Сүрьеэгийн асуудлаар үндэсний түвшинд зөвлөлдлөө

surieАймаг, нийслэлийн сүрьеэгийн эмч мэргэжилтнүүд, нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэгчид хамтран Улаанбаатар хотноо зөвлөлдлөө. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний стратеги 2010-2015”-ын үр дүнг хэлэлцэж, цаашдын бодлогод санал авах зорилготой энэ зөвлөгөөнийг ЭМСЯ, ХӨСҮТ, олон улсын “Глобаль сан” хамтран зохион байгуулж, бүх аймаг, дүүргийн сүрьеэгийн зохицуулагч эмч нар болон ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нар оролцсон юм.
Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтдоо “2015 он гэхэд сүрьеэгийн тархалтыг 100.000 хүн амд 150, нас баралтыг 1.5 болгож бууруулах”-аар тусгасан билээ. “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний стратеги”-ийн үйл ажиллагааны үр дүнд дээрх зорилтыг биелүүлсэн ч Монгол Улс энэ өвчний тархалт өндөртэй орны нэг хэвээр байна. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй 7 орны нэгт Монгол Улс багтдаг бол дотоодын судалгаагаар сүрьеэгийн тархалт нийт халдварт өвчний 3-рт орж, халдвар өвчнөөр нас баралтын шалтгааны 1-рт орж байна.

surie 2

Сүрьеэтэй өвчтөний 50 хувь нь ажилгүй, 70 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд байна. Хүн амын төвлөрөл ихтэй бүсүүдэд хөдөлмөрийн насныхан болон оюутнуудын дунд сүрьеэгийн тархалт харьцангуй өндөр байна.
Нийгмийн халдварт өвчин гэгддэг сүрьеэтэй илүү үр дүнтэй тэмцэхийн тулд зөвхөн эрүүл мэндийн салбарынхан биш нийгмийн олон хүрээний хамтын ажиллагаа чухал байгааг зөвлөгөөнд оролцогсод онцоллоо. Урт хугацаанд эмчилгээний хатуу дэг баримталдаг сүрьеэг эмнэлэг эмчлээд гаргадаг ч өвчтөн хоол хүнсээр дутагдах, даарах ядрах зэргээр дархлаагаа сулруулахад эмчилгээний үр дүн муудаж, өвчин нь архагшдаг. Сүүлийн жилүүдэд ийм тохиолдол ч багагүй өссөн дүнтэй байна. Сүрьеэгийн эсрэг эмүүдэд нян нь устдаггүй болж архагшсан тохиолдолд эмчлэхэд маш бэрх болж, эмчилгээний зардал нь ч хэд дахин өсдөг. Иймээс эмзэг бүлгийнхэнд хоолны талон, эм амин дэм, гэр гэх мэт нийгмийн халамж дэмжлэг олгохдоо сүрьеэтэй өвчтөнүүдийг хамруулах, гэрээр эмчилгээний үед нь хяналт тавихад дэмжлэг үзүүлэх гэх зэргээр эмч, халамжийн ажилтан хамтран ажиллах шаардлагатай.

surie 3

Сүрьеэг аль болох эрт оношилж, архагшуулалгүй эмчилж чадвал халдварыг хязгаарлаж чадахаас гадна төсөв зардлыг ч багагүй хэмнэхийг ЭМСЯ-наас онцоллоо. 2013-2014 онд сүрьеэтэй өвчтөнүүдийн хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмжид 2 тэрбум төгрөг зарцуулсан нь улсаас сүрьеэгийн тусламж үйлчилгээнд гаргасан нийт зардлын 55%-ийг эзэлжээ. Гэхдээ сүрьеэтэй тэмцэхэд зарцуулж буй нийт хөрөнгийн 60%-ийг төрөөс гаргаж, түүнийхээ ихэнхийг эмч ажилчдын цалин, эмнэлгийн урсгал зардал, вакцин болон дээр дурьдсанчлан тэтгэмжид зарцуулж байна. Сүрьеэтэй тэмцэхэд жилд 15 тэрбум төгрөг зарцуулж байгаагийн 1/3-ийг НҮБ-ын санаачилгаар ДОХ, сүрьеэ, хумхаатай тэмцэх зорилгоор байгуулагдсан олон улсын “Глобаль сан”-гийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байна. Тус сангийн санхүүгийн дэмжлэгийн үр дүнд 2006 он хүртэл сүрьеэг бүрэн эдгээж чаддаггүй байсан Монгол Улс оношилгооны орчин үеийн лабориторийн сүлжээтэй, эмчилгээний үндэсний хэмжээний тогтолцоотой болж чадсаны зэрэгцээ зарим өндөр үнэтэй эмийг үнэ төлбөргүй олгож байгаа юм. Гэвч 2017 оноос эхлэн энэ санхүүжилт зогсох тул Засгийн газрын нуруун дээр ирэх ачааллыг тэнцвэржүүлэх шилжилтийн үеийн төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх шаардлагатайг салбарынхан хөндлөө.

surie 1

Түүнчлэн, дараагийн шатны бодлого буюу “Сүрьеэ өвчинтэй тэмцэх 2016-2020 оны үндэсний стратеги”-ийг Засгийн газраар яаралтай батлуулах шаардлагатай. Салбарын мэргэжилтнүүд дээрх бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж дууссан ба энэ зөвлөгөөний үеэр улсын хэмжээнд ажиллаж буй эмч мэргэжилтнүүд болон аймаг, нийслэлийн Хөгжлийн бодлогын хэлтсийнхнээс санал авлаа.
Төв, орон нутагт газар дээр нь ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийн зүгээс сүрьеэгийн мэргэжлийн эмч бэлтгэхэд төр бодлогоор дэмжлэг үзүүлэх шаардлагатайг санал нэгтэйгээр хэллээ. Одоогийн байдлаар ердөө 3 аймагт л сүрьеэгийн эмч, сувилагч стандартаар баталсан бүтэц, орон тоогоор ажиллаж байгаа ба улсын хэмжээнд энэ чиглэлийн эмч мэргэжилтэн дутагдалтай байна. Мөн ажлын байрны хамгаалалт сулаас шалтгаалан эмч сувилагч нар өөрсдөө сүрьеэгийн халдвар авах нь элбэг байна. Шат дараалан олон жил сурч байж төгсдөг, ажлын байранд гараад хүнд нөхцөлд ажилладаг хэрнээ цалин урамшууллын дэмжлэггүй учраас энэ мэргэжлээр сурах сонирхол эрс багассан гэж ХӨСҮТ-ийнхөн онцоллоо.
Энэ мэт олон асуудлыг хөндсөн үндэсний зөвлөгөөн 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд үргэлжиллээ. Зөвлөгөөнд оролцогчдын зүгээс “Сүрьеэ өвчинтэй тэмцэх 2016-2020 оны үндэсний стратеги”-ийн төсөлд өгсөн саналуудыг тусгах, хөндсөн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр ажиллана гэдгээ зохион байгуулагчид илэрхийллээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …