүхэнд хуваалцаж байна.
Хятад улс эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд интернэт орон зайг ашиглан Платформ эдийн засгийн дэд бүтэц, ойлголтыг ажил хэрэг болгож дэлхийн жишигт хүрч чадсан байна. Ер нь товчхондоо платформ эдийн засаг гэдэг нь дэлхийн дахиныг аалзны тор мэт бүрхсэн интернэтийн орон зайд эдийн засгийн харилцаа явагдах дэд бүтэц бий болгож, үр ашигтайгаар нэвтрүүлэхийг хэлээд байгаа юм.
Та бидний ашигладаг Facebook бол платформ эдийн засгийн харилцаа ба сурталчилгааны платформ ангилалд ордог. Онолын талаасаа платформ эдийн засгийн оролцогчдыг дараах 5 ангиллаар хувааж болох юм.
● Харилцаа сурталчилгааны платформ
● Интернэт худалдааны платформ
● Цахим төлбөр тооцооны платформ
● Мобайл платформ
● Хайлтын платформ
Сошиал платформуудын үнэлгээ /тэрбум доллараар/
Хятад маш бодлоготойгоор хөгжиж байгаагийн тод жишээ нь платформууд ашиглах хүний нөөцөө сургаж бэлдэж байгаа байдал. Жишээ нь 1951 онд байгуулагдсан Хятадын худалдааны ууган сургууль болох Бээжингийн Олон Улсын Эдийн Засаг, Бизнесийн сурууль Хятад улс даяар цахим худалдаа, ложистикийн чиглэлээр улсдаа тэргүүлж, олон мянган оюутан төгсөж байна.
Бид хил хязгааргүй зах зээлд хэрхэн хүрэх вэ?’ Монгол улсад интернэт худалдааг хөгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл байна вэ? Яаж шийдэх вэ? зэрэг асуултад хариулт олох хэрэгтэй.
Дараах хүндрэл, шийдэх асуудлууд байна. Үүнд:
● Дотоодын үйлдвэрлэгчид цөөн, тэд интернэт худалдааг мэдэхгүй байна.
● Гараас гарт хүрэх тээвэр ложистик, мөн тээвэрлэлт дагасан даатгалын үйлчилгээ бүрэн утгаараа хөгжөөгүй байна.
● Интернэт худалдааны чиглэлээр хүний нөөц хараахан бэлтгэгдээгүй байна.
● Мэдээллийн технологи, програм хангамжийн компаниудын бүтээгдэхүүн хоорондоо уялдаа холбоогүй байна.
● Төрийн бодлого, чиглэл, дэмжлэг маш бага байна.
● Хэрэглэгчдийн зуршлыг өөрчлөх аянууд, сургалтууд дутмаг байна.
● Хууль эрх зүй, татварын таатай орчин бүрдүүлэх шаардлагатай байна
● Интернэт бизнест хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах хэрэгтэй байна гэх мэтчилэн бидэнд интернэт худалдаа хөгжүүлэхэд тулгарч буй асуудлууд одоогоор байна.
Бидний хувьд мэдлэг хомс байна. Интернэт худалдаа хөгжүүлнэ гэдэг бол зөвхөн вэбсайт хөгжүүлэх асуудал биш юм. Үүний цаана маш олон хүчин зүйл нөлөөлж эко систем бүрэлдэн ажилладаг. Мэдээллийн технологи дээр суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчин их чухал гэж боддог байлаа. Гэтэл бас үгүй юм. Хятадад эсрэгээрээ бизнес эрхлэгчдэд төр садаа болохгүйгээр барахгүй, тэдэнд татаас дэмжлэг үзүүлж зоригтойгоор оруулдаг бөгөөд цаашлаад шаардлагатай журам, хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгдөг байна. Өөрөөр хэлбэл, барууны загварын дуурайлгүй эхлээд үйл ажиллагааг нь боломжийн хирээр дэмжээд гарч буй асуудал дээр нь тулгуурлан хууль, дүрэм журмаа гаргадаг байна.
Хятад улс олон сая хүний интернэтэд идэвхитэй байх зуршлыг өөрчлөхийн тулд худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийг интернэт худалдаа хийхэд сургаж байна. Үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч суралцсаныхаа төлөө 2000 юань авдаг. Энэ нь улс хүнээ хөгжүүлж платформ эдийн засгийн үр шимийг бодит утгаар нь мэдрүүлж байна. Яагаад интернэт худалдаа хөгжих ёстой вэ? гэвэл Хятадын Жень Ян тосгонд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өмнө нь дамын наймаачид Бээжинд 1 барааг 30 аар авч 300 юан болгож зардаг байв. Гэтэл үйлдвэр эрхлэгч нь Бээжингийн хэрэглэгч нарт өөрсдийн бараа үйлчилгээг үйлдвэрийн үнээр их хэмжээтэй борлуулж чаддаг болсон.
Ер нь хурдан удаан байх нь нэг их чухал биш, Хамгийн гол нь тогтвортой өсөж, дараагийн шатанд гарах нь чухал юм. Бид бизнес хийх арга барилаа өөрчилж ирээдүйд тулгарч болох эдийн засгийн хүндрэлийг үр ашигтай давах үүднээс эдийн засгийн бүтцээ интернэт худалдаа руу чиглүүлэх ёстой юм. Гэхдээ аль нэг улсыг дууриах биш өөрсдийн гэсэн загварын гаргах нь илүү үр дүнтэй юм.
Аливаа шинэ зүйл рүү ороход бодлогогүйгээр харанхуй орж болохгүй. Юуны өмнө судалгаа шинжилгээ, хүмүүсийн үзэл бодол, хандлагыг далайцтай судлах ёстой. Тийм ч үүднээс Монголдоо анх удаа “Интернэт Худалдааны Анхдугаар Конференци – Улаанбаатар 2015”-ыг 10 сарын 23-нд зохион байгуулж Интернэт худалдааны бүх оролцогч талууд нэг дор чуулах гэж байна гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.